Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/05068

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 02

181/ШШ2024/05068

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, нарны зам гудамж, ******* дугаар байр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 27.325.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Б.Отгонтогост холбогдуулан гэрээний үүрэгт 27.325.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Б.Амартүвшин болон Б.Отгонтогос нар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болон 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрүүдэд хоёр ширхэг зээлийн гэрээ байгуулсан.

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хүрээнд 20.000.000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй 3 сарын хугацаанд зээлж хүүг нэг сараар, сар бүрийн 21-ний дотор төлөхөөр тохиролцож үндсэн зээлийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлөхөөр байсан боловч зээлдэгч зээлийн хугацаа дуусаад 1 сарын дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлийн 50 хувь буюу 10.000.000 төгрөгийг төлсөн бол үлдэгдэл 50 хувь буюу 10.000.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2 жил 1 сар (25 сар)-ын дараа төлсөн ба уг хугацаанд нийт 5 сарын хүү төлж, үлдэх 20 сарын хүү болох 6.000.000 төгрөгийг төлөөгүй.

Талууд тус гэрээний 6 дугаар зүйлд хугацаа хоцорсон хоног тутамд төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон тул төлөгдөөгүй төлбөрт тооцсон алданги 3.000.000 төгрөг болон Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлд Зээлдэгч нь зээлийг тохиролцсон хугацаанд төлөөгүйтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд аливаа холбогдох зардлыг төлнө буюу шуухийн зардал, өмгөөлөгчийн хөлс, нотариатын хөлс гэх мэт зардлыг оруулахаар болсон тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг болон нийт эхний зээлийн гэрээний хүрээнд төлөгдөөгүй төлбөрт 10.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хоёр дах зээлийн гэрээний хүрээнд 22.000.000 төгрөгийг нэг сарын 2.5 хувийн хуүтэй 8 сарын хугацаатай зээлийн үндсэн төлбөр болон хүүг 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дотор барагдуулж дуусах нөхцөлтэйгээр байгуулсан боловч зээлийн үндсэн төлбөрийг 2022 оны 8 дугаар 21-ний өдөр буюу 1 жил 4 сарын дараа төлж зээлийг нийт 24 сарын хугацаанд ашигласнаас 3 сарын хүү төлсөн байна.

Иймд 21 сарын хүү 11.*******0.000 төгрөг болон түүнд оногдох алданги 5.775.000 төгрөгийг хоёр дах гэрээний хүрээнд хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагчаас хоёр зээлийн гэрээний үүрэг болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлс нийт 27.325.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан.

Миний бие ачааны автомашин банкны зээлээр худалдан авч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудтай гэрээ байгуулан тухайн байгууллагад тээврийн үйлчилгээ эрхлэх ажил үйлчилгээг гүйцэтгэдэг бөгөөд энэ үйл ажиллагаанд засвар, сэлбэг, үйлчилгээ хийх гэх мэтээр эргэлтийн хөрөнгө шаардлагатай байсан тул иргэн 2020 оны 4 дүгээр сард 20.000.000 төгрөгийг 3 сар болон 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 22.000.000 төгрөгийг 8 сарын хугацаатай тус тус зээл авч 3 сарын хугацаанд гэрээний дагуу зээлийн хүүг төлсөн. Тухайн үед буюу 2020-2022 онуудад Дэлхий улс орнууд болон Монгол улсын хэмжээнд үүссэн цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаа зогсож банк болон бусад ззэлүүдийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн.

Энэ үед Монгол Улсын Засгийн газраас аливаа банк болон бусад байгууллагаас авсан зээлийг тодорхой хугацаанд буюу 1 жилээр хойшлуулж иргэдийг дэмжиж бизнесийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан. Ингээд 2022 оноос үйл ажиллагаа бага зэрэг сайжирсан боловч үйл ажиллагаа жигдрээгүй хэдий ч банкны хуримтлагдсан төлөлтүүд болон бусад зээлүүдийг арай ядан төлсөн. Энэ үед мөн иргэн зээлсэн үндсэн зээлүүдийг төлж дуусгасан.

Иргэн Б.Амартүвшинд үйл ажиллагаа бага зэрэг явж байгаа тул танайхаас зээлсэн үндсэн төлөлтүүдээ дуусгасан ба гэрээний дагуу эхний зээлийн 3 сарын хүүг төлсөн харин 2 дахь зээлийн гэрээний 8 сарын төлөлтийг өгөх саналтай байна. Ингээд гэрээний дагуу төлөлтүүдийг хийж та бүхнийг хохиролгүй болгох саналтай байна гэсэн боловч иргэн Б.Амартүвшин, түүний ээж гэх /зээлийн гэрээнд хамаагүй/ хүн чиний төлөх ёстой байсан хүү, үндсэн төлөлт дээр давхар хүү бодно гэж хэлсэн. Мөн түүний ээж нь чи бүүр луйварчин юм байна, хүүхдийн чинь сургууль дээр очно гэх зэргээр зүй бус үг хэлж намайг сүрдүүлсэн тул миний зүгээс энэ хүмүүсээс маш ихээр айж сэтгэл санааны хямралд орсон. Үүнээс шалтгаалж энэ хүмүүстэй холбоо барихаас эмээх болсон.

Иргэн Б.Амартүвшингийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эхний зээлийн 20 сарын хүү, 2 дахь зээлийн 21 сарын хүүг тус тус төлөх үндэслэлгүй бөгөөд эхний зээлийн гэрээний байгуулсан хугацаа буюу 3 сарын хүүг төлсөн, харин 2 дахь гэрээний хугацаа буюу 8 сарын хүүг төлөөгүй учир 8 сарын хүүг төлөхөөр байхад гэрээний хугацаанаас өөр буюу нийтдээ 21 сарын хугацааны мөнгө нэхэмжлэн шаардаж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлсийг хариуцагч тал төлөх талаар хуулийн зохицуулалт байхгүй байхад үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь харамсалтай байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж үндэслэлгүй мөнгө нэхэмжилж, шаардаж байгаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 179 тоот зээлийн гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөрийн баримт, дансны хуулга,

шилжүүлгийн мэдээлэл, фэйсбүүк мессенжер чат, Монгол банкнаас зарласан валютын ханш, статистикийн мэдээллийн нэгдсэн сан, фэйсбүүк мессенжер чат зэргийг ирүүлжээ. /хх 4-19, 34-40, 53/

Хариуцагчаас баримтаар:Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Бэлэн байдалд шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зол дэлгэрэх гранд ХХК-ийн дүрэм, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20/01 тоот тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21/91 тоот барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №ТГ/20/12 дугаар бетон зуурмагийн тээвэрлэлт хийх гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №19/5 дугаар элс, хайрга дайрга тээвэрлэх гэрээ, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №ТГ/21/01 дугаартай элс, хайрга, дайрганы тээвэрлэлт хийх гэрээ, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №МТГ/21/05 дугаар бетон зуурмагийн тээвэрлэлт хийх гэрээ зэргийг ирүүлжээ./хх 51-53, 58-72, 124/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Амартүвшин нь Б.Отгонтогост холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27.325.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгчээс шаардах эрхийн үндэслэлээ:хоёр удаагийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хариуцагч үндсэн зээлийг хоёр жилээр хугацаа хэтрүүлж төлсөн тул хүү, алданги, хохиролд олох ёстой байсан орлогоор тооцож хүү гаргуулна гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Үндсэн зээлийг буцааж төлсөн, цар тахлын улмаас хугацааг хэтрүүлсэн, гэрээгээр тохиролцсон хүүнээс илүү хүү шаардсан нь үндэслэлгүй, олох ёстой байсан орлого гэж үзэх боломжгүй гэж тайлбарлав.

3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүйтайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1.Нэг талаас Б.Амартүвшин, нөгөө талаас Б.Отгонтогос нар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 20.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд 3 сарын хугацаагаар шилжүүлэх, зээлдэгч сарын 3 хувийн хүүтэй, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр 179 тоот зээлийн гэрээг,

Дахин 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 22.000.000 төгрөгийг 8 сарын хугацаатай, нэг сарын 2,5 хувийн хүүтэйгээр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээг тус тус байгуулжээ. /хх 6, 7/

Дээрх гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийх, мөн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангажээ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд хариуцагч тухайн өдрүүдэд мөнгөн хөрөнгө болох 20.000.000 төгрөг, 22.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан үйл баримтад маргаагүй, хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

3.2.Зээлдэгч хоёр удаагийн зээлд 2020 оны 5 дугаар сарын 21-нд 600.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 03-нд 600.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 31-нд 10.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-нд 600.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 04-нд 300.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 02-нд 850.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-нд 850.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 07-нд 850.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 21-нд 20.000.000 төгрөг, 12.000.000 төгрөг, нийтдээ 46.650.000 төгрөг төлсөнд маргаагүй, дансны хуулгаар тогтоогдож байна.

4. Шүүх зээл тус бүрт гэрээний үүргийг тооцвол:

4.1.2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний хугацаа дуусах үед үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 1.800.000 төгрөг нийт 21.800.000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2020 оны 8 дугаар сарын 19-ний байдлаар зээлдэгч 11.800.000 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг байжээ.

Нэгэнт зээлдэгч гэрээний хугацаа дуусах үед зээлийг бүрэн төлж дуусгаагүй, харин энэ зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 21-нд төлсөнд маргаагүй тул нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн 2 жилийн хугацаанд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 5.000.000 төгрөг байх боловч нэхэмжлэгч энэ зээлийн алдангид 3.000.000 төгрөг шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тооцно.

Үндсэн зээлийн үлдэгдлээс алданги тооцож шаардаж байгаа, зээлийн хүүгээс тооцож шаардаагүй гэж нэхэмжлэгч хуралдааны явцад тайлбарласан тул шүүх хугацаа хэтрүүлсний алдангийг тооцож шийдвэрлэснийг дурдав.

Нэхэмжлэгч энэ зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгнөөс хоёр жилийн хугацаанд мөнгөн хөрөнгийг ашигласны хүүд 6.000.000 төгрөг шаардсан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан баримтгүй тул нэхэмжлэгч зээлийн хүү шаардах эрхээ алдсан гэж үзэхээс гадна хариуцагч татгалзсан тайлбарыг гаргаж байх тул шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж зээлийн хүү гаргуулах боломжгүй.

Харин нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хохирлоор тооцож, олох ёстой орлогоор шаардсан хэмээн хуралдааны явцад тайлбарласан. Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаандаа зээлийг бүрэн төлөөгүй хоёр жилээр хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирлыг тооцон олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул шүүх 10.000.000 төгрөгийг арилжааны банкны дундаж хадгаламжийн хүү болох жилийн 12 хувиар тооцож 2.427.616 төгрөгийг олох ёстой байсан орлогод тооцож олгов. Харин шүүх хэрэглээний үнийн индекс, мөнгөний үнэ цэнэ болоод валютын ханшийн өсөлтөөр тооцох боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Нийтдээ энэ зээлд алданги 3.000.000 төгрөг, хохиролд 2.427.616 төгрөг, нийт 5.427.616 төгрөг гаргуулав.

 

4.2.Дараагийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний нөхцөл сарын 2,5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай 22.000.000 төгрөг тул гэрээний хугацаа дуусахад төлбөл зохих дүн 26.400.000 төгрөг байна. /*******0,000*8=4.400.000+22.000.000=26.400.000/

Хэргийн баримтаар үүнээс хүүнд 2.850.000 төгрөг төлсөн, үлдэх хэсгийг гэрээний хугацаа дуусгавар болоход төлөөгүй байсаар үндсэн зээл болох 22.000.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 21-нд төлжээ. Энэ зээлд 24.850.000 төгрөг төлсөн тул шүүх гэрээний дагуу төлөөгүй зээлийн хүүгийн үлдэгдэл 1.*******0.000 төгрөгийг гаргуулна. /2.850.000+22.000.000=24.850.000-26.400.000/

Энэ шийдвэрийн 4.1-д дүгнэсэнчлэн зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул зээлийн хүү шаардах эрхгүй. Харин шүүх мөн адил тооцож алданги, хохирлыг гаргуулна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 11.775.000 төгрөг /26.400.000-2.850.000=23.*******0.000*0,5%=117.750 төгрөг *2021.04.17-с 2022.08.21/ байх боловч нэхэмжлэгч энэ зээлийн алдангид 5.775.000 төгрөг шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тооцно.

Хохиролд үндсэн зээлийн үлдэгдэл 22.000.000 төгрөгнөөс арилжааны банкны дундаж хадгаламжийн хүү болох жилийн 12 хувиар 16 сарын хугацаанд тооцож 3.527.152 төгрөгийг олох ёстой байсан орлогод тооцно.

Нийтдээ энэ зээлд зээлийн хүүгийн үлдэгдэл 1.*******0.000 төгрөг, алданги 5.775.000 төгрөг, хохиролд 3.527.152 төгрөг нийт 10.852.152 төгрөг гаргуулах нь зүйтэй.

5.Хариуцагч татгалзлын үндэслэлдээ цар тахал-ын улмаас орлогогүй болсон тул зээлийг хугацаа хэтрүүлсэн, хүндэтгэх шалтгаантай гэж тайлбарласан ч эхний зээлийн тухайд Монгол Улсад цар тахлын улмаас бүх нийтээр хөл хорио тогтоохоос өмнө гэрээний хугацаа дуусгавар болсон, дараагийн гэрээ хамаарах хэдий ч дээр тооцсон алданги, хохирлыг багасгаж тооцох үндэслэлгүй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч өмгөөллийн зардалд 1.000.000 төгрөг гаргуулахаар шаардсныг шүүх гэрээнээс учирсан бодит хохиролд тооцох үндэслэлгүй, зайлшгүй гарах зардалд шууд хамаарахгүй гэж үзэн энэ хэсгийг хангахгүй орхив.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас хоёр удаагийн зээлийн гэрээний үүрэгт 16.279.768 /5.427.616 +10.852.152/ төгрөг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 16.279.768 /арван зургаан сая хоёр зуун далан есөн мянга долоон зуун жаран найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Амартүвшинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 11.045.232 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 294.575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239.348 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ