Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/05200

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/05200

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дүгээр хороолол, *байр, * тоотод оршин суух, * овогт * * /РД: */-ын хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

хүсэлт гаргагч В.*,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэлмэг,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1994 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдлийн харьяа  * ББХК-д оёдолчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед тус байгууллагад оёдолчноор томилсон тушаал болон ажлаас гарсан тушаал байхгүй шалтгаанаар улсад ажилласан 1 жил 6 сар хасагдах байдалд хүрээд байна. Би холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Миний 1994 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Төрөл бүрийн барааны импекс хангамжийн харьяа  * ББХК-д оёдолчноор ажилласан 1 жил 6 сарын хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: В.*ы иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 3, 4, 7/, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт /хх 5/, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт /хх 6/, *ийн шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 8-9/, фото зураг /хх 41/, *ын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 47/, *ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 57/.

3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Нийгмийн даатгалын ерөнхий газрын 05/2004 тоот албан бичиг /хх 19/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/12101 тоот албан бичиг, хавсралт /хх 20-40/, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2601 тоот албан бичиг, хавсралт /хх 55-56/, Хүсэлт гаргагчийн хүсэлтээр * /хх 14-15/, * /хх 49-50/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл.

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч В.*ы ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. *овогт * * нь 1994 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Разноимпэкс нэгтгэл хувьцаат компанийн * үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан В.*д 1995 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр олгогдсон 375053 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааны авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 9/12101 тоот албан бичгийн хавсралт Разноимпэкс нэгтгэл хувьцаат компанийн бүртгэлийн баримтуудаар, гэрч *, * нарын мэдүүлгээр нотлогдож байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч В.*ы ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, түүнийг 1994 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Разноимпэкс нэгтгэл хувьцаат компанийн * үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *овогт * * / */-ыг 1994 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Разноимпэкс нэгтгэл хувьцаат компанийн * үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан В.*ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН