Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2016/00255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн *********

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 155/2016/00156/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч ***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цэвээний Хишигжаргал нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10-н жилийн дунд сургуулийг 1981 оны 6-р сарын 20-нд 8-р ангиа төгсөөд тус сумын Алтан тал нэгдэлд 1981 оны 7-р сарын 01-нээс хоньчноор орж нэгдэл тартал тасралтгүй хоньчноор ажилласан. 5 хүүхэд төрүүлсэн тул өндөр настны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний Алтан тал нэгдэлд ажиллаж байсан хугацаа бүрэн тооцогдохгүй байна. Иймд Цэвээний Хишигжаргал миний Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1981 оны 7-р сарын 1-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэвээний Хишигжаргал нь 1981 оны 6 сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхрүмбэ сумын 10-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд нэгдлийн мал маллаж эхэлсэн. ***** нь 5 хүүхэд төрүүлж өсгөсөн, 50 настай өндөр насны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугаас улсад ажилласан жил нь тооцогдохгүй байна. Иймд түүний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

***** нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч ***** Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь Цэвээн овогтой Хишигжаргалд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70-р дансны хуулбарууд, гэрч ********** нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********** Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч *****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН