Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 18

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би ******* ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/96 дугаар Газар эзэмших эрх хүчингүй болгож үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийн 2, 3, 4-р заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаний ******* шатахуун түгээх станц нь Завхан аймгийн Улиастай суманд 18 жил үйл ажиллагаа явуулж байна. Уг шатахуун түгээх станцын газрыг анх шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулах зорилгоор Улиастай сумын Засаг даргын 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 112 тоот захирамжаар Чигэстэй багийн хясааны үзүүрт ******* дугаартай газар эзэмших гэрчилгээтэй ******* ХХК эзэмшиж байсан. ******* ХХК худалдах, худалдан авах гэрээгээр 2002 оны 08 дугаар сарын 07-ний өдөр шилжүүлэн авч эзэмших болсон. 2003 онд Газрын тухай хууль шинэчлэгдснээр 2007 онд ААНБ болон иргэдийн газар эзэмших гэрээ гэрчилгээг шинэчлэх тухай 113 дугаар захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан ******* шатахуун түгээх станц нь газар эзэмших гэрээ гэрчилгээгээ Улиастай сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 92 тоот захирамжаар шинэчлүүлж, ******* дугаартай гэрчилгээтэй 15 жилийн хугацаатай 3960 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан юм. Уг газар дээр 100 м.куб эзэлхүүнтэй байгууламжийг дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр ******* ХХК-ний захирал Ш.*******, эхнэр ******* нар өмчилж байна. Гэтэл Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/96 тоот захирамжаар манай компаний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Уг захирамжид зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн 29.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3, 9.3 дахь заалтууд, Газрын тухай хуулийн 20.2.6, 20.2.7, 39.1.4, 40.1.2, 40.1.4, 41.1, 41.2, Барилгын тухай хуулийн 25.1.2, дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгосон байна. Манай компаний зүгээс Аймгийн Засаг даргын дээрхи захирамжийг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх захирамжийн үндэслэлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3, 9.3 дахь заалтуудыг баримталсан байна. Гэтэл манай компани уг газарт шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулахдаа 2010, 2016 онуудад тусгай зөвшөөрөл бүхий Тэкол ХХК-аар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг тухай бүр нь биелүүлэн ажилласан болно. Тухайлбал: 2016 оны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тавигдсан шаардлагын дагуу манай компани шатахуун түгээх станцын барилга, байгууламжын технологийн шинэчлэлт хийж өргөтгөхөөр барилгын зураг төсөл хийлгэн батлуулахаар холбогдох байгууллагад өгөөд байгаа юм. Мөн Газрын тухай хуулийн 20.2.6, 40.1.4 дэх заалт болох Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэснийг үндэслэл болгосон байна. Гэтэл манай компаний шатахуун түгээх станцын хөрсөнд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин хэмжил зүйн төв лабораториор Хөрсний бохирдлын чанарын шинжилгээ хийлгэхэд хөрсөнд бохирдол илрээгүй эрүүл гэсэн шинжилгээний хариу гарсан юм. Мөн захирамжийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 39.1.4 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон гэсэн заалт байна. Гэтэл манай компани Улиастай сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 92 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээтэй бөгөөд хугацаа нь дуусаагүй байгаа. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/96 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/96 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтдээ: Завхан аймгийн *******д холбогдох 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/96 дугаар Газар эзэмших эрх хүчингүй болгож үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийн 2, 3, 4-р заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ний нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 2010, 2016 онуудад хийлгэн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг тухай бүр биелүүлж ажилласан болно гэжээ. Гэтэл нэхэмжлэлтэй хавсарган өгсөн баримтуудаас харахад /хавтаст хэргийн 26 хуудас/ 2010 он нарийвчилсан үнэлгээ, судалгааны ажлын дүгнэлт тус төслийг хэрэгжүүлэхэд хөрс, агаар, гүний ус бохирдож болзошгүй сөрөг нөлөөллүүд байгаагийн дээр технологийн горим зөрчих, ажиллагсад болон үйлчлүүлэгчдийн санамсар болгоомжгүй үйлдэл зэрэг шалтгаанаас үүдэн гэнэтийн аюул осол, дэлбэрэлт, гал түймрийн аюулд өртөх магадлалтай тул гал түймэртэй тэмцэх газар болон бусад мэргэжлийн байгууллагын заавар, шаардлага, холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан заавар зөвлөмжийг мөрдөн ажиллах ёстой, мөн шатахуун хадгалах саванд мэргэжлийн байгууллагаар металл хийцийн оношлогоог хийлгэж, дүгнэлт гаргуулах, элэгдлийн хэмжээ, даацын үнэлэлтэд онцгой анхаарах, технологи аюулгүй ажиллагааны журмыг зөрчин ил суурилуулсан шатахуун хадгалах савыг 2010 оны 3 дугаар улиралд багтаан зураг төслийн дагуу далд суурилуулах, болзошгүй үед хэрэглэх шатахуун юүлэх ослын савыг нэмж суурилуулах, талбайг хамарсан байгалийн үзэгдэл болох бороо, хурц нар зэргээс хамгаалах зориулалтын саравч байгуулах зэрэг заавар зөвлөмжийг өгсөн байна. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.4 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 10.2.2 дахь заалтын дагуу төсөл хэрэгжүүлэгч жил бүр БОХТ, ОХШХ-ийг батлуулж байх ба тухайн жилийн 2 дугаар сарын 15-аас өмнө төлөвлөгөө, хөтөлбөрийг батлуулах, холбогдох стандарт шаардлагуудыг биелүүлэх, ШТС-ын үйл ажиллагаанд байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх үүднээс байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 5 жил тутам шинэчлэн тодотгож байх шаардлагатай гэжээ.

Нэхэмжлэгч 2016 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шаардлагын дагуу барилга, байгууламжийн технологийн шинэчлэлийг хийж өргөтгөхөөр барилгын зураг төсөл хийлгэн батлуулахаар холбогдох байгууллагад өгөөд байгаа юм гэжээ. Гэтэл нэхэмжлэлтэй хамт өгсөн баримтаас харахад 2016 оны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байхгүй бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэх ажил гүйцэтгэх гэрээ байна. Гэрээнд үнэлгээг хэд хоногийн дотор хийж гүйцэтгэх нь тодорхой биш байна. Нарийвчилсан үнэлгээг 5 жил тутам хийлгэхээр байтал хийлгээгүй, өгсөн зөвлөмж шаардлагыг биелүүлж ажилласан эсэх нь тодорхойгүй байна. Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх хуваарь, чиглэлийн биелэлтийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

Шатахуун түгээх станцын барилга байгууламжуудын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхэд нефтийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр зураг төслийг норм стандартын дагуу захиалан хийлгэж, эрх бүхий албан тушаалтнаар батлуулан /аймгийн ерөнхий архитектороор/ экспертизээр орсноор тухайн зураг төсөл хүчин төгөлдөр болдог. Баталгаажсан зураг болон холбогдох материалуудыг бүрдүүлэн мэргэжлийн байгууллагад /аймгийн ГХБХБГ/ хянуулснаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тухайн байгууллага олгодог. Гэвч ******* ХХК нь зураг төслөө баталгаажуулаагүй барилгын эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын MNS 5850:2008, MNS 4628: 2013 стандарт, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 1.5 дахь заалтыг зөрчиж байгаа тул үйл ажиллагааг зогсоож, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Аймгийн Засаг даргын 2016 оны А/96 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-т газар эзэмшүүлэх ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн арилгах арга хэмжээ авна гэсэн заалтын дагуу шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээний 3.7, 3.8-т заалтын хэрэгжилтийг хангуулаагүй, мөн гэрээний 4.2.2-т заасан зөвшөөрөлгүй өргөтгөл хийхийг хориглосон заалтыг зөрчин барилга барьж байхад хуулийн дагуу холбогдох арга хэмжээ аваагүй, мөн 4.2.5, 4.3-т заасан заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ эрх бүхий албан тушаалтнууд гүйцэтгээгүй тул Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалт болон бусад холбогдох заалтыг баримтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно гэжээ.

Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн баримтдаа: ******* ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/96 дугаартай Газар эзэмших эрх хүчингүй болгож үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК-ний захирал Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар нь дараах зүйлийг харилцан тохиролцлоо.

Нэхэмжлэгч ******* ХХК нь шатахуун түгээх станцын барилгын талбайн инженер геологийн судалгааны ЗТ16-91/13 дугаартай дүгнэлтийг гаргуулж, шатахуун түгээх станцын ажлыг зургийг Завхан аймгийн ерөнхий архитектор Д.*******оор батлуулсан байх тул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/96 дугаартай Газар эзэмших эрх хүчингүй болгож үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийг хариуцагч тал хүчингүй болгохоор эвлэрлийн гэрээг байгуулж байна. Энэ талаар дахиж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэж ойлгосон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Дээрх маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар тус захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар тухайн маргааныг шүүх шийдвэрлэхээр заасан байх тул захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан болно.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хоорондоо эвлэрэн хэлэлцсэнийг баталж, ******* ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/96 дугаар Газар эзэмших эрх хүчингүй болгож үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийн 2, 3, 4-р заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР