| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0056/э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 78
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Н,
шүүгдэгч Ц.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Унхан овогт Цэрэннадмидын Ичинхорлоод холбогдох 1708018370216 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт-Од төвийн дотор үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй бааранд Н.Мандахтуяагийн нүүрэн тус газар пивоны шилээр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт-Од төвийн дотор үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй бааранд Н.Мандахтуяатай хөл дээр гишгэлээ гэх асуудлаас маргалдан пивоны шилээр нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Н.Мандахтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн танил Мөнхсувдтай Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Гэрэлт-Од төвийн дотор байрлах “888” бааранд үйлчлүүлж байхдаа 00 өрөө орохоор үүд рүү гарч яваад булангийн орчимд байрлах ширээнд сууж байсан нэг охины хөл дээр санаандгүй гишгэчихсэн. Тэгтэл тэр охин миний өөдөөс нэг юм хэлээд ширээн дээр байсан пивоны шилийг аваад миний нүүрэнд нэг удаа цохисон. Тэгээд миний ам хамраас цус гараад би доошоо тонгойсон...Цохиулсанаас болоод миний уруул сэтэрч цус гараад шүд хөдөлсөн...гэх мэдүүлэг /хх-8-9/,
- гэрч П.Мөнхсувдын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр танил эгч Мандахтуяатай ”888” нэртэй бааранд орсон. Тэндээ пиво уугаад сууж байгаад Туяа /Мандахтуяа/ эгч бие заслаа гээд гараад явсан. Удалгүй хамраа дараад ороод ирсэн. Би яасан юм бэ гэхэд тэр цаана байгаа хаалганы зүүн талд 00-н өрөөний хажууд сууж байсан охин хажуугаар гарахдаа хөл дээр гишгэхэд миний нүүр рүү ууж байсан пивоны шилээр цохичихлоо гэсэн...гэх мэдүүлэг /хх-13-15/,
- гэрч Ц.Туулын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр миний төрсөн өдөр болоод манай дүү Ичинхорлоо манай гэрт 13 цагийн үед ирсэн. Тэр үед нөхөр, манай дүү, бид нар вино, пиво, нэг шил 0.5 литрийн архи задлаад хувааж уугаад гэрт байж байгаад Ичинхорлоо бид хоёр бүжиглэчихээд ирье гээд явсан. Тэгээд бид хоёр бааранд ороод бүжиглэж байтал Ичинхорлоо тэр хөгшин эгчтэй маргалдаад хамгаалагч нар салгаж байсан...гэх мэдүүлэг /хх-20-22, 68-69/,
-гэрч А.Энхжингийн мөрдөн байцаалтад өгсөн:...бааранд зөөгч ажилтай. Тухайн өдөр 23 цагийн орчим хоёр согтуу эмэгтэй хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгэхэд 40 орчим насны эмэгтэй, бас 25-30 орчим насны эмэгтэй байсан. Хамгаалагч очиж салгаад гадаа гаргасан. Хамгаалагч очиж салгахад настай эмэгтэйн амнаас цус гарчихсан байсан. Залуухан эмэгтэй нь гартаа барьсан байсан пивоны шилээ шидэхэд оноогүй хажуугаар нь зөрсөн...гэх мэдүүлэг /хх-23-25, 26-27/
-гэрч Д.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн:...бааранд бармен ажилтай. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажил хийж байхад баарны үүд хэсэгт зүүн хойд буланд зодоон болсон юм шиг байсан. Тэгээд уг хүмүүсийг хамгаалагч очиж салгаад гаргах гээд үүд рүү явж байхад нь харахад тэр 40 орчим насны гэмээр хөгшин эгчийн дээд уруул нь сэтэрчихсэн юм уу, шалбарчихсан юм уу цус гараад гоожсон байдалтай гарч байсан. Залуу эмэгтэй нь 25-30 орчим насны эмэгтэй байсан ба тэр эмэгтэй нөгөө эмэгтэй рүү пивоны шил шидсэн ба тэр шил нь оноогүй...гэх мэдүүлэг /хх-28-29/
-гэрч Х.Цогтбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би ажил дээрээ байж байхад Ичинхорлоо Туул гээд эгчийн төрсөн өдөр гээд тэдний гэр рүү очсон байсан. Тэгээд намайг ажлаа тараад 22 цагийн орчимд Туул гэх эгчийнх нь гэрт очиход Ичинхорлоо тэд нартай пиво уучихсан сууж байсан. Тэгээд намайг ирсэн чинь тэд нар бааранд орж ганц ганц пиво ууна гээд би Туул, Ичинхорлоо нарыг Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянхошууны тойрог дээр байдаг Гэрэлт-Од төвийн гадаа хүргэж өгөөд би өөрөө машиндаа сууж үлдээд тэр хоёр дотогшоо орсон. Тэгээд 20-30 минутын дараа тэр хоёр гарч ирж тамхи татчихаад буцаад орсон. Тухайн үед Ичинхорлоо хэлэхдээ ганц хоёр аяан дээр бүжиглэчихээд гараад ирье гэж хэлж байсан. Түүнээс хойш 20 орчим минутын дараа цагдаа нар баар руу ороод буцаад гарч ирэхэд Ичинхорлоо, Туул хоёр цуг гарч ирээд хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь би явж очоод юу болсон талаар асуухад цагдаа нар хэлэхдээ манай эхнэрийг хүн зодсон, пивоны шил шидсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-30-31/
-гэрч Т.Амгаланбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:...баарны хамгаалагчаар ажилладаг. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа хийж байхад 23 цагийн орчимд баарны үүдний ширээний хажуу талд шил хагарах чимээ гарахаар нь би хартал Ичинхорлоо гэх эмэгтэй нь Мандахтуяа гэх эмэгтэйтэй зууралдаж байсан ба уруулаас цус гарч байсан. Хагарсан шил нь пивоны шил байсан ба уг шилээр цохиод хагарсан юм уу эсвэл шилээр цохичихоод газар шил нь унахад хагарсан юм уу мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-66-67/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №12588 дугаартай шинжээчийн:...Н.Мандантуяагийн биед нэг шүдний сулрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-35/
- шүүгдэгч Ц.Игийн мөрдөн байцаалтад өгсөн:... бид хоёр 00 орчихоод буцаад орж ирээд би 40-45 орчим насны эгчтэй маргалдаж байсан, тэрийгээ санаж байна. Тухайн үед миний ухаан санаа жаахан орж гараад байсан, зарим зүйлийг санахгүй байна, би тэр эмэгтэйг цохисоноо санахгүй байна. Намайг цохисон гэж байгаа тул би хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-72-73/
- хохирогчид учирсан гэмтлийг бэхжлүүлсэн гэрэл зураг болон хохирлын баримтууд /хх-74/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Мандантуяа нь баримтаар 45.000 төгрөг нэхэмжилснээс /хх-74/, шүүгдэгч нь төлөхөө илэрхийлсэн байх тул уг хохирлыг төлөх хугацааг шүүгдэгчийн хөдөлмөрлөх, орлого олох боломжийг харгалзан 3 сараар тогтоов.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Иг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ид оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохиролд 45.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.И нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР