| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03732/И |
| Дугаар | 102/ШШ2024/05292 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/05292
| 2024 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/05292 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, * тоотод байрлах * ХХК /рд:*-/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75, 2-11 тоотод байрлах * ХХК /рд:6425313/,
Нэхэмжлэлийн шаардлага: 10,038,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Очир,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.
/нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * ХХК-д холбогдуулан 10,038,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
* ХХК нь * ХХК-тай 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр №1-OD-HA-54 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан боловч гэрээний үлдэгдэл 10,038,000 төгрөгийг төлөлгүй өдийг хүрсэн. Иймд 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр №1-OD-HA-54 дугаартай Хамтран ажиллах гэрээний 7 дугаар зүйл 7.1, 7.5-т заасан тус тус зөрчсөн бөгөөд * ХХК-иас 10,038,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/, Хамтран ажиллах гэрээ /хх 4-5/, * ХХК-ийн 02 тоот Төлбөр барагдуулах тухай албан бичиг /хх 6/, итгэмжлэл /хх 7/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Ц.Баасандоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 12/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 13/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч * ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчтай байгуулсан Хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөрт 10,038,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагч * ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.Баасандорж нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн №1-OD-HA-54 тоот Хамтран ажиллах гэрээгээр * ХХК-ийн зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг * ХХК нь онлайнаар захиалга авах, тээвэрлэх, хадгалах, түгээх үйлчилгээг үзүүлэх, * ХХК нь дистрибютерийн үйлчилгээний төлбөрийг тухайн сарын татан авалтын үнийн дүнгийн 10% /НӨАТ-гүй/ тооцон сар бүр нэхэмжлэх, гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулж, талууд хоорондоо үүссэн борлуулалтын тооцоог дараа сарын ажлын 3 хоногийн дотор нийлж гарын үсгээр баталгаажуулах, тухайн сарын борлогдсон барааны төлбөрийг дараа сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулах, гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй бол барагдуулаагүй хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.
Уг гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран ажиллах тохиролцоо хийж, харилцан үүрэг хүлээх хэлбэрээр хамтран ажиллах гэрээ байгуулагдана гэж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан.
Хариуцагчаас 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн №1-OD-HA-54 тоот Хамтран ажиллах гэрээг байгуулагдсан эсэх, мөн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй.
4.2. Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан * ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот Төлбөр барагдуулах тухай албан бичиг нотлох баримтаас үзвэл, хариуцагч * ХХК нь 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн №1-OD-HA-54 тоот Хамтран ажиллах гэрээний төлбөрт 10,038,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, уг албан бичигт * ХХК нь * ХХК-д 2024 оны 1 дүгээр сарын 12-ны байдлаар 10,038,000 төгрөгийн өртэй байна. Бидний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэл учирсан тул та бүхэнд төлөх 10,038,000 төгрөгийн төлбөрийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Хугацаа 2024.03.20, төлөх нөхцөл 10,038,000 төгрөг гэж бичсэн байна.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул хариуцагч * ХХК-ийг нэхэмжлэгч * ХХК-тай байгуулсан* тоот Хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөрт 10,038,000 төгрөг төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч * ХХК-иас Хамтран ажиллах гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 10,038,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгож шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 175,558 төгрөгийг төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 10,038,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 175,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 175,558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН