Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/05086

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 03

181/ШШ2024/05086

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт /регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,, тоотод бүртгэлтэй ч, ,,, тоотод байрлах, /регистрийн дугаар:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 6.052.186 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь -д холбогдуулан гэрээний үүрэгт 6.052.186 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие -тай 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 179 тоот Зуны амралтаараа АНУ-д ажиллаж, амьдрах хөтөлбөрийн зуучлалын гэрээ-г байгуулж, гэрээгээр миний зүгээс хөтөлбөрийн төлбөрийг төлөх, хариуцагч нь АНУ-д зуны амралтаараа ажиллаж, амьдрах хөтөлбөрт хамруулах үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хөтөлбөрийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1.587.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 6.920 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2.062.800 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 2.172.366 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 4.740.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2.703.500 төгрөг, нийт 13.272.586 төгрөгийг төлсөн.

Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зуучлалын хөтөлбөрийн төлбөрийг бүрэн төлсөн ба 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр АНУ-д очин хөтөлбөрийн дагуу 6 дугаар сарын 01-03-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд ажил олгогч байгууллагын зүгээс намайг жирэмсэн учраас ажиллах боломжгүй тул 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор АНУ-аас гарах шаардлагатай гэх утга бүхий и-мэйл шуудан ирснээр би 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсад ирснээр зуучлалын гэрээ цуцлагдсан гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлын талаар зуучлагч байгууллагадаа 2024 оны 6 дугаар сарын*******-ний өдөр мэдэгдэхэд Манайд хэлсэн нь яахав, чи өөрөө асуудалгүй нууж чаднаа гээд явсан гэж ойлгосон ш дээ, мөнгөний ямар ч буцаалт байхгүй ээ гэх хариуг ирүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрийн буцаалтыг эгүүлэн төлөхгүй байгаа тул өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Зуучлагч байгууллагад 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр жирэмсэн гэдгээ мэдэгдэхэд энэ нэг их асуудал бол болохгүй ээ, чамд л хэцүү байж магадгүй миний дүү, ажил хийхэд чинь гэх хариуг өгсний улмаас би АНУ руу явж, спонсор байгууллагаас олгосон ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлаас буюу хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломжгүй болж хасагдсан. Гэрээний 7.11-т зааснаар З.Зуучлуулагч нь ...болон хөтөлбөрөөс хасагдсан тохиолдолд нийт төлбөрөөс 200 т.н суутгах гэсэн заалтын дагуу Хөтөлбөр зуучлалын гэрээ-ний дагуу зуны амралтаараа АНУ-д ажиллаж, амьдрах хөтөлбөрт хамрагдахтай холбогдуулан хариуцагчид төлсөн 13.272.586 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анх шаардсан.

Сүүлд төлсөн мөнгө АНУ явах билетний мөнгө багтсан байх тул багасгаж байна. Нийт зуучлалын хөлсөд төлсөн 1.990 ам доллараас гэрээний 7.11-т зааснаар 200 ам долларыг суутган 1.790 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 3.381,11 төгрөгөөр тооцож 6.052.186 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Г.Хүсэл-Эрдэнэ болон манай байгууллагын хооронд 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан тоот Хөтөлбөрийн зуучлалын гэрээний 1.7 дахь хэсэгт хамрагдаж байгаа оюутан дараах шаардлагыг хангасан байна гээд 1.7.9-д болон эрүүл мэндийн ноцтой асуудалгүй байх гэж заасан. Гэрээ байгуулах үед нэхэмжлэгч энэ талаар мэдэж зөвшөөрч гарын үсэг зурсан ба байгуулагдсанаас хойш хөтөлбөр хэрэгжиж дуусах хүртэл гэрээний уг шаардлагыг биелүүлэх үүргийг нэхэмжпэгч өөрөө хүлээх ёстой. Мөн гэрээний 2.2.8-д ...ажил олгогч компанитай байгуулсан хөтөлбөр, ажлын бопон ... гэрээг зөрчсөн ...тохиолдолд хөтөлбөрөөс хасагдаж, Монгол Улс руу буцахаас гадна гэрээнд заасан барьцаа төлбөр буцаан олгогдохгүй ... гэж харилцан тохиролцсон.

Гэтэл нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу харилцан тохиролцож байгуулсан гэрээний үүргээ өөрөө зөрчсөнөөс үүдэлтэйгээр ажиллах боломжгүй болж гэрээнд заасны дагуу Монгол Улс руу буцаж ирсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч манайд төлөөгүй онгоцны тийзийн мөнгө зэргийг оруулж тооцон нийтдээ 13.272.586 төгрөг төлсөн гэсэн байна. Нэхэмжлэгч гэр бүлийнхэнтэйгээ хамт нийтдээ гурван хүн манайхаар зуучлуулахдаа хамт төлбөр төлсөн хүмүүсийн баримтыг өгсөн байна. Манай зуучлалын хөлс нэг хүн 2.025 ам доллар байдаг, энэ мөнгийг нэхэмжлэгч төлсөнд маргахгүй.

Гэрээний 7.11-ийн 3-т энэ тохиолдол хамааралгүй. Учир нь гэрээний дээрх заалт дахь хөтөлбөрөөс хасагдсан тохиолдол гэдэгт анхнаасаа виз гараагүй, хөтөлбөрт хамрагдаагүй, хасагдах тухай байгаа. Харин нэхэмжлэгчийн тухайд виз гараад АНУ явчихсан тул зуучлалын гэрээний тухайд зуучлагч үүргээ биелүүлсэн. Өөрөөс шалтгаалах нөхцлийн улмаас нэхэмжлэгч буцсан тул гэрээний 7.3-т зааснаар буцаан олгох үндэслэлгүй. Манай ажилтан мэссэж бичиж хариулсанд маргахгүй ч компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, кассын орлогын ордер, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 179 дугаар Хөтөлбөрийн зуучлалын гэрээ, хөтөлбөрт хамтрагдагчтай тусгайлан байгуулах гэрээ, дансны хуулга, фэйсбүүк чатын зураг, гадаад паспортын хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 3-36, /

Хариуцагчаас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, фэйсбүүк чатны зураг, дансыг шүүж үзсэн хүснэгт, дансны дэлгэрэнгүй хуулга, фэйсбүүк чатны зураг, кассын орлогын ордер, хөтөлбөрийн зуучлалын гэрээ, J-1 виз мэдүүлэхэд авч орох хэрэгтэй баримт бичиг болон анхаарах зүйлс, ажил сонголт хийхэд анхааруулах санамж, бэлэн мөнгөний орлогын баримт, Хөтөлбөрийн зуучлалын гэрээ, Хөтөлбөрт хамрагдагчтай тусгайлан байгуулах гэрээ, кассын орлогын ордер, Оюутны буцан ирэх баталгаа болон хариуцлагын гэрээ, Ажилд авах тухай тушаал, -ийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/05 дугаар тушаал, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /хх44-46, 98-147/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Г.Хүсэл-Эрдэнэ нь -д холбогдуулан гэрээний үүрэгт 13.272.586 төгрөг гаргуулахаар анх шаардсан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6.052.186 төгрөг болгож бууруулсан тул шүүх энэ хүрээгээр шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: тус байгууллагаар зуны амралтаараа АНУ-д ажиллаж амьдрахад зуучлуулсан, зуучлагч байгууллагын буруутай ажиллагаанаас АНУ явсан боловч буцаагдсан, явж болохгүй гэдгийг анхнаасаа хэлсэн бол их хэмжээний хохирол учрахгүй байсан тул зуучлалын хөлсний зарим хэсгийг буцаан гаргуулна гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ:зуучлагч үүргээ бүрэн биелүүлсэн, өөрөөс хамаарах шалтгаанаар АНУ-аас буцаагдсан, анхнаасаа жирэмсэн хүн явж болохгүй гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан гэв.

4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас , нөгөө талаас Г.Хүсэл-Эрдэнэ нар харилцан тохирч 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 179 тоот Зуны амралтаараа АНУ-д ажиллаж амьдрах хөтөлбөр зуучлалын гэрээ-г байгуулжээ. Дээрх гэрээгээр Зуучлагч нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэрэгждэг олон улсын соёл, солилцооны хөтөлбөрийн хүрээнд үйлчилгээ үзүүлэхэд холбох, АНУ-д ажиллах ажлын санал, эрүүл мэндийн даатгал, карт авах эрх болоод визний талаарх мэдээлэл өгөх, виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх зэргээр хөтөлбөртэй холбоотой мэдээллээр хангаж хамруулахаар, Зуучлуулагч зуны амралтаараа хөтөлбөрт хамрагдаж 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад буцаан ирэх, зуучлагчаас шаардсан баримт бичиг мэдээллийг бүрэн дүүрэн өгөх, зуучлалын хөлс төлөх үүргийг хүлээхээр заажээ. /хх 7-12/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.2.Зуучлалын хөлс гэрээний 3.1-д заасан 1990 ам доллар, 3.4-д заасан 35 ам доллар, нийт 2.025 ам доллар төлсөн үйл баримтад зохигчид маргаагүй.

4.3.Нэхэмжлэгчид АНУ-д R-J1 ангилалаар зорчих виза 2024 оны 5 дугаар сарын 13-нд олгогдож, улмаар тус улсад очсон боловч 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн, ийнхүү хугацаанаас өмнө хөтөлбөрөөс хасагдаж буцах болсон үндэслэл жирэмсэн гэдэгт зохигчид маргаагүй, хэрэгт авагдсан гадаад паспорт дах тэмдэглэгээгээр тогтоогдсон.

5.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

5.1.Зуучлагч байгууллага нэхэмжлэгчийг хөтөлбөрт хамруулахад холбох, виза гарахад материал бүрдүүлэх, АНУ-д ажиллах ажлын байрыг олж өгч холбох зэргээр гэрээнд заасан үндсэн үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул зуучлалын гэрээний үр дүн гарсан гэж үзнэ.

5.2.Зохигчдын хоорондох гэрээний 7.11-д гэрээ цуцлахад суутгах төлбөрийг тусгаснаас 3-т зуучлуулагч нь ажил олгогчийн ярилцлагад тэнцээгүй болон хөтөлбөрөөс хасагдсан тохиолдолд нийт төлсөн төлбөрөөс 200 ам доллар суутгаж, үлдэх хэсгийг буцаан олгохоор заажээ.

Зохигчид гэрээний дээрх заалтад маргаж, нэхэмжлэгчээс хөтөлбөрөөс хасагдсан тохиолдолд бүх тохиолдол хамаарна, гэрээгээр тохирсон гэж харин хариуцагчаас АНУ явж чадалгүйгээр анхнаасаа хасагдвал гэрээний 7.11.3-т хамаарна гэж тайлбарлаж маргасан.

Гэрээний дээрх зохицуулалт дах хөтөлбөрөөс хасагдсан гэдэгт маргааны энэ тохиолдол хамаарахгүй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч ажил олгогчийн ярилцлагад тэнцэж, виза олгогдож, АНУ очсоны дараа ажил олгогч түүнийг жирэмсэн гэдгийг олж мэдсэнээр хөтөлбөр цуцлагдаж буцаж ирсэн тул энэ нь зуучлалын хөлснөөс 200 ам доллар суутгаж бусад хэсгийг буцаан олгох тухай гэрээний 7.11.3-т заасан хөтөлбөрөөс хасагдсан тохиолдолд хамаарахгүй, хамаарах боломжгүй гэж дүгнэв.

6.Харин Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

6.1.Талуудын хоорондох гэрээний 1.7-д хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутанд тавигдах шаардлагуудыг нэрлэн зааснаас 1.7.9-д жирэмсэн болон эрүүл мэндийн ноцтой асуудалгүй байх шаардлага тавигдсан.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч АНУ явахаас өмнө 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5 долоо хоногтой жирэмсэн талаараа зуучлагч байгууллагын ажилтанд цахимаар мэдэгдсэн, түүний хариуд нээх асуудал болохгүй агуулгаар мэссэж илгээжээ.

Хэдийгээр гэрээнд жирэмсэн тохиолдолд хөтөлбөрт хамрагдах боломжгүй талаар тодорхой заасан, нэхэмжлэгч түүнийг мэдэж байсан боловч хариуцагч байгууллагаас боломжтой, асуудалгүй мэтээр хариу өгсний улмаас АНУ явахаас өмнө цуцлах боломжтой байтал цуцлаагүй болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаар нэг талаас зуучлагч байгууллагын ажилтны буруутай үйлдэл буюу АНУ явах боломжтой мэтээр нэхэмжлэгчид мэдэгдсэн үйлдэл, нөгөө талаас нэхэмжлэгч гэрээгээр жирэмсэн тохиолдолд хөтөлбөрт хамрагдах боломжгүй гэдгийг мэдсээр байж хөнгөмсгөөр найдаж АНУ явсан өөрийн буруутай үйлдэл аль алин нь хохирол учрахад нөлөөлсөн, үүний улмаас нэхэмжлэгч АНУ-аас хугацаанаас өмнө буцаж ирснээр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд зуучлагч үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэж шүүх зуучлалын хөлсөд төлсөн 1.990 ам долларын 50 хувийг хариуцагчаас хохиролд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 995 долларыг нэхэмжлэл гаргах үеийн ам долларын төгрөгтэй харьцах албан ханш 3,381 /3380,59/ төгрөгөөр тооцож 3.364.095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

6.2.хэрэгт авагдсан мэссэжийг харилцан илгээсэн үйл баримт, мэссэжний бичвэр дэх агуулгад тус тус зохигчид маргаагүй. Харин хариуцагчаас байгууллагыг төлөөлж харилцах, ийм хариуг өгөх эрхтэй этгээд биш, манай англи хэлний багш байсан гэж тайлбарлаж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, бичмэл ба цахим баримт байна гэж зохицуулсан.

Гар утас болон вичатаар хоорондоо харилцсан захидал анхаасаа цаасан бус цахим суурьтай баримтад хамаарах бөгөөд зохигчид цахим баримтын бичвэр дэх утга агуулгад, бичсэн эсэхэд тус тус маргаан үүсгээгүй, харин зөвхөн байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээдээс хариу өгсөн эсэхэд маргасан тул шүүх хэргийн 27-30 дах талд авагдсан баримтыг үнэлж маргааныг шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс тухайн баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж тайлбарласан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болоод хуралдааны явцад маргаагүй, түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд энэ талаар хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авахгүй.

6.3.Мэссэж бичсэн ажилтан компанийг төлөөлөх эрхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Тус хуулийн этгээдийн өмнөөс гадагш чиглэсэн харилцаанд англи хэлний багш оролцож хариуг өгсөн тул энэ тохиолдолд итгэл хамгаалах зарчмын дагуу хамгаалагдана. Ажилтан бусдад буруу ташаа мэдээлэл өгсөн асуудлыг хариуцагч байгууллага өөрийн баталсан Хөдөлмөрийн дотоод дүрэм журмынхаа дагуу шийдвэрлэвэл зохино.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Вандорлд центр ХХК-иас 3.364.095 /гурван сая гурван зуун жаран дөрвөн мянга ерэн таван/ төгрөг гаргуулж Г.Хүсэл-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.688.091 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224.313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 68.775 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ