Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 65

 

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,    

            Улсын яллагч У.Солонго,    

            Хохирогч Ч.Төрөө,

            Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708020970301 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл-1, яс үндэс халх,

     

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/    

Шүүгдэгч  нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Булгийн задгай тоотод иргэн Ч.Төрөөг зодож хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад:

            Шүүгдэгч  нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Булгийн задгай тоотод иргэн Ч.Төрөөг зодож хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-3/

            - хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-4-6/

            - Т.Буянхишигийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өргөдөлд:...2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед миний аав болох Чимэдийн Төрөө нь хүнд зодуулж биедээ хүнд гэмтэл авсан. Уг хэрэг нь Нямаа гэх айлд болсон. Миний аав Төрөө нь Нямаа гэх хүнтэй ярилцаж байхад Мэндээ гэх хүн танхайран аавыг минь зодож гэмтээсэн тул уг хэргийг шийдэж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...гэх /хх-7/,

            - хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчим би гэрийн ойролцоо байдаг Нямаагийн гэрт Дэнсмаагийн хамтаар орсон. Нямаа эхнэр Долгорын хамт бас Мэндээ гэх танихгүй залуу байсан. Айлын хүмүүстэй сууж байтал Мэндээ “та ер нь юу гээд байгаа юм” гэхээр нь би “чи яагаад байгаа юм надад чам шиг хүүхдүүд байгаа, чи хөгшин хүнийг яаж чадахгүй” гэхэд Мэндээ гэрийн баруун хаяанд байсан модон сүхийг аваад миний шилэн хүзүү рүү цохисон. Би ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд манай хүүхдүүд ирсэн байсан ба гэмтлийн эмнэлэг явсан. Мэндээ намайг цохисон сүхээ аваад гараад зугтаасан байсан. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-11-13/

            - гэрч Т.Буянхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 21 цаг 30 минутын үед аав Төрөөгийн 9985-0341 дугаарын утас руу Дэнсмаа гэх эмэгтэй залгаад “аав чинь хүнд зодуулчихсан байна, би цагдаа, эмнэлэг дуудчихлаа яаралтай ирээрэй гээд айлын хаяг зааж өгч утсаар ярьсан”. Очиход аавыг орон дээр хэвтүүлээд хөнжлөөр хучсан байсан. Би юу болсон талаар Дэнсмаагаас асуухад ...Мэндээ “их олон үгтэй дээрэлхүү хөгшин байна гэхэд аав чинь ямар овоо бацаан бэ би улсын харцага Баасанхүүгийн аав байна” гэж хэлтэл Мэндаа аавын чинь цээж рүү өшиглөөд тэрэнтэй чинь хамт ална гээд зодсон. Тэгээд цохиж байгаад үүдэнд байсан сүхийг аваад цээж рүү нь цохисон. Би цагдаа дуудсан. Намайг мөн зодох гээд дайраад байсан. Тэр үед нэг залуу орж ирээд Мэндээг аваад гарсан” гэж хэлсэн. Би аав Төрөөг эмнэлэгт үзүүлэхэд 10, 11-р хавирга хугарсан байсан...гэх мэдүүлэг /хх-14-15/

            - гэрч Ш.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 18-ны 20 цагийн орчим би гэртээ эхнэр Долгорсүрэн, танил Мэндээ /мэдрэл мэндээ гэх хочтой/ нарын хамт байсан. Гаднаас Төрөө ах, Дэнсмаа нар орж ирээд гэрийн зүүн талын орон дээр суусан. Бид 2 юм яриад сууж байтал Мэндээ үгэнд оролцоод Төрөө ахыг “та айл дээрлэхлээ” гэж муудалцаад Мэндээ гэрийн хатавчинд байсан төмөр сүхийг аваад Төрөө ахын шилэн хүзүү рүү нь цохисон. Төрөө ахыг газар унахад Мэндээ өшиглөөд байхаар нь бид нар салгасан. Мэндээ манай сүхийг аваад зугтаасан. Дэнсмаа цагдаад дуудлага өгч, Төрөө ахын хүүхдүүдийг нь дуудсан...гэх мэдүүлэг /хх-18-19/

            - гэрч Я.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчим манайд Төрөө ах, Дэнсмаа нар орж ирсэн. Төрөө ах архи уусан халамцуу байдалтай байсан. Зүүн орон дээр манай нөхөр Нямдорж Төрөө ахын хамтаар яриад сууж байтал юунаас маргалдсаныг нь мэдэхгүй, Мэндээ, Төрөө ах 2 хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Мэндээ үүдэнд байсан төмөр сүхээр Төрөө ахын шилэн хүзүү рүү нь цохичихсон. Тэгтэл Төрөө ах газар унасан. Мэндээ манай сүхийг аваад гараад зугатаасан...гэх мэдүүлэг /хх-20-21/

            - гэрч С.Дэнсмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн орчим Төрөө ах манайд 1 шил архи барьчихсан орж ирсэн. Манай нөхөртэй хувааж уусан. Би Долгорсүрэнгийн гэр лүү орох гээд гарахад араас гарч ирээд бид 2 цуг орсон. Тэдний гэрт Мэндээ, Долгорсүрэн, түүний нөхөр Нямдорж нар байсан. Төрөө ах гэрийн зүүн дээр суучихаад Нямдоржийн эхнэр Долгорсүрэнтэй унтдаг хэвтдэг гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Мэндээ босч ирээд Төрөө ах руу “та хөгшин хүний намбагүй, тавьтаргүй хүн бэ гээд тэр 2 хоорондоо муудалцсан, тэгээд хаалганы үүдэнд байсан төмөр иштэй сүх аваад хүзүү рүү нь нэг удаа цохисон. Төрөө ахыг газар унахад цээж рүү нь 2-3 удаа өшиглөчихөөд гараад явсан. Сүх алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-22-23/  

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №13219 дугаартай:...Ч.Төрөөгийн биед цээжний зүүн талд 10, 11-р хавирганы хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-34/

- ял шалгах хуудас /хх-49/

            - шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчим Нямдорж ахын гэрт тал шил архитай орсон. Нямдорж ах, Долгорсүрэн эгч 2-той хувааж уусан. Дахиад 1 шил архи аваад уугаад сууж байтал гаднаас Дэнсмаа эгч Төрөө гэх өвгөний хамтаар орж ирсэн. Төрөө, Долгорсүрэн эгчийг “би энэ хүүхнийг хусдаг байсан гээд нөхрийнх нь хажууд доромжлоод байхаар нь миний уур хүрээд Төрөө өвгөнийг “та яасан шар сэмжилсэн өвгөн бэ нас намбандаа байгаарай” гэтэл нөгөө өвгөн “манай хүүхэд улсын харцага хүн байдаг чамайг бол алаад хядаад хаячихна” гээд байхаар нь би гэрээс гарах гэтэл араас Төрөө өвгөн ирээд баруун мөр лүү нэг юмаар цохиод авахаар нь нөгөө юмыг нь булааж аваад зүүн тал руу нь ёворч унагаачихаад гараад явсан. Тэгээд төмөр шиг юмыг шавар луу шидчихээд гэр лүүгээ харьсан. Долгорсүрэн эгчийг хэл амаар доромжлоод байхаар намайг төмөр шиг юмаар цохихоор нь уурандаа булааж аваад зүүн талын хавирга орчим ёвроод унагаасан...гэх мэдүүлэг /хх-41-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нь хохиролд 308.400 төгрөг /х-64-65/ нэхэмжилсэн байх ба уг хохирлыг түүний ар гэрийн амьдрал ахуйн байдлыг нь харгалзан хохирлыг төлөх хугацааг 2 сарын хугацаанд тогтоов.      

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.    

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохиролд 308.400 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.       

 

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус дурдсугай.

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР