| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/02894/И |
| Дугаар | 181/ШШ2024/05077 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/05077
| 2024 12 02 | 181/ШШ2024/05077 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* тоотод оршин байрлах, ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 44 дүгээр байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 5.470.200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1.000.000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Элит Техно Монгол Сервис ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн цэвэрлэгээний Kirby Sentria төхөөрөмжийг худалдан борлуулдаг билээ.
Иргэн Б.Хишигбуян 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Б.Хишигбуян нь 5.700.000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 300.000 төгрөгийг 3 хоногт үлдсэн төлбөрийг 18 сарын туршид 300.000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр төлж дуусгах нөхцөлтэйгээр тохиролцон гэрээ байгуулсан. Үүний дараа Б.Хишигбуян нь дараах байдлаар төлөлт хийсэн. Үүнд:2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, нийт 2.100.000 төгрөгийг төлсөн. Харин төлөөгүй үлдэгдэл 3.600.000 төгрөгийг төлөөгүй юм. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор заасан ба алдангийг Иргэний хуульд заасны дагуу нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 1.800.000 төгрөг, мөн эрэн сурвалжлуулсаны зардал 70.200 төгрөг, үндсэн төлбөр 3.600.000 төгрөг, нийт 5.470.200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Хишигбуян нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ******* ХХК-тай Кирби сентра төхөөрөмжийг 5.700.000 төгрөгөөр худалдан авсан. Тус компани төхөөрөмжийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ашиглах заавар зөвлөгөө өгөөгүйн улмаас бүрэн ашиглаж чадахгүй болохоор нь хадгалаастай байсан бөгөөд 2019 онд энэ компанийн нэг ажилтан хүрч ирээд та төхөөрөмжөө буцааж өгөх үү, үлдэгдэл төлбөрөө төлөх үү гэхээр нь би буцааж өгье гээд хүлээлгэн өгсөн. Тэгээд манайх төлсөн мөнгөө буцааж авья гэхэд 1.000.000 төгрөгийг буцааж төлье гээд төхөөрөмжөө аваад явсан ч мөнгийг өгөөгүй. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан акт үйлдэж тэмдэглэлийн дэвтэр дээр бичүүлж авсан бөгөөд тухайн компанийн 94088777 гэсэн утасны дугаартай ажилтан хүээн авсан гэж гарын зурж баталгаажуулаад явсан. Иймд төхөөрөмжөө авсан тул 1.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн хүсэл зорилгын дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь Б.Хишигбуянд холбогдуулан гэрээний үүрэгт 5.470.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч төлсөн 1.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэх боломжгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлээ жич гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Хишигбуянд холбогдох гэрээний үүрэгт 5.470.200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.Хишигбуянд олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ