Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 113/2018/0009/з |
Дугаар | 491 |
Огноо | 2018-12-10 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 491
А.Д-ийн нэхэмжлэлтэй,
Г аймгийн Ш сумын ИТХТ-д холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Л.Атарцэцэг,
Шүүгчид: Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113/ШШ2018/0010 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0488 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайхнаа нарыг оролцуулж,
Хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113/ШШ2018/0010 шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Д-г Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7117651 (долоон сая нэг зуун арван долоон мянга зургаан зуун тавин нэгэн) төгрөг олгохдоо түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0488 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113/ШШ2018/0010 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6...” гэсний дараа “...25 дугаар зүйлийн 25.1, 26.1.3...” гэж нэмсэн өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасныг хэрэглээгүй.
4. Нэхэмжлэгч А.Д нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 18 ны өдрийн 15 цагаас хууль бусаар зохион байгуулж Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын дарга болон тэргүүлэгчдийг хууль бусаар огцруулж орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дэг ёсыг алдагдуулсан болно.
5. Мөн нэхэмжлэгч А.Д-ийн Ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төлөөлөгчдийг хуулиар олгосон эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, тэдэнд эрх үүргийг нь ойлгуулах ажлыг зохион байгуулах” гэсэн үүргээ үл хэрэгжүүлж Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэсэг төлөөлөгчид Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удирдах эрхийг хууль бусаар булаан авах үйл ажиллагаанд чиглүүлэх үүргийг гүйцэтгэж ажилласнаар Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтыг зөрчсөн.
6. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж,Түүний Удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэдийн итгэл үнэмшил, чөлөөт сонгуулийн үндсэн дээр бий болсноор тэдний нийтлэг эрх ашиг сонирхолд нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг эрх зүйн бодит чадвар бүхий байгууллага ба энэ байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар удирдан чиглүүлбэл нийтийн эмх замбараагүй байдал үүсэх, иргэдийн итгэл үнэмшилд сөрөг нөлөөлөл үзүүлэх бодит боломжтой.
7. А.Д-ийн хууль бус үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугар зүйлийн 28.1.1-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн. Эрх зүйн бодит чадвар бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг дээр дурдсанаар хууль бусаар удирдан чиглүүлсэн нь “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, тэдний итгэл үнэмшилд илтэд хортой байх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь Шивээговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18 ны өдрийн 12 дугаар хуралдааны 10, 15 цагуудын тэмдэглэл, мөн өдрийн 15 цагаас эхэлсэн хуралдаанаас гарсан 06 дугаар “Ц.Э-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”, 07 дугаар “Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” тогтоолууд болон бусад нотлох баримтаар нотлогддог.
8. Иймд нэхэмжлэгч А.Д-ийн хууль бус үйлдэлд бодит үнэлгээ дүгнэлт хийж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч А.Д нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий тогтоолоор “хууль бус хуралдааныг зохион байгуулахад оролцсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэр хуульд үндэслэх нь захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим байна. Энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан атлаа уг тогтоолд нэг жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байгаа нь утга агуулгын алдаатай шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөх үндэслэл нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлээс ялгаатай, өөр өөр тохиолдолд хэрэглэх бөгөөд нэгэн зэрэг ажлаас чөлөөлөх болон ажлаас халах шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлгүй юм.
12. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчил гаргасан болохыг шалган тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг байна. Нэхэмжлэгчийн тухайд хариуцагчийн нэрлэн заасан “хууль бус хуралдааныг зохион байгуулахад оролцсон, чиглүүлсэн” үйлдэл гаргасан болох нь ямар нэгэн нотлох баримтаар тогтоогдоогүй, Иргэдийн Хурлын Төлөөлөгч нь хуралдаанд оролцох эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд энэ эрхэд хуралдааны нарийн бичгийн даргаас зүгээс нөлөөлөх боломжгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
13. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан болсон, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаснаар Хурлын даргын “ажлаас чөлөөлөгдөх” тухай хүсэлтийг шийдвэрлэх байсан боловч Хурлын даргаас уг хүсэлтээсээ татгалзснаар маргаан үүсч, улмаар 21 төлөөлөгчийн 10 төлөөлөгч нь хуралдаанаас гарч, 11 төлөөлөгч үргэлжлүүлэн хуралдсан үйл баримт тогтоогдсон байна. Харин Хурлын даргаас “мөн өдрийн хуралдааныг албан ёсоор хаасан байхад нэхэмжлэгч нь үлдсэн төлөөлөгчийн хуралдааныг үргэлжлүүлэн явуулах үйл ажиллагаанд оролцож, дуудсаар байхад ирээгүй, хуралдааны бэлтгэл хангах үүргээ биелүүлээгүй” гэж, нэхэмжлэгчээс “хурлын бэлтгэл зохион байгуулах үүргийн хүрээнд олонхи үлдсэн 11 төлөөлөгчийн хуралдааны бэлтгэл хангасан” гэж тус тус маргажээ.
14. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзаж, сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгох бөгөөд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохироогүй шийтгэл оногдуулсан гэж үзлээ. Учир нь дараах байдлаар нэхэмжлэгчийн буруутай үйлдэл тогтоогдож байх боловч төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй байна.
15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар тухайн Хурлын хуралдааныг даргалах эрх нь Хурлын даргад хадгалагдаж байх бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар Хурлын даргын эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж, хуралдааныг удирдахаар зохицуулсан байна. Энэхүү хэргийн тухайд Хурлын даргаас “албан ёсоор хуралдааныг хаасан” гэж маргасан, уг үйл баримттай холбогдуулан гэрчүүдийн өгсөн эсрэг мэдүүлэг зөрүүтэй боловч тухайн өдрийн хуралдаанаас Хурлын дарга гарч явсан, тэрээр хэн нэгэн Тэргүүлэгчээр хуралдааныг удирдуулахаар санал болгоогүй байна.
16. Хурлын нарийн бичгийн дарга нь Хурлын ажлын албаны дарга бөгөөд ажлын байрны тодорхойлолтод зааснаар хурлын хуралдааныг хуульд нийцүүлэн явуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, холбогдох мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлээгүй буюу Хурлын даргад хадгалагдсан онцгой эрхийн талаар мэдээллээр хангаагүй, ялангуяа хэлэлцэх асуудлын товд тусгагдаагүй Хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байгаа нэр бүхий 7 Тэргүүлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр Тэргүүлэгч сонгож баталсан хурлын шийдвэрийг баталгаажуулахад оролцсон байдал нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл мөн юм.
17. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс “Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоох, 7 хоногийн өмнө товлох, хэлэлцэх асуудлыг Хороо, намын бүлгүүдэд шилжүүлэх, санал дүгнэлт авах асуудал нь хуралд асуудал оруулах эрхтэй этгээдийн эрх буюу үйл ажиллагаанаас хамаарахаас бус нэхэмжлэгчийн чиг үүрэгт шууд чиглээгүй” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй албан тушаалын чиг үүргийг буруу тайлбарласан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь хурлаар хэлэлцэх асуудлыг тогтоох эрхгүй боловч Хурлын нарийн бичгийн даргын тухайд ажлын байрны тодорхойлолтод зааснаар гол үйл ажиллагаа нь хуралдааны бэлтгэл хангах, тухайлбал хэлэлцэх асуудлын дагуу холбогдох баримтыг бэлтгэх, хуралдаанаас өмнө Хурлын Төлөөлөгчдийг холбогдох мэдээллээр хангах нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг болно.
18. Дээр дурдсанаас үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, уг алдааг зөвтгөсөн магадлал үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0488 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ