Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 66

 

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,    

            Улсын яллагч У.Солонго,  

            Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Гансүхийн Батболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0986 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт

     

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/    

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Элсэн цаг” бааранд иргэн Б.Батжаргалыг зодож улмаар гарч шатан дээрээс түлхэн хавирч унаган баруун хөлийн шагайн үений гадна дотно хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол     санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад:

            Г.Б нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Элсэн цаг” бааранд иргэн Б.Батжаргалыг зодож улмаар гарч шатан дээрээс түлхэн хавирч унаган баруун хөлийн шагайн үений гадна дотно хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-3-4/

            - катерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/

            - хохирогч Б.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 19-20 цагийн үед Ханийн материалын эцэст Баярмагнай жолоочтой таарсан. Ган хийцийн эцэст 0.5 литр хараа архи гудамжинд уучихаад харих гээд дэлгүүрт зогсож байгаад жолооч Батболд, Лхамсүрэн 2 орж ирсэн. Тухайн үед би Лхамсүрэнгийн бөгс рүү нь өшиглөөд ганц юм авчихаач гэхэд тэгье тэгье гээд 1 шил 0.5 литр хараа уусан. Тэндээсээ “Элсэн цаг” баар луу орж 1 шил архи аваад би 1 татаад унтчихсан. Нэг сэрсэн миний нүүр лүү учиргүй цохиод байхаар нь хартал Батболд дээрээс дарчихсан цохид байсан. Би Батболдын доороос нүүр лүү нь 2 удаа цохисон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Сэргээд босох гэсэн хөл эвгүй болсон байхаар нь “миний хөл хугарчихсан байна” гэхэд Батболд “зүгээрээ” гээд 2 талаас Лхамсүрэнгийн хамт сугадаад гэрт хүргэж өгсөн. хэн дуудсаныг мэдэхгүй түргэн ирээд хөл үзээд “гэмтсэн юм шиг байна, эмнэлэг рүү явж үзүүл” гэсэн. Батболд намайг “чи шатнаас уначихсан” шүү гээд байсан ба Лхамсүрэн бас тэгэж яриад байсан. Манай гэрийнхэнд “танай хүүг Баярмагнай зодсон” шүү гэж хэлсэн байсан. Баярмагнай зодоон болохоос өмнө явчихсан. Батболд намайг зодсон, ямар ч шалтгаангүйгээр барны шатан дээрээс түлхэж унагаасан байсан. Камерийн бичлэгээс сүүлд харсан.../хх-10-14/, Эмчилгээний зардал болон ажилгүй байсны цалин гээд нийлээд 2.000.000 төгрөгийн нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй. Лхамсүрэн намайг зодоогүй, Батболд л ганцаараа намайг зодсон...гэх мэдүүлэг /хх-91/, Миний хувьд хөл гэмтсэнээс болж гарсан эмчилгээний зардал, ажилд яваагүй үеийн цалин гээд нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. 7 хоногийн өмнө Батболд 350.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг цалингаа буухаар сар сард нь 250.000 төгрөг өгөхөөр ярилцаж тохирсон, өи зөвшөөрч байгаа...гэх мэдүүлэг /хх-103/

            - гэрч С.Баярмагнайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр орой 20 цагийн орчимд Ганхийцийн эцэст ажил дээр Батжаргалтай таарсан. 0.5 л архи хувааж уусан. Лхамсүрэн, Батболд 2-той 21 цагийн үед таарсан. Бид 4-ыг “Элсэн цаг” нэртэй бааранд Лхамсүрэнгийн дүү хүргэж өгсөн. “Элсэн цаг” бааранд 0.5 литр архи хүний нэг нэг пиво авсан. Би согтоод гэртээ харьсан байсан. Батболд, Батжаргал нар нь өмнө муудалцаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-20-21/

            - гэрч М.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 5 дугаар сарын 8-ны 22 цагийн үед Батболдын хамт ажлаасаа буугаад хамт ажилладаг Баярмагнай, Батжаргал нартай таараад 1 шил 0.75 граммын хараа архи аваад хувааж уусан. Тэндээсээ 23 цагийн үед “Элсэн цаг” пабад хүргүүлээд 2 шил 0.5 граммын хараа бас пиво авч уусан. 01 цагийн үед Баярмагнай гэртээ харихаар явсан. Батжаргал тасраад унтсан. Сэрээх гээд мөр лүү цохисон сэрээгүй. Удалгүй Батболд ирээд Батжаргалын толгой хэсэгт 2 удаа хүчтэй цохитол сэргэсэн. Эргүүлээд Батжаргал Батболдыг 2 удаа цохисон ба тэр хочрын хамарнаас цус гарч байсан. Дөнгөж гараад Батболд Батжаргалыг шатны тавцан дээрээс түлхэж унагаасан, яг ямар байдалтай унагаасныг сайн санахгүй байна. Батжаргал дээр очиход хөл нь зүгээр байсан. Дахин хоорондоо маргалдаад Батболд, Батжаргалыг хажуу талаас нь хавирч унагаахаар нь очоод босгоход хөл нь хугарчихсан байсан. Тэгээд гэрт нь хүргэж өгөөд эмнэлэг хамт орж боолт хийлгэсэн. Бааранд өөр хүмүүстэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-22-23/, Батжаргал ахыг Батболд шатнаас түлхээд унагаасны дараа би Батжаргал ах дээр очоод босгосон, тухайн үед баар ажиллуулдаг хүн нь байсан ба хамт өргөлцсөн. Баарнаас холдоод гудамжны үзүүрт тэр 2 ахиад маргалдсан. Батжаргал ахыг Батболд хөлөөрөө хөлийг нь хавирч унагаасан, өөрөө цохиогүй. Тэгтэл Батжаргал босч чадахгүй хөл нь санжигнаад байсан, тэгээд гэрт нь очоод гэрийнхэнтэй нь эмнэлэг явсан. Өмнөх мэдүүлэгтээ аль болох асуудлыг хүндрүүлэхгүй байя гэж бодоод тийм мэдүүлэг өгчихсөн. Үнэндээ Батжаргал ахыг Батболд хавирч унагааснаас болж Батжаргал ахын хөл нь хугарсан...гэх мэдүүлэг /хх-92/

            - гэрч М.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 22 цагийн үед байнгын үйлчлүүлэгч жижиг нүдтэй онигор махлагдуу залуу 3 хүнтэй орж ирсэн. 1 шил 0.75 литрийн архи авсан. Удалгүй 1 хүн нь явчихсан. Үлдсэн 3-н хөлөө гэмтээдэг залуу хамт явсан 1 залуутайгаа маргаж эхэлсэн. Маргалдаад байсан 2 залуугийн хамарнаас цус гарсан. Уурлаад явцгаа гэхэд гарсан. Би араас нь дагаад гарсан. Маргалдаад байсан намхан нуруутай залуу нь шатны доор зогсож байсан ба “намайг шатнаас түлхээд унагаачихлаа гэхдээ би зүүгдээд доошоо буулаа” гэж ярьж байсан. Тэгээд тэр 3 хоорондоо энгийн байдлаар ярилцаад явсан. Маргааш нь нэг хүн ирээд “манай дүү ч гэл үү ах ч гэл үү хөл хугарсан байна” гээд манай камерын бичлэгийг гар утсан дээр хуулбарлаж авсан. Болсон явдлыг манайхаар байнга үйлчлүүлдэг бандгар махлаг залуу л мэдэх байх, нөгөө 2-ыгоо бодвол эрүүл шахуу байсан. Буйдан дээр бууж байхад хоорондоо цохилцоод байсан. Хөлөө гэмтээдэг хүн, нөгөө өндөр биетэй залуутайгаа маргалдаад зодолдоод байсан...гэх мэдүүлэг /хх-106-107/

            - шүүхийн шинжилгээний шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6249 дугаартай:...Б.Батжаргалын биед баруун хөлийн шагайн үений гадна дотно хавчаар ясны далд хугарал, хамар ясны далд хугарал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зулгаралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн гарын шуунд цус хуралт, зулгаралт, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-26/

            - шинжээч эмч Т.Чимэддоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг хөлний хугарал гэмтлийг авсан хүн тэр даруй өвдөлт мэдэрч, энгийн байдлаар алхаж гишгэж чадахгүй. 2 талын хавчаар яс хугарсан учраас гишгэж чадахгүй. Уг гэмтэл нь хавсархад хавирхад үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-108-109/

            - ял шалгах хуудас /хх-45/

            - 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 129 дугаартай “мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” Прокурорын тогтоол /хх-115/

            - шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 5 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед ажлаасаа буугаад Лхамсүрэнтэй таарсан. Үүдэнд Баярмагнай, Батжаргал нартай тааралдаад 0.75 литр архи хувааж уусан. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “Элсэн цаг” нэртэй баар караоке орсон. Бааранд 2 шил 0.75 литрийн архи, ууж байгаад Баярмагнай явсан. 00 цагийн үед Батжаргал сандал дээр унтаж байсан. Би сэрээх гээд 2 удаа мөр лүү нь түлхтэл Батжаргал босч ирээд “чи яагаад хүнийг цохиж зодоод байгаа юм” гээд миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгтэл миний хамарнаас цус гарсан. Би “миний хамарнаас цус гаргачихлаа” гээд зууралдаад хамт гарсан. Баарнаас гарангуут “би түүнийг өөрөөсөө холдуулах гээд түлхтэл” ард нь шат байж таараад Батжаргал шат руу унасан. Би тухайн үед шат руу унана гэж бодоогүй. Лхамсүрэн түүнд тусалж болгосон. Тэгээд босонгуутаа Батжаргал 10 орчим метр яваад “миний хөл гишгэж болохгүй байна” гэсэн. Лхамсүрэн бид 2 түүнийг гэрт нь хүргэж өгөөд хамт эмнэлэг явсан, хөлний яс  нь цуурсан байна гэж хэлж байсан. Миний хувьд Батжаргалыг хавирч унагаасан асуудал байхгүй. Батжаргалын нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг бид 2 тохиролцоод сар болгоны цалин дээрээс 200.000 төгрөг өгөөд нийт 10 сарын хугацаанд төлж барагдуулъя гэхэд зөвшөөрсөн...гэх мэдүүлэг /хх-93/, Би Батжаргалыг шат руу түлхэж унагаасан. Батжаргал босч ирээд хэсэг алхаж байгаад хөл өвдөөд гишгэж болохгүй байна гэж хэлсэн. Түүнээс би түүнийг хөлөөрөө өшиглөж унагаасан асуудал байхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Батжаргалд 350.000 төгрөг өгсөн. Үлдсэн эмчилгээний зардлыг нь сар бүр 250.000 төгрөгөөр өгч барагдуулна гэж тохирсон байгаа. Болсон асуудалд харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-101/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний хохиролд 1.210.550 төгрөг /х-75-80/, ажлаа хийгээгүй хугацааны цалин /хх-104/, нийт 2.000.000 төгрөг нэхэмжилсэн байх ба үүнээс шүүгдэгч нь 500.000 төгрөг төлжээ. Үлдэгдэл 1.500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.    

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохиролд 1.500.000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгасугай.

 

 5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус дурдсугай.

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР