| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00142/И |
| Дугаар | 155/ШШ2016/00244 |
| Огноо | 2016-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **********/-ын
Ажиллаж байсан байдал болон нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2016/00142/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ********* би 1955 оны 1 сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд Самдагийн Лувсандоржийн гэр бүлд төрсөн. 1957 онд эцэг, эх маань намайг авга ах Самдангийн Цүлтэмд үрчлүүлсэн бөгөөд би өргөж авсан эцэг Цүлтэм, ээж С.Дулам нарын асрамжид өсч хүмүүжсэн. 1971 онд 16 нас хүрч Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд малчнаар ажилд орж ажиллаж байгаад 1973 онд 18 насанд хүрч мөн оны 5 сард цэргийн албанд татагдсан. 1976 оны 7 сард цэргийн албанаас чөлөөлөгдсөн. Өргөж авсан эцэг эх маань намайг анх төрсний гэрчилгээ авахад Цүлтэмийн Бүрэнтогтох нэрээр 1957 онд төрснөөр 2 насаар хасч бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан байдаг... Би 1971 оны 1 сарын 1-ний өдрөөс Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд үхэрчнээр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 1973-1976 онуудад цэргийн алба хааж ирээд 1976 оны 10-р сараас Алтан тал нэгдэлд дахин малчнаар ажилд орж ажиллаж эхэлснээс хойш би 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан юм. Иймд Цүлтэмийн Бүрэнтогтох намайг 1955 оны 01 сарын 02-ны өдөр төрсөн болохыг тогтоож, намайг 1971 оны 1 сарын 1-ний өдрөөс 1973 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3-р бригадад үхэрчнээр, 1976 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Алтан тал нэгдэлд үхэрчнээр ажиллаж хөдөлмөрлөж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэж хүсч байна гэжээ.
Хүсэлт гаргагч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1955 оны 1 сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд ******* гэдэг айлын гурав дахь хүүхэд болж төрсөн. Анх аав маань надад өгсөн нэр бол Баттагтго гэдэг нэр байсан ба намайг 2 нас арай хүрээгүй байхад минь миний авга ах болох ****** үрчлүүлж, үрчилж авсан аав маань надад Бүрэнтогтох гэдэг нэрийг өгсөн гэдэг юм. Намайг үрчилж авсан аав ****** нь намайг хоёр насаар дарж гэрчилгээ авч, түүнээс хойш би 2 нас дарагдаж сургуульд орсон, мөн түүнээс хойш миний иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтууд дээр намайг 1957 оны 1 сарын 27-ны өдөр төрснөөр бүртгэлтэй явдаг болсон. Одоо би төрсөн оноороо бол 1955 оны 1 сарын 2-ны өдөр төрсөн, 61 настай ба одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол нас болон улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул намайг 1955 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү. Мөн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад 1971 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл, 1976 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
********* нь тус шүүхэд 1955 оны 01 сарын 02-ны өдөр төрсөн 61 настай болохыг, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтүүдийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.13-т зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч ********* нь 1955 оны 01 сарын 02-ны өдөр төрсөн буюу 61 настай болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/000414 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-2/167 дугаартай архивын лавлагаа, гэрч Т.Гантуул, Б.Бадрал нарын мэдүүлэг зэргээр, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус үхэрчнээр ажиллаж байсан болох нь Цүлтэм овогтой Бүрэнтогтоход 1974 оны 3 дугаар сарын 30, 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүд, гэрч Л.Гүмээбаатар, С.Гүрбазар нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар *************** 1955 оны 01 сарын дүгээр 02-ны өдөр төрсөн буюу 61 настай болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************** Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч *********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН