Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 17

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  Г.Уламбаяр  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны  5  дугаар сарын 18-ний  өдрийн 131/ШШ2020/00623  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч П.Б  нэхэмжлэлтэй 

Хариуцагч  Баянхонгор аймгийн Баянхонгор Тээвэрчин  ХХК-д  холбогдох

Баянхонгор Тээвэрчин  ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажилуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Тээвэрчин  ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг  хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч П.Б ийн давж  заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 6 дүгээр сарын 22-ний  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,  нарийн бичгийн дарга  Р.Цогдэлгэр  нар оролцов. 

Нэхэмжлэгч П.Б ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие П.Б  нь  2011-2018 онд өөрийн Пургон маркийн автомашинаар хүн тээвэр хийсэн бөгөөд улмаар Пургон машинаар хүн тээвэр хийж болохгүй гэсэн учир том оврын машинаар зорчигч тээвэр хийх ёстой гэсэн шаардлагын дагуу 2019 онд том оврын автобус авсан байгаа. Би тус компанийг анх хоршоо байхад нь хоршооны гишүүнээр 2010 онд орж одоо тус хоршоог компани болоход нь мөн компаний хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн билээ. Миний бие 2014 оны шилдэг жолоочоор хүртэл шалгарч байсан.

Би тус хоршоо болон компаний гишүүн, хувьцаа эзэмшигчээр ажиллаж байгаагын гол шалтгаан нь өөрийн ганц хийж чадах "зорчигч тээврийн" үйл ажиллагааг эрхлэх, цаашид энэ чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг компанидаа болон өөртөө оруулах үндсэн зорилготой. Жижиг оврын тээврийн хэрэгсэл зорчигч тээвэрт явуулахаа больсноос хойш би ямар ч ажилгүй болж, ямар нэгэн орлогогүй болж байна. Энэ талаар компаний удирдлага болон захиргаанд хамгийн анх 2017 онд өргөдөл өгсөн, 2018 онд мөн өргөдөл өгсөн. Өгч байхдаа том автобусаар зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн боловч бичгээр ямар нэгэн хариу ирсэнгүй. Энэ талаар хэрхэн яаж шийдвэрлэж байгаа талаар асуухад тодорхой хариу хэлдэггүй.

Би өөрийгөө компаний тендерийн эрхэд орсон, тухайн тендер дээр явах боломжтой гэж ойлгож байгаа, анх хоршоо, болон компани болоход ч би зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэнэ гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулна гэсэн итгэл үнэмшилтэйгээр орсон.  Компаний дүрэм ёсоор компаний гишүүд тэгш эрхтэйгээр ажиллах ёстой байдаг. Иймд П.Б  намайг "Баянхонгор тээвэрчин" ХХКомпаний зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт оруулж ажиллуулахыг даалгаж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгч П.Б  2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

Миний бие нь Баянхонгор тээвэрчин ХХК-нд холбогдуулан Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт оруулж ажиллуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн дарга нар нь миний компанид ажиллах, цагийн хуваарьт оруулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь тухайн компанид учруулж байгаа хохирол, нөгөө талаар миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа зөрчил гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3-д заасныг зөрчиж үндэслэл бүхий шийдвэр гаргахгүй байна. Манай компани одоогийн байдлаар тус компанийг анх үүсгэн байгуулсан 26 жолооч байснаас зарим нь хасагдаж зорчигч тээврийн үйл ажиллагаанд 20 жолоочийг явуулсан байтал хувьцаа шимтгэлийг төлж үйл ажиллагаанд нь тухай бүр оролцож байгаа намайг зорчигч тээврийн үйл ажиллагаанд оруулахгүй, ажиллуулахгүй байгаа нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар зөвтгөж байна. Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулуулах гэжээ. 

Нэхэмжлэгч П.Б  анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би компаниас мөнгө нэхэмжилсэн зүйлгүй. Автобусныхаа цагийн хуваарьт оруулах хүсэлт л гаргасан. Авто тээврийн үндэсний төв автобусны цагийн хуваарийг мэддэг гэж ярьж байна. Өнөөдөр нэг хүн жолоочоор авна гэвэл компани өөрсдөө шийддэг. Энэ компани дээр бүртгэлтэй байгаа нөхцөлд Төлөөлөн удирдах зөвлөлийн 6 гишүүн шийдээд цагийн хуваарьт оруулчихдаг. Үүнийг Авто тээврийн үндэсний төв ч мэддэг юм биш байгаа. Тийм учраас одоогийн байдлаар нэг жолоочийг хавчаад оруулахгүй байгаа болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Баянхонгор Тээвэрчин  ХХК-ийн төлөөлөгч О.Бат-Ирээдүй шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч П.Б  нь Баянхонгор тээвэрчин хоршоонд 2011 оны 10 дугаар сард хүсэлт гаргаж, тус хоршоо нь жижиг оврын автобусаар зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр тээвэрлэлтийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тус хоршоо нь 2018 онд өөрчлөгдөн байгуулагдаж Баянхонгор тээвэрчин ХХК болсон бөгөөд хоршооны жолооч нарыг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Компанийн хувьцаа эзэмшигч, бусад этгээдүүд компанийн үндсэн болон дотоод үйл ажиллагаанд гагцхүү хуульд заасан эрх, үүргийн дагуу оролцох эрхтэй байдаг. Иймээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт оруулж ажиллуулахыг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ. 

Хариуцагч Баянхонгор Тээвэрчин  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонгоос

 анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 П.Б  нь 2011 онд Баянхонгор тээвэрчин хоршоонд хүсэлт гаргаад жижиг оврын автобусаар гэрээ байгуулан ажиллаж байсан. Тус хоршоо нь 2018 оны 03 дугаар сард өөрчлөн байгуулагдаж Баянхонгор тээвэрчин  ХХК болсон байгаа. Ер нь хоршоонд Н.Баярнэмэх мөнгө оруулсан. 2.000.000 төгрөг өгсөн, тэр нь яасан талаар маргаан байхгүй. Яг тухайн хоршоо өөрчлөн байгуулагдахад тухайлсан ямар нэгэн хөрөнгө бий болоогүй. Элсэлтийн хураамжийг хоршооны гишүүдийн нэгэн адил төлж байсан. Баярнэмэх нь манай компаний хувьцаа эзэмшигч мөн үү гэвэл мөн байгаа. Баярнэмэхийн 2011 онд өгсөн өргөдөлд өөрийнх нь хүсэлтийг үндэслээд жижиг оврын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр гэрээ хийгээд 2017 онд дуусгавар болсон байдаг.  Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Нэхэмжлэгч П.Б ийн Баянхонгор тээвэрчин ХХК-нд холбогдуулан гаргасан Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг даалгахыг тус тус хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

Гомдлын үндэслэл: П.Б  миний бие нь "Баянхонгор тээвэрчин" ХХК-ны хувьцаа зээмшигч бөгөөд тухайн компаний гишүүдийн адил тэгш эрх эдэлж үүрэг хүлээн оролцох ёстой гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлд 9.3-д хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Энэ агуулгаараа би компаний өмнөөс хариуцлага хүлээдэг тул мөн өөрийн ажиллах нөхцөл бололцоог хангуулах, тэгш эрхтэй компаний үйл ажиллагаанд оролцох боломжтой гэж үздэг.

Миний тус компанид хувьцаа эзэмшиж байгаа гол зорилго нь компаний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, тээврийн үйлчилгээ эрхэлж, улмаар орлогоор цалинжиж ахуй амьдралаа авч явахад чиглэгддэг.

Гэтэл тус компаний гүйцэтгэх захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нар нь миний компанид ажиллах, цагийн хуваарьт оруулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулж, компанид хохирол учруулж, нөгөө талаар миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа зөрчил гэж үзэж байна.

Манай компани одоогийн байдлаар тус компанийг анх үүсгэн байгуулсан 26 жолооч байснаас зарим нь хасагдаж зорчигч тээврийн үйл ажиллагаанд 20 жолоочийг явуулсан байтал хувьцаа шимтгэлийг төлж үйл ажиллагаанд нь тухай бүр оролцож байгаа намайг зорчигч тээврийн үйл ажиллагаанд оруулахгүй, ажилуулахгүй байсан тул шүүхэд хандаж,

Б.Баярнэмэх намайг "Баянхонгор тээвэрчин" ХХкомпаний зорчигч тээврийн жолоочоор ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг сайгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ны зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Харамсалтай нь анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг би эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо "П.Б ийн иргэний эрхэд Баянхонгор тээвэрчин ХХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж хөдөлмөрийн болон иргэний эрхийн зөрчил үүсээгүй байна, том оврын автобусаар тээвэр хийх эсэх дээр ямар нэгэн амаар болон бичгээр хийсэн хэлцэл байхгүй, гэм хор учруулсан, Захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон, компаний дүрмээр олгогдсон эрх ашиг сонирхолыг хохироосон үйлдэл тогтоогдохгүй байна, компаны үйл ажилллагаанд хөндлөнгөөс шүүх оролцох боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй солгосон.

Үүнийг би хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллагын анхны үүсгэн байгуулсан үндсэн зорилго бол том болон бага оврын тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа явуулах, улмаар нийт олсон орлогоосоо багахан хувийг компанид болон татварт тушаагаад өөрөө цэвэр ашигаа авдаг зарчмаар үйл ажиллагаа явуулдаг.

Баянхонгор тээвэрчин ХХК-ийн хувьд нийт 28 иргэн нэгдэж энэ зорилгоор нэгдсэн боловч граш барихад зарим нь хувь нэмэр оруулаагүй, зарим нь компаниас гарах хүсэлтээ өгч гарсаар би л бараг ганцаараа үлдээд байгаа.

Компаний үндсэн үйл ажиллагаа нь хувьцаа эзэмшигчидийг эрхийг хохироохгүй, тэгш эрхийн зарчмын дагуу адил хөдөлмөрлүүлэх, адил ашиг олох үйл ажиллагаан дээр суурилах ёстой боловч нэгийгээ хөсөр хаяж үйл ажиллагаанд оролцуулах ямар ч боломжгүй болгоод байгаад гомдолтой байна.

Үүнээс болж би энэ компаний хувьцаа эзэмшигч байх ямар ч ач холбогдолгүй болж, анх орсноос буюу 2011 оноос хойш өдийг хүртэл хоршоог компани, компаныг хоршоо болох бүх үйл явцад нь чин сэтгэлээсээ оролцож байсан, минь талаар болж, компаны хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх минь зөрчигдсөн байхад анхан шатны шүүхээс энэ байдлыг шалган тогтоолгүй, энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр миний эрхийг зөрчигдөөгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

Нэг том оврын автобус 45 хүнтэй явж ирэхдээ бүх татвар хураамжаа хасаад 1600 000 орчим төгрөгний цэвэр ашиг олох тооцоотой бөгөөд нэг жолооч сардаа 4-5 удаа явдаг. Энэ рейсэн дотроо ганц намайг багтаагаад оруулчих боломж бүрэн байгаа боловч энэ зүйлийг хийхгүй байгаа шалтгаан нь өөрсдийнхөө орлогыг багадхаас айж байгаа болохоос биш компаны төлөө, хувьцаа эзэмшигчийнхээ төлөө гэсэн ганц ч алхам хийхгүй байгаа юм.

Компани хувьцаа тараах, хувьцааны ашиг тараах ямар ч боломж байхгүй. Учир нь компаны хувьд жолооч нарын явсан ашигаас зөвхөн багахан хэмжээний татвар л авдаг.

Энэ компанид орж хувьцаа эзэмшиж байгаа иргэний хувьд зорчигч тээвэрлэж түүнээс олж байгаа ашиг нь л ногдол ашиг болж жолооч нартаа хүрдэг. Энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч П.Б  нь Баянхонгор аймгийн  Тээвэрчин  ХХК-д  холбогдуулан Баянхонгор Тээвэрчин  ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажилуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Тээвэрчин  ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгч П.Б  нь  2010 онд Баянхонгор Тээвэрчин нэртэй хоршоо анх байгууллагдсан байхад тус хоршооны гишүүнээр орж  зорчигч тээврийн үйл ажиллагааг Пургон маркийн автомашинаар гүйцэтгэж, тус хоршооны бүхий л үйл ажиллагаанд оролцож  байсан болох нь  нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан /хх-ийн 91 дүгээр тал/ 2015 оны 4 дүгээр сарын 25-ны байдлаар Баянхонгор аймгийн “Баянхонгор Тээвэрчин” хоршооны гишүүдийн танилцуулага гэсэн жагсаалтанд 23 дугаарт П.Б  гэж  бүртгэгдсэн хоршооны гишүүдийн танилцуулага болон бусад  нотлох баримтаар тогтоогдсон байна.

     Баянхонгор аймгийн “Баянхонгор Тээвэрчин” хоршооны бүх гишүүдийн хурлын  тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус хоршооны  хариуцлагын хэлбэрийг өөрчлөн зохион байгуулж төлөөлөн удирдах зөвлөлтэй олон гишүүнтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилсөн болох нь  /хх-ийн 54-63 дугаар тал/  бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, хоршооны бүх гишүүдийн хурлын  тэргүүлэгчдийн тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

     Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгсөн нотлох баримтад “Баянхонгор Тээвэрчин” хязгаарлагдмал хариуцлагатай компаний дүрэмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлэн, улсын бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж  эхлэсэн болох нь  нотлогдож байгаа бөгөөд /хх-ийн 47, 73 дугаар тал/  хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа дээр  Хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл гэсэн жагсаалтанд  П.Б  тухайн компанийн хувьцаа эзэмшигч гишүүнээр бүртгэгдсэн бөгөөд  “Баянхонгор Тээвэрчин” ХХК-ийн гишүүн болох нь  нотлогдож байна.

    “Баянхонгор Тээвэрчин” ХХК-ийг үүсгэн байгуулсан нийт 26 жолооч 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан хуралдааны “Баянхонгор Тээвэрчин” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг  үүсгэн байгуулагч 26 жолоочийн нэрсийн жагсаалтанд  /хх-ийн 66-73 дугаар тал/  12 дугаарт П.Б  гэж  бүртгэгдсэн, мөн /хх-ийн 72 дугаар тал/  “Баянхонгор Тээвэрчин” ХХК-ийн үүсгэн байгуулагч,  хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтанд  П.Б  23 дугаарт бүртгэгджээ. 

     П.Б  нь  Тээвэрчин хоршоо татан буугдаад “Баянхонгор Тээвэрчин” ХХК болон өөрчлөгдөхөд тухайн компанийн тэндэрийн эрхэнд орсон, зорчигч тээврийн үйл ажиллагааг Пургон маркийн автомашинаар гүйцэтгэж байснаа болиод  зорчигч тээвэрлэх боломжтой том оврийн автобус худалдан авч зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зорилготойгоор “Баянхонгор Тээвэрчин” ХХК-ийн захиргаанд удаа дараа хүсэлт гаргаж байжээ.  П.Б  нь  2014 онд оны шилдэг жолоочоор шалгарч байсан бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл, зөрчил дутагдал гаргаж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлаагүй байгаа боловч ажил олгогчийн зүгээс  П.Б ийн талаар ямар нэг шийдвэр гаргахгүйгээр    тухайн компанд үйл ажиллагаа явуулах эрхийг нь  хязгаарлаж байгаа нь  түүнийг ажлаас нь халсантай адилтгаж  шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

 

П.Б  нь  Баянхонгор Тээвэрчин нэртэй хоршоонд зорчигч тээврийн үйл ажиллагааг Пургон маркийн автомашинаар гүйцэтгэж байсан, Тээвэрчин хоршоо татан буугдаад “Баянхонгор Тээвэрчин” ХХК болон өөрчлөгдөхөд тухайн компанийн үүсгэн байгуулагч 26 жолоочийн нэрсийн жагсаалтанд  П.Б  байсан, зорчигч тээвэрлэх шаардлага хангасан том оворын автобус худалдан авсан бөгөөд П.Б  нь  цаашид  зорчигч тээврийн үйл ажиллагаагаа  “Баянхонгор Тээвэрчин” ХХК-д  үргэлжлүүлэн гүйцэтгэх эрхтэй байхад  тухайн компанийн удирдлага нь ямар нэг шалтаг шалтгаангүйгээр  хөдөлмөрлөх эрхийг нь зөрчиж  үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан байна.  Иймд П.Б ийн давж заалдах гомдлыг нь хангаж,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

    Нэхэмжлэгч П.Б  нь  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар  гаргуулж  П.Б эд  буцаан олгох үндэстэй гэж  үзлээ.

          

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг  удирдлага болгон

   ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны 5 дугаар сарын 18-ний  өдрийн 131/ШШ2020/00623  дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

 “…Нэхэмжлэгч П.Б ийн Баянхонгор тээвэрчин ХХК-нд холбогдуулан гаргасан Баянхонгор Тээвэрчин ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд ажиллуулахыг хариуцагчид даалгах, Хувьцаа эзэмшигчтэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээг байгуулахыг хариуцагчид үүрэг болгох, Баянхонгор тээвэрчин ХХК-ийн зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу оруулахыг даалгахыг тус тус хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ..”   гэснийг  

“…Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 84 дүгээр зүйлийн 84.4.2-т зааснаар П.Б тэй холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээ байгуулахыг, П.Б ийг  “Баянхонгор Тээвэрчин” ХХК-ийн зорчигч тээврийн жолоочийн ажилд буюу зорчигч тээвэрлэх цагийн хуваарьт зохих журмын дагуу  оруулж  ажиллуулахыг “Баянхонгор Тээвэрчин” ХХК-ийн удирдлагад үүрэг болгосугай ..”   гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

    2. Нэхэмжлэгч П.Б  нь  давж  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн

хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар  гаргуулж  П.Б эд   буцаан олгосугай.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.