Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/05198

 

 

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/05198

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 76 байр, * тоотод оршин суух, Олго овогт * * /рд:*/

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, * байр, * тоотод оршин суух, * овогт * * /рд:*/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, * байр, * тоотод оршин суух, * овогт *ын * /рд:*/

Нэхэмжлэлийн шаардлага: 18,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*

нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.

/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.*, Г.* нар нь хариуцагч С.*т холбогдуулан 18,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ж.* нь Япон улсад ажиллаж, амьдардаг бөгөөд Монгол улс руу автомашин экспортлодог. Ж.* нь 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 2009 оны 12 дугаар сард үйлдвэрлэгдсэн Тоёота приус 30 маркийн сувдан цагаан өнгөтэй, * арлын дугаартай автомашиныг Япон улсаас Монгол улс руу өөрийн найз * *гийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж ачуулсан. Уг автомашин 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсад буусан. Хариуцагч С.* нь Ж.*ад уг автомашиныг худалдан авах саналыг Ж.*ад 2022 оны 9 дүгээр сард тавьсан. Ж.*, С.* нар нь харилцан тохиролцож 23,000,000 төгрөгөөр уг автомашиныг худалдахаар харилцан тохиролцож, амаар гэрээ байгуулсан. С.* нь Ж.*ын хөрш бөгөөд ээж, аавыг нь сайн таньдаг, олон жил хөрш айл байсан учраас итгээд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр автомашинаа С.*т хүлээлгэн өгсөн. Г.* нь 2009 оны 12 дугаар сард үйлдвэрлэгдсэн Тоёота приус 30 маркийн сувдан цагаан өнгөтэй, * арлын дугаартай автомашиныг С.*ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Худалдагч Ж.*, Г.* нар нь худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашиныг биет байдлаар хүлээлгэн өгч, автомашиныг худалдан авагч С.*ийн нэр дээр шилжүүлэн өгсөн байхад хариуцагч нь автомашины үнийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулахгүй байна. С.* нь уг 23,000,000 төгрөгөөс өнөөдрийг хүртэл 4,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 18,500,000 төгрөгийг өнөө маргаашгүй төлнө гэсээр өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд 2009 оны 12 дугаар сард үйлдвэрлэгдсэн Тоёота приус 30 маркийн, сувдан цагаан өнгөтэй, * арлын дугаартай автомашины үлдэгдэл төлбөр болох 18,500,000 төгрөгийг С.*ээс гаргуулж Ж.*, Г.* бидэнд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4-5/, нэхэмжлэгч Ж.*ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 6/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх 8, 49/, Г.*гаас *д олгосон итгэмжлэл /хх 9-10, 47-48/, С.* гэх бичгийн баримт /хх 11, 51/, Sainbayar Tushig гэх мэссэж зурвасын зураг /хх 12-24/, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 52/,

 

4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.

 

5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс 31 тоот лавлагаа /хх 57-60/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх 63-64/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ хариуцагч С.*тэй Худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан, гэрээний үлдэгдэл төлбөрт 18,500,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч С.* нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 06ы өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

4. З , аар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хавтаст хэргийн 11, 51 дүгээр талд авагдсан С.* гэх бичгийн нотлох баримтаас үзвэл, * би Ж.*аас Toyota prius 30 маркийн машин 2022 онд авсан нь үнэн. Өнгөрсөн хугацаанд нийт 21,000,000 төгрөгөөс 6 сая төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 15 сая төгрөгийг 2024.07.01 өдрийн дотор төлж барагдуулна. Удаан хугацаанд төлж барагдуулж чадаагүйдээ уучлалт хүсч байна. С.* гэж бичсэн байна.

 

Хавтаст хэргийн 8, 49 дүгээр талд авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээс үзвэл, Хүлээн авагч Г.*, Барааны нэр, төрөл Автомашин, суудлын, Toyota prius, *, 1790сс, сувдан цагаан, автомат, урдаа хөтлөгчтэй, бензин-цахилгаан, гүйлт 205000 гэж бичсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн лавлагаа нотлох баримтаас үзвэл, * арлын дугаартай, Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр *ын * 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

4.2. Нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр автомашинаа С.*т хүлээлгэн өгсөн. Г.* нь 2009 оны 12 дугаар сард үйлдвэрлэгдсэн Тоёота приус 30 маркийн сувдан цагаан өнгөтэй, * арлын дугаартай автомашиныг С.*ийн нэр дээр шилжүүлэн өгсөн гэх тайлбар, хавтаст хэргийн 11, 51 дүгээр талд авагдсан С.* гэх бичгийн нотлох баримт, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл баримтуудаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.

Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь автомашиныг хариуцагч С.*ийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүрэг талуудад тус тус үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нар нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч С.*т шилжүүлсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч С.*ээс гэрээний зүйлийн үнийг шаардах эрхтэй буюу хариуцагч С.* нь уг автомашины үнийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй.

 

Нэгэнт нэхэмжлэгчийн ...С.* нь уг 23,000,000 төгрөгөөс өнөөдрийг хүртэл 4,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 18,500,000 төгрөгийг өнөө маргаашгүй төлнө гэсээр өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй гэх тайлбарыг хариуцагчаас эсэргүүцээгүй, мөн үгүйсгэсэн тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Иймд хариуцагч С.*ээс 18,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*, Г.* нарт олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүх үзлээ.

 

5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 250,450 төгрөгийг төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*ээс 18,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*, Г.* нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*ээс 250,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*, Г.* нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН