| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0055/э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 76
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгч Г.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Ариунболдод холбогдох 1708018020271 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 28-03 тоотод оршин суух,
- урьд 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар гэм буруутайд тооцож, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон,
2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Боржигон овогт Ганболдын Ариунболд, РД:ЧВ87121215
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Ариунболд нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 39 дүгээр гудамжинд иргэн Б.Чимэддоржийг зодож, биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нэг шүдний сулрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Ариунболд нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 39 дүгээр гудамжинд иргэн Б.Чимэддоржийг зодож, биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нэг шүдний сулрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Б.Чимэддоржийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 5 шарын урд талд байрлах турба зардаг газраас 1 ширхэг, 5 метр турба авсан. Маргааш нь 15 цагийн үед гэртээ ирэхэд жалга руу чиглүүлээд зөөсөн байдалтай байсан. Би хулгайлах гэж байсан байна гэж бодоод жалганаас гэр лүүгээ зөөсөн. Хажуу айлын Болор-Эрдэнэ 3-4 залуу архи ууж байснаа “зам хаалаа, наад трубагаа холдуул” гэхэд “би өөр газар тавьсан, та нар хулгай хийх гэж миний трубаг жалга руу аваачсан уу” гэтэл Ариука гэх залуу нь намайг босож ирээд миний нүүрэн тус газар 3-4 удаа цохиж гэмтээсэн, миний хиймэл шүд хугарч нэг шүд хөдөлсөн, уруул сэтэрсэн, 300.000 төгрөг нэхэмжилж байна. Нэг залуу нь босож ирээд миний нүүр ам руу шууд гараараа 3-4 удаа цохисон. Тэр Ариука гэх залуугаас өөр цохиж зодсон хүн байхгүй. Болор-Эрдэнэ ирж салгасан, би тэр залууг зодсон асуудал байхгүй, 258.000 төгрөг нэхэмжилж байна, үүнийг өгчихвөл гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-17-19, 20-21/,
- гэрч Ж.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай нэг ажил хийж байсан зүс таних Ариука гэх залуу Чимэддоржийн нүүрэн хэсэгт 3 удаа цохисон, би салгасан...гэх мэдүүлэг /хх-23/,
- гэрч М.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 13.00 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд нөхөр Болор-Эрдэнэ, Ариука Бандиа, Энхээ нар архи ууж байсан. 16:00 цагийн үед манай хөрш Чимэддорж, Ариука 2 маргалаад Чимэддоржийг Ариука гараараа нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж харагдсан...гэх мэдүүлэг /хх-26/
- гэрч А.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Болор-Эрдэнэ ахын хашаанд шарилж зулгаангаа 2 шил архи хувааж уусан. Болор-Эрдэнэ ахын хөрш үл таниих залуу “намайг болон бусад ажил хийж байсан залуусыг “муусайн хулгайч нар” гэж хэл амаар дормжлоод байсан. Ариука гэх залуу тэр хэл амаар доромжилсон ахыг 2-3 удаа нүүрэн тус газар нь цохиж харагдсан...гэх мэдүүлэг /хх-27/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №11832 дугаартай шинжээчийн:...Б.Чимэддоржийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-30/
- шүүгдэгч Г.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Болор-Эрдэнэ ах “манай хашаанд ойр зуурын юм хийгээд өгөөч” гэхээр нь “за тэгье” гэсэн. Болор-Эрдэнэ ахын хашааны үүдний ойролцоо зам дээр бүдүүн турба зам хаагаад тавьчихсан байхаар нь уг турбаг хашааны үүднээс холдуулсан. Тэгтэл хажуу айлын ах гарч ирээд “та нар миний турбаг хулгайлах” гэж байна гээд дайраад байхаар нь би нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон, Болор-Эрдэнэ ах салгаад аваад явсан. Тухайн үед халамцуу байсан, “турба хулгай хийх гээд байна уу, хулгайч нар” гэхээр нь уур хүрээд цохисон, нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-37-38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Ариунболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Чимэддорж нь хохирлын төлбөрт 260.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн байх /х-73/ тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ариунболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ариунболдыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ариунболдод оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ариунболд нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ариунболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР