Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 79

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,                     

           улсын яллагч О.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Өлзий-Оршихын Батжаргалд холбогдох 1708023710237 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь  аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 5 дугаар бааз гудамж 6-3 тоотод  оршин суух,

- урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор суллагдсан, Шарнууд овогт Өлзий-Оршихын Батжаргал РД:НЫ77090177

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ө.Б нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алайр” хүнсний дэлгүүрт 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А.Сайханбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алайр” хүнсний дэлгүүрт А.Сайханбаярыг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохин, дух хэсэгт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хохирогч А.Сайханбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Алайр” нэртэй хүнсний дэлгүүрт үйлчлүүлэх гээд зогсож байхад гаднаас намхандуу нуруутай нэг согтуу залуу орж ирсэн. Би нэг шил архи аваад кассан дээр тооцоо хийх гээд зогсож байтал тэр согтуу залуу “чи холдож бай” гэхээр нь би “тооцоо хийх гэж байна” гэтэл миний араас зүүн гараараа 2 удаа миний нүүрний зүүн хэсэг рүү 2 удаа цохисон. Би эргэж хараад өөрөөсөө түлхтэл баруун гараараа миний нүүр рүү цохих шиг болсон. Тухайн үед намайг хутгаар гэмтээснийг мэдээгүй, цохих шиг болохоор нь хартал гарт нь жижиг хар хуванцар иштэй хутга байсан. Би хутгыг нь булааж авах гэж байгаад мушгиад хугалчихсан. Эмчилгээний зардалд 50.000 төгрөг, эмнэлэг явж үзүүлсэн таксины мөнгө 20.000 төгрөг, куртик зүсэж урсан 30.000 төгрөг нийт 100.000 төгрөг нэхэмжилж байна. Миний хувьд гомдол санал байхгүй. Батжаргал надаас уучлалт гуйж надад хохирлын мөнгө болох 100.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-21-22, 23/,

- гэрч Д.Мөнхсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Алайр” хүнсний дэлгүүрт Жижгээ буюу Батжаргал манай байнгын үйлчлүүлэгч залуутай маргасан. Тэр хоёр маргалдаж байгаад Жижгээ нөгөө залуугийн араас нүүр рүү нь цохисон. Нөгөө залуу эргээд хартал хөмсөг рүү нь хутгаар зүсчихсэн...гэх мэдүүлэг /хх-30-31/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №14034 дугаартай шинжээчийн:...А.Сайханбаярын биед духанд шарх, баруун хацар, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-33/

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/

            - хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-10/

            - эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-11/

            - эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-18/

- ял шийтгэгдсэн эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар /хх-46, 59/

- шүүгдэгч Ө.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би 22-н товчоо орсон. “Хүнс трейд” колонкийн ард 2 жилийн өмнө нүүрс шуудайлж байсан 2 залуутай тааралдсан. Тэгээд бид 3, 0.75 литр архи хувааж уусан. Намайг гэр лүүгээ харих замд “шинэхэн, хар иштэй жижигхэн хутга” газарт байхаар нь аваад халаасандаа хийчихсэн. Нилээн согтсон байсан. Замаараа танил Мөнхсүрэнгийн дэлгүүрээр ороод уг дэлгүүрт үйлчлүүлж байсан, эрэгтэйтэй  маргаад халаасалж явсан хутгаараа түүний хөмсгийг нь зүссэн байсан. Уг болсон асуудлын талаар би сайн мэдэхгүй, орж гараад байгаа. Тэр залууг өмнө нь харж байгаагүй танихгүй залуу байсан. Би буруутай. Болсон асуудалд гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-42-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Ө.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

   Хохирогч А.Сайханбаяр нь хохирлын төлбөрт 100.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн байх /х-61/ тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.    

   Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.      

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г уг хэрэгт хадгалах хугацаа дуустал нь үлдээж, 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Ө.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Быг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Бд оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г уг хэрэгт хадгалах хугацаа дуустал үлдээж, 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ө.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР