| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00062/И |
| Дугаар | 155/ШШ2016/00243 |
| Огноо | 2016-02-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2016/00243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **************
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/0062/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1984 оны 01 сарын 01-нээс малчнаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш саальчин, хоньчноор тус нэгдэлд 1991 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал буюу нэгдэл тартал ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж үгүй болсон, малчнаар томилж чөлөөлсөн тушаал олдохгүй, тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
********* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч ********* Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, хоньчноор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ************ дугаартай архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ******** ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний түүвэр, *********д Цагаан-Уул сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Бадрал нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, 1987 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр олгосон Диплом-ын хуулбар, 1987 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, Хөвсгөл аймгийн Намын хорооноос олгосон Талархал-ын хуулбар, Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1987 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Баярын бичиг-ийн хуулбар, гэрч Г.Оюунчимэгийн ...********* Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Шарга бригадад 1981 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. ...Би тус нэгдлийн Шарга бригадад 1980 оноос 1990 оныг хүртэл саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч С.Семеновын ...********* 1981 онд 16 нас хүрээд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Шарга бригадад элсэн орж 1981 оны 9 дүгээр сараас 1987 оныг хүртэл саальчнаар, 1987 оноос 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1969 оноос 1993 оныг хүртэл тоо бүртгэгч, нэгдлийн нягтлан бодогч зэрэг ажил хийж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч *********ын Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ