Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/62

 

 

 

 

 

    2023            01            13                                       2023/ДШМ/62  

 

Л.Н-, Д.С-, Г.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Л.Н-, Д.С-, Г.Б- нарын өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/1779 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Онолтын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 88 дугаартай эсэргүүцлээр Л.Н-, Д.С-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 2002003380116 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Н-,

 

2. С-,

 

3. Б-, /;

 

Л.Н- нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын байранд үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаар тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын удирдамж болон албан томилолтын төсвийг баталж, улмаар ажлын хэсгийн гишүүд болох аудитор, нягтлан бодогч Д.С-гийн ****** тоот дансанд 738.000, хуулийн ажилтан Б.Болортогтохын ****** тоот дансанд 538.000, аудитор Г.Б-н ****** тоот дансанд 538.000, өөрийн ****** тоот дансанд 1.185.440 төгрөгийг тус тус төсвийн хөрөнгөөс шилжүүлсэн боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр Д.С-, Г.Б- нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөд 2.999.440 төгрөгийн хохирол учруулсан,

Д.С- нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн нягтлан бодогч, аудитораар ажиллаж байх хугацаандаа буюу ажлын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаар тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэгт орж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилолтын зардал 738.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ****** тоот дансанд шилжүүлэн авсан боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, ажлын албаны дарга Л.Н-, аудитор Г.Б- нартай бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөд 2.999.440 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Б- нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны аудитораар ажиллаж байх хугацаандаа буюу ажлын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэгт орж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилолтын зардал болох 538.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5037642206 тоот дансанд шилжүүлэн авсан боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, ажлын албаны дарга Л.Н-, аудитор, нягтлан бодогч Д.С- нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөд 2.999.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Л.Н-, Д.С-, Г.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/819 дугаар шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Н-, Д.С-, Г.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Онолт бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...урьд тус хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд “....Л.Н-, Д.С-, Г.Б- нартай адилхан томилолтоор яваагүй мөртлөө томилолтын зардал болох 538,000 төгрөгийг өөртөө авсан  Б.Болортогтохыг энэ хэрэгт холбогдуулж шалгаагүй, мөн Л.Н-, Д.С-, Г.Б- нар нь албан томилолтоор дараа нь нөхөж явсан гэж байх тул хэзээ, хаанаас томилолтын зардал гаргаж, хэд хоног явсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна...” гэж хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Прокурор шүүгчийг захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эсэргүүцэл бичсэн бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж дүгнэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 819 дугаар захирамжид заасан ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай үндэслэлээр хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ", мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн анхан шатны шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт давж заалдах шатны шүүхийн магадлалыг огт дурдаагүй нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл боллоо. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1779 дугаар захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Н-, Д.С-, Г.Б- нарын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь, Б.Болортогтохыг дахин шалгах ёстой бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Б.Болортогтох ажлаасаа гарсныхаа дараа Авлигатай тэмцэх газар өргөдөл гаргаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Л.Н-, Д.С-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Л.Н-, Д.С-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн магадлалын заалтыг биелүүлээгүй байна.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хангалттай цугларсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Л.Н-, Д.С-, Г.Б- нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Гэвч, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хуулийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх Л.Н-, Д.С-, Г.Б- нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг буюу “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй.” гэж заасныг удирдлага болгож хууль хэрэглээний  алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/1779 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хэрэг прокурорт очтол Л.Н-, Д.С-, Г.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН