Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01080

 

Ц.Бат-Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаар магадлалтай,

Ц.Бат-Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй

“Шинжианлюдиван” ХХК-д холбогдох

2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15-102 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан уурхайн хянагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Бат-Оргил нь 2014 оны 9 дүгээр сараас Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Шинжианлюдиван” ХХК-д уурхайн хянагчийн ажилд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээлгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж ирсэн. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 15-102 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан нь хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарлажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж байгаа боловч энэ нь тодорхой бус, хөдөлмөрийн дотоод журам хэрэгт байхгүй, тушаал гаргахдаа баримтжуулаагүй тул ноцтой зөрчил гэдгээ нотолж чадаагүй. Ажил олгогч Ц.Бат-Оргилыг хариуцсан ажлаа санаатайгаар хийгээгүй, шаардлага тавьсан хариуцагчийг хэл амаар доромжилсон гэсэн ч ажилтан ийм зөрчил гаргаагүй, хэл амаар доромжилсон эсэхийг ажил олгогч биш хуулийн байгууллага шалган тогтоох учиртай. Иймд ажилтныг хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан тул зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 15-102 тушаал хууль зүйн үндэслэлтэй. Ц.Бат-Оргил нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сахилгын арга хэмжээ авагдсан зөрчлөө давтан гаргасан гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээнд зөрчлийн талаар тодорхой заасан ба байгууллагын дотоод журмын 5.8-ын D-д зааснаар ажлаас халах үндэслэл болно. Ц.Бат-Оргил нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д зааснаар Ц.Бат-Оргилыг Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт байрлах “Шинжианлюдиван” ХХК-ийн уурхайн хянагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 6 480 246 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт байрлах “Шинжианлюдиван” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ц.Бат-Оргилд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Шинжианлюдиван” ХХК-аас 118 633 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаар магадлалаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д зааснаар” гэсний дараа “...“Шинжианлюдиван” ХХК-ийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15-102 дугаар тушаалыг хүчингүй болгож,...” гэсэн нэмэлт оруулж, 2 дахь заалтын “...олгосугай.” гэснийг “...олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т заасныг баримтлан ажилтан Ц.Бат-Оргилын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, түүний дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Шинжианлюдиван” ХХК-д үүрэг болгосугай.” гэж нэмж өөрчилж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч “Шинжианлюдиван” ХХК-аас 188 833 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т зааснаар иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... “Шинжианлюдиван” ХХК болон ажилтан Ц.Бат-Оргил нарын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 7.2.3.-ийн 3 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг татан авсныг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 633 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэрэг шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн. Мөн захирал Х.Хувьсгалт нь ажилтан Ц.Бат-Оргилтой 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болоод ажлын байрны тодорхойлолтуудыг хийсэн. Анхан шатны шүүх хуралдааны өмнө хөдөлмөрийн гэрээг эх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгсөн ч шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Ц.Бат-оргил нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14-79 дугаартай тушаалаар хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасны дагуу сахилгын шийтгэл авагдсан бөгөөд тус компанид ажиллаж байсан, ямар нэгэн гомдол гаргалгүйгээр түүнийгээ хүлээн зөвшөөрсөн байхад шүүх сахилгын шийтгэл ногдож байснаар дүгнээгүйд гомдолтой. “Шинжианлюдиван” ХХК нь Ц.Бат-оргилтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнийхээ 7 дугаар зүйлийн 7.2.3-т гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлээ тодорхой зааж өгсөн. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг хэлнэ. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон компанийн дүрмийг хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол, Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх жижгээр танхайран нийгмийн хэв журам, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа үүрэгтээ холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоноо гэдгээ тухайлан нэрлэж заасан байхад анхан шатны шүүх үнэлээгүй хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ц.Бат-Оргилыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгосон шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тайлбарын 15д-д  “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байна” гэж заасны дагуу захирал Т.Эрдэнэтуяа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заалтыг Ц.Бат-Оргилыг ажлаас халах тушаалдаа заавал баримталсан байхад анхан шатны шүүх 15-102 дугаартай тушаалыг хүчингүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг нотлох баримтын хамтаар давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн ч зөвхөн нэхэмжлэгч талыг оролцуулан шүүх хуралдааныг хийж хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байх ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин магадлалын зарим хэсгийг хүчингүй болгоно.

Нэхэмжлэгч нь “Шинжианлюдиван” ХХК-д /Улсын бүртгэлийн гэрчилгээ хх-127/ холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15-102 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан бичилт хийлгэхийг даалгах” нийт 4 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “хөдөлмөрийн гэрээний 7.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг нэмэгдүүлэн гаргажээ. /хх-46/

Хариуцагч нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15-102 дугаар тушаалаар Ц.Бат-Оргилыг уурхайн хянагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан байх ба тушаалд “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зохицуулалтыг баримталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Ц.Бат-Оргил нь хариуцсан ажлаа санаатайгаар хийгээгүй, шаардлага тавьсан хариуцагчдыг хэл амаар доромжилсон гэх зөрчлийг гаргасан болох нь баримтаар тогтоогдоогүй тул ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж үзнэ. Зөрчлийг гаргасан, илрүүлсэн хугацаа, зөрчил тогтоогдсон байх нөхцөлүүд нь ажил олгогчийн тушаалыг үндэслэлтэй эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой бөгөөд эдгээр үйл баримт тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан зохицуулалтын дагуу болсон байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “хөдөлмөрийн гэрээний 7.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” шаардлагын талаар дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 115, 116 дугаар зүйлд нийцээгүй, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ мөн хуулийн 106 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “...2015 оны 15-102 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөх олговор гаргуулах, холбогдох дэвтэрт зохих бичилт хийлгэх, хөдөлмөрийн гэрээний 7.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах...” гэсэн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр “хөдөлмөрийн гэрээний 7.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” шаардлагыг гаргаагүй тул нэхэмжлэгч шүүхэд гаргасан 5 шаардлагаа 4 болгон багасгасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй бөгөөд шүүх хуралдаан дээр өөрийн нэг шаардлагын талаар дурдаагүй тул шүүх зохигчдын мэтгэлцсэн буюу “...2015 оны 15-102 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөх олговор гаргуулах, холбогдох дэвтэрт зохих бичилт хийлгэх...” шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-г зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч шаардлагаа багасгасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан гэж үзсэн нь үндэслэлгүйгээс гадна ийнхүү дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-г буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т “...нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно...” гэж, 106.5.-д “...хуулийн 106.3...-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол ...татгалзлыг ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. ...74.4-н зохицуулалт нэгэн адил хамаарна...” гэж зааснаас үзвэл 106.3.-т заасан “...татан авах...” гэдэг нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд хамаарна.

Монголд Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгон 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 болгож өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188 899  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

   ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА