Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/05163

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/05163

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, * байр, * тоотод оршин суух, * * овогт *гийн * /рд*/,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*дугаар хороо, Сөүлийн гудамж *, оршин байрлах Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны нийт ажлын 126 өдрийн цалин болох 14,393,342.88 төгрөгийг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Замын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн * дугаар тушаалын хавсралтын 1.2.6 дахь заалтыг үндэслэн жилийн ажлын үр дүнгийн шагнал 200% болох 3,628,467.77 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Д.*,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.* нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 14,393,342.88 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, жилийн ажлын үр дүнгийн шагналд 3,628,467.77 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Д.* би Улаанбаатар Төмөр замын Барилга засвар ашиглалт үйлчилгээний ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байсан. Улаанбаатар Төмөр замын нэгдүгээр орлогч даргын 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн * дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/* дугаар шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоосон. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн * дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагчийн төлөөлөгч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Улаанбаатар Төмөр замын даргын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/1/99 тоот тушаалаар Д.* намайг Барилга засвар ашиглалт үйлчилгээний ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерийн ажилд эгүүлэн томилж, цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Би Улаанбаатар Төмөр замын даргын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/1/99 дугаар тушаалаар ажилдаа орсон бөгөөд ажилдаа эгүүлэн тогтоогдох хүртэлх цалин хөлс гаргуулна. Мөн Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А933 дугаар тушаалын хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.2.6 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэн жилийн эцсийн үр дүнгийн шагнал 200 хувь болох 3,628,467 төгрөгийг гаргуулна. Би ажлаа гүйцэтгэж байсан бол миний олох ёстой байсан орлого гэж үзэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар орлогыг нөхөн төлөх үүрэгтэй тул жилийн ажлын үр дүнгийн шагналд 3,628,467.77 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч 2023.08.23-2024.02.20-ны өдөр хүртэлх ажлын 126 хоногийн ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилсэн боловч дээрх хугацаанд ажлын хоногоор тооцоход 125 хоног байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.22-ны өдрийн №02937 дугаар шийдвэрт заасан 1 өдрийн дундаж цалин хөлсийг хасч тооцон ажилгүй байсан 125 хоногийн цалинг төлж, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих хувиар төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Жилийн ажлын үр дүнгийн шагнал 200 хувь болох 3,628,467.77 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба Нийгэмлэгийн дотоод журмаар зөвхөн оны эхнээс бүтэн жил ажилласан буюу биеэр ажил үүрэг гүйцэтгэж ажлын үр дүн гаргасан ажилтанд нийгэмлэгийн жилийн ажлын үр дүнгийн шагнал олгох комиссын шийдвэрээр тухайн ажилтанд ажлын үр дүнг нь хэлэлцээд 10-200 хувь хүртэл интервалаар тооцон урамшуулалт цалин олгодог. Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарахгүй ба ажилтан заавал авах цалин хөлс биш бөгөөд нэхэмжлэгч нь ямар үндэслэл тооцооллоор жилийн ажлын үр дүнгийн шагналыг 200 хувиар тооцон авахаар шаардаад буй нь ойлгомжгүй байна. Иймд биеэр ажиллаагүй, ажлын үр дүнг хэлэлцэж 200 хувийн үр дүнгийн урамшуулалт цалин олгох талаар комиссын шийдвэр гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,628,467.77 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Энэ шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж байна. Тус хуулийн заалт нь хэдий олох ёстой орлого гэсэн зохицуулалт байгаа хэдий ч олох ёстой байсан орлого нь ямар хэлцэл гэрээний үндсэн дээр олгогдох байсан, зайлшгүй олгогдох ёстой байсан гэдгийг нэхэмжлэгч бүрэн нотолж чадсангүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 102/* шийдвэр /хх 4-7/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн * магадлал /хх 8-10/, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх 11-13/, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын Б/I/ 99 дугаар Д.*ийг ажилд эгүүлэн авах тухай тушаал /хх 14/, Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын жилийн ажлын үр дүнгээр шагнал олгох журам /хх 15-17/, Бүх алба, хэлтэс, төв, салбар нэгж, нод /31/, Эдийн засгийн календарь /хх 32-33/.

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: итгэмжлэл /хх 19, 43/, хариу тайлбар /хх 25/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/1/99 тоот тушаалаар эгүүлэн томилж, цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн тул ажилдаа эгүүлэн тогтоогдох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 14,393,342.88 төгрөг гаргуулах, мөн жилийн эцсийн үр дүнгийн шагнал 200 хувь болох 3,628,467.77 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: 

3.1. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааг ажлын хоногоор тооцоход 125 хоног байх тул 125 хоногийн цалинг төлж, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих хувиар төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

3.2. Нийгэмлэгийн дотоод журмаар оны эхнээс бүтэн жил ажилласан буюу биеэр ажил үүрэг гүйцэтгэж ажлын үр дүн гаргасан ажилтанд нийгэмлэгийн жилийн ажлын үр дүнгийн шагнал олгох комиссын шийдвэрээр урамшуулалт цалин олгодог. Биеэр ажиллаагүй, ажлын үр дүнг хэлэлцэж 200 хувийн үр дүнгийн урамшуулалт цалин олгох талаар комиссын шийдвэр гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,628,467.77 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарахгүй ба ажилтан заавал авах цалин хөлс биш бөгөөд нэхэмжлэгч нь ямар үндэслэл тооцооллоор жилийн ажлын үр дүнгийн шагналыг 200 хувиар тооцон авахаар шаардаад буй нь ойлгомжгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/I/27 дугаар тушаалаар Д.*ийг Улаанбаатар Төмөр замын Барилга засвар ашиглалт үйлчилгээний ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерийн ажлаас чөлөөлжээ. Уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 102/* дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 17,363,398 төгрөг гаргуулан олгох, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн * магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Энэхүү магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 17,363,398 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон болох нь зохигчдын тайлбар, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн * дугаар тушаалаар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

Нэхэмжлэгчийн шаардсан олговор нь цаг хугацааны хувьд шүүхийн шийдвэрлэсэн олговортой давхцахгүй буюу 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор байна.

Иймд нэхэмжлэгч Д.* Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/* дугаар шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг 114,232 төгрөгөөр тогтоожээ. Ажилгүй байсан хугацааны 125 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг 114,232 төгрөгөөр тооцоход 14,279,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

4.3. Нэхэмжлэгчээс жилийн эцсийн үр дүнгийн шагналд 3,628,467.77 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн * дугаар тушаалаар Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын жилийн ажлын үр дүнгээр шагнал олгох журмыг баталсан байна.

Уг журмын 1.2.Энэхүү журам нь Нийгэмлэгийн жилийн ажлын үр дүн тооцох жил /цаашид тайлант жил гэх/-д хөдөлмөрийн гэрээ /үүнд: дагалданаар суралцах хөдөлмөрийн гэрээ орохгүй/-ээр тайлант жилийн эхний ажлын өдрөөс бүтэн жил ажилласан ажилтан болон дараах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий ажилтанд үйлчилнэ. Журмын 1.2.6. тайлант жилд оны эхний ажлын өдрөөс ажиллаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн орсон ажилтан гэж заажээ.

Түүнчлэн журмын 2.1. Нийгэмлэгийн тайлант жилийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүнгийн төлөвлөгөө биелсэн тохиолдолд тухайн жилийн ажлын үр дүнгээр шагнал /цаашид шагнал гэх/ авах эрх энэхүү журмын 1.2-т заасан ажилтнуудад үүснэ. Журмын 3.1.Нийгэмлэгийн тайлант жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дээд хувь хэмжээ /цаашид шагналын дээд хувь хэмжээ гэх/-г санхүүгийн үр дүн, шагналын эх үүсвэрийг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүгийн чадавх зэргийг харгалзан энэхүү журмын дөрөвт заасан Нийгэмлэгийн шагналын ажлын хэсэг тогтооно гэж тус тус заасан байна.

Хариуцагчийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б-I-27 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч шүүхийн шийдвэрээр түүнийг ажилд эгүүлэн тогтоосон, уг шүүхийн шийдвэрийг хариуцагч тал биелүүлж, 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б-I-27 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажиллаагүй байх тул дүрэмд заасан үр дүнгийн шагналд 3,628,467.77 төгрөгийг хариуцагчаас шаардах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс өөрийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг нь алдагдсан ашиг орлогыг өмч, эд хөрөнгөд учирсан нөхөн арилгавал зохих гэм хорын хүрээнд хамааруулан тооцох хуулийн зохицуулалт болно. Тодруулбал, гэм хор учруулсан үйл явдал болоогүй бол бүрдэх байсан тэр нөхцөл байдлыг сэргээн тогтоох хүрээнд хохирогчийн олж болох байсан буюу алдагдсан ашиг орлого хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн жилийн эцсийн үр дүнгийн шагналд 3,628,467.77 төгрөг гаргуулах тухай шаардлагын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас жилийн эцсийн үр дүнгийн шагналд 3,628,467.77 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчид олговол зохих 14,279,000 төгрөгөөс тооцож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

5. Д.*ийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн шаардлагатай хамааралтай тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 229,345 төгрөг гаргуулан улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замаас 14,279,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * * овогт *гийн *ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,742,810.65 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан Д.*ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 229,345 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН