Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 18

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  Г.Уламбаяр  даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны  6 дугаар сарын 03-ны  өдрийн 131/ШШ2020/00673  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Л

Хариуцагч  Ж.Ц холбогдох 

     Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4.740.000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй  иргэний хэрэгт  хариуцагч Ж.Ц ийн давж  заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Л , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга  Р.Цогдэлгэр  нар оролцов. 

Нэхэмжлэгч  Э.Л аас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Л миний бие нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд Ж.Ц той түрээсийн гэрээ байгуулж өөрийн өмчийн 0320001902 дугаартай үл хөдлөхөө түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг сарын 1.200.000 төгрөгөөр тохирч бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан. Тус түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 4.740.000 төгрөгийг төлөөгүй тул түрээсийн гэрээний дагуу төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Л анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би гаргасан нэхэмжлэлдээ 4.740.000 төгрөг хариуцагчаас гаргуулахаас шаардаж байгаа. 2018 оны 10 дугаар сард түрээсийн гэрээ хийсэн. Тэгээд би энэ сар дээр түрээсийн мөнгө яах вэ халаалтын мөнгөө төлчих гээд 11 сараас нь мөнгөө авахаар тохирсон. Тэгээд одоо түрээсийн төлбөрөө өгөхгүй байгаа гэв.

Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:

 

 Тана засварын газар зарагдаж бид ажилгүй болсон. Гэтэл 10 дугаар сарын 18-нд татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагвын өрөөнд дуудсаны дагуу очиж уулзахад энэ Э.Л бид 2 худалдаж авсан. Та нар үргэлжлүүлэн бидэнтэй ажиллах уу гэхэд бид зөвшөөрч улмаар 6 сарын хугацаатай гэрээ байгуулаж ажиллаж болсон. Гэрээг 2018 оны 10 дугаар  сарын 18-аас  2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын /1 200 00/ нэг сая хоёр зуун мянгаар түрээслэхээр тохиролцож байгуулсан. Бид нар 6 сарын гэрээний төлбөрт нийт /7.200.000/ долоон сая хоёр зуун мянган төгрөг өгсөн. Э.Л д мобайл банк шилжүүлгээр болох бэлнээр /7 870 000/ долоон сая найман зуун далан мянган төгрөг өгсөн болно. Миний бие 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүнд зодуулж хүнд бэртэл авч УБ хотын 1-р эмнэлэгт Эрүү, нүүрний тасагт хүнд хагалгаанд орж ажиллаж хөдөлмөрийн чадваргүй болсон. Энэ цагаас хойш Тана засварын газар эзэнгүй болж тэндээ гэр байсан авч гэрээ нүүлгэж  чадахгүй байсаар 2019 оны 10 дугаар сарын 07-нд гэрээ  нүүлгэж авсан тэрнээс биш 10 дугаар сарын 7 хүртэл засварын газрыг ажлуулаад байсан зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхбаяр  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манайх энэ Тана авто засварыг түрээслээд 5 жил болж байгаа. Тэгээд энэ засварын газар зарагдсан байгаа. Шинэ эзэн нь дахиад цаашид түрээслэх үү гэсэн. Бид хоёр ч түрээслэнэ гэж хэлсэн. Урьд Оюутболдтой хийж байсан гэрээ байгаа юу гэсэн. Тэгээд энэ гэрээний дагуу гэрээ бэлдээд ир гэсэн. Тэгээд эхний ээлжинд 6 сарын гэрээ байгуулна гэж гэрээ байгуулсан. Бид хоёр 1.200.000 төгрөг өгч түрээслэдэг байсан. Манай нөхөр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүнд зодуулаад Улаанбаатар хотод хагалгаанд орж ирсэн. Бид хоёр гэрээ тэр засварын газрын тэндээс авч чадахгүй байсаар 2019 оны 10 дугаар сард гэрээ авсан. Бид хоёр 2019 оны 7 дугаар сараас хойш ажилаагүй болно гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Ц оос 4.740.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Л д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Л ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.790 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц оос улсын тэмдэгтийн хураамжийн 90.790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Л д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Ц  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Э.Л ын түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4.740.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжпэгч Э.Л ын шүүхэд гаргасан өгсөн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай байгуулсан түрээсийн гэрээнд хариуцагч миний нэрийг Ж.Цэрэндондов, гэрийн хаягийг Баянхонгор сумын 4-дүгээр баг гэж тус тус буруу бичсэн байна.  Мөн тухайн гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш, уг гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд уг гэрээ хууль бус, илт хуурамч гэрээ байхад шүүхээс анхаарч үзэхгүйгээр хэт нэг талыг барьж нэхэмжлэгч Э.Л ын талд шийдвэрлэсэн байдаг.  Миний нэрийг Ж.Цэрэндондов биш , Ж.Ц  гэдэг, гэрийн хаяг Баянхонгор сумын 5-дугаар  багт оршин суудаг талаар бүртгэлтэй байдаг.

Шүүхээс нэхэмжпэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, хариуцагч талаас гаргаж өгсөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээнүүдийн тус тус хуульд заасан гэрээ байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаагүй, дээрхи хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт  “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл үзсэн байдаг.

Нэхэмжпэгч талтай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээг ямар үндэслэлээр нотлох баримтын хэмжээнд үнэлсэн талаар шийдвэртээ тодорхой тусгаагүй, нэхэмжлэгчийн гэрээг үнэлж шийдвэрлэсэн ойлгомжгүй байгаа, хариуцагчаас талаас гаргаж өгсөн 2018 оны 10 дугаар сарын 18-наас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг ямар учраас нотлох баримтыг шаардлага хангахгүй байгаагаа шийдвэртээ тусгаагүй байгаа тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би шүүх хуралдаанд хамт гэрээ байгуулахад байлцсан С.Рэнцэндагвыг дуудаж гэрчээр асуулгах талаар тайлбар, хүсэлт гаргахад шүүгч хүлээж аваагүй тул миний зүгээс С.Рэнцэндагваас тодруулж мэдүүлэг авахуулах, мөн хэрэгт 2 өөр гэрээг авагдсан байдаг бөгөөд нэхэмжлэгч Э.Л ын шүүхэд гаргаж өгсөн гэрээнд зурагдсан гарын үсэг харицуцагч миний гарын үсэг мөн эсэх талаар мэргэжпийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.

Учир нь түрээслүүлэгч талаас Э.Л , түрээслэгч талаас Ж.Ц  нарын хооронд ямар гэрээ байгуулсан, тухайн гэрээ ямар хугацаатай хийсэн, гэрээг хийхэд хэн хэн байсан талаар тодруулах шаардлагатай байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн № 00673 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Э.Л  хариуцагч  Ж.Ц холбогдуулан   түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4.740.000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа түрээсийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн  нэг жилийн хугацаатай байгуулсан гэж тайлбарладаг бол хариуцагч Ж.Ц оос тайлбарлахдаа түрээсийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай байгуулсан гэж  тус тус хоорондоо зөрүүтэй тайлбарладаг байна.

Нэхэмжлэгч Э.Л , хариуцагч Ж.Цэрэндондов нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр байгууллагдсан түрээсийн гэрээ /хх-ийн 4 дүгээр тал/  байгаа бөгөөд түрээслэгч Ж.Ц ийн нэрийг  Ж.Цэрэндондов гэж буруу бичсэн. Ж.Ц ийн гэрийн хаяг нь  Баянхонгор сумын  5 дугаар баг гэж байхад 4 дүгээр баг гэж  түрээсийн гэрээн дээр буруу бичсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй шийдвэрлэжээ. 

Хариуцагч Ж.Ц оос давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхэд гэрч асуулгах хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй гэж  гомдол гаргасан нь шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг  зөрчсөн байна. 

 

     Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар “…Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ...”   318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар “…энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна..”  гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх  нэгэнт хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж  үзээд хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үндэслэх хэсэгтээ  дүгнэсэн мөрлөө   нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  түрээсийн гэрээний төлбөрийг гаргуулж  шийдвэрлэсэн нь  шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрлэсэн байдал нь хоорондоо зөрүүтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

     Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон үр шим хамаарна гэж  заасан нь  бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж  авсан  тохиолдолд,   өмчлөгч нь эд хөрнгөө буцаан  шаардсан  нөхцөлд  түүнээс олсон үр шимийг гаргуулах эсэхийг  тодорхойлсон заалт  бөгөөд Э.Л , Ж.Ц  нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө түр эзэмшүүлж  байгаа харилцааг  тухайн үл хөдлөх эд хөрөнгийг  хариуцагч тал  үндэслэлгүйгээр олж  авсан гэж  үзэх  боломжгүй  байгааг  шүүх   анхаараагүй байна.

     Шүүх талуудын хооронд байгууллагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн мөртлөө  үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн  2019 оны 10 дугаар сар хүртэлх  түрээсийн гэрээний үүргийг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

    Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн  шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурьдсанаас өөр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хариуцагч Ж.Ц оос давж заалдах гомдол гаргахад   улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 90.790  төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв. 

          Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5,   168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны  6 дугаар сарын 03-ний  өдрийн 131/ШШ2020/00673  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн  шүүхэд буцаасугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Ж.Ц оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 90.790  төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.