Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2050

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК--ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/02893 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК--ийн хариуцагч “К Э Т К” ХХК--д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“К Э Т К” ХХК- нь манай эзэмшлийн цэвэр усны худгийн таг дээр 2017 онд шороо асгаж дараад тэгшилсэн. Манай худгийг ил гаргаж өгнө үү гэж олон удаа тус компанид хүсэлт гаргасан боловч энэ талаар тодорхой арга хэмжээ аваагүй, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүргэсэн. Хаана байгааг нь мэдэгдэхээргүй болгосон худгийг иргэн А.А-тай тохиролцож жижиг экскаватороор нь самардуулж худгийн тагийг ил гаргасны ажлын хөлс 200 000 төгрөг төлсөн. “К Э Т К” ХХК- нь худгийн таг ил байхад нь үл тоож, шороо асгаж булсанаас учирсан 200 000 төгрөгийн хохирлыг “К Э Т К” ХХК--аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “К Э Т К” ХХК- нь “Х” ХХК--тай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй, мөн ямар ч төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болно. Манай компани нэхэмжлэгчийн хэлж байгаа худгийн дээр шороо асгаагүй. Энэ талаарх баримтаа нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “К Э Т К” ХХК--д холбогдох гэм хорын хохиролд 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК--ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Маяа давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь уг үйл баримт тогтоогдохгүй байна хэмээн дүгнэсэн байх бөгөөд манай Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, консул 20-542 тоотын дэргэд хариуцагчийн хятад ажилчид байрлан 2-3 жилийн хугацаанд барилгын ажил гүйцэтгэж байсан бөгөөд барилгын талбайн өндрийг шороо асган тэгшлэх явцад уг үйл явдал болсон бөгөөд хариуцагч компанийн орлогч захирал н.Ганзориг нь буруугаа хүлээн зөвшөөрч манай худгийг засварлаж өгнө гэдгээ мэдэгдэж байсан боловч шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх тайлбараас өөрөөр худал тайлбар гаргасан болно. Гэвч үүнийг шүүхээс зөв дүгнээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзаж буйгаа нотлох үүргээ биелүүлээгүй бөгөөд ямар ч нотлох баримт гаргаагүй атал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байна. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 200 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК- нь хариуцагч “К Э Т К” ХХК--д холбогдуулан гэм хор учруулсан үйлдлийн улмаас бусдад төлсөн ажлын хөлсөнд 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ хариуцагч цэвэр усны худгийг таглан шороо асгаж дарсны улмаас ашиглах боломжгүй болгосноор бусдаар ажил гүйцэтгүүлж, худгийг хаасан хэсгийг сэргээсэн гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК- нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ус сувгийн удирдах газартай байгуулсан “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-гээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах цэвэр усны Ф500 мм-ийн шугамаас холболттой худгийн ашиглалт, үйлчилгээг хариуцдаг болохоо баримтаар нотолжээ. /хх 31-33/ Иймд нэхэмжлэгч нь уг худгийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч байна.

 

            “К Э Т К” ХХК--ийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 019/088 дугаар албан бичигт “Танай хүсэлттэй танилцаад манай хууль ёсны эзэмшиж байгаа газрыг ашиглан кабель татахыг хүсч байгаа гэж ойлголоо. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар бид харилцан тохиролцох бүрэн боломжтой” гэж “Х” ХХК--д мэдэгдэж байсан, мөн “Х” ХХК- нь “К Э Т К” ХХК--д 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар албан бичгээр нийтийн эзэмшлийн газар дээрх манай цэвэр усны худгийг танай компани шороо асгаж дарсан тул уг худгийг ил гаргаж өгөхийг хүссэн шаардлага хүргүүлж байсан зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн гэрээгээр ашигладаг цэвэр усны худаг эзэмшиж, ашиглаж буй газарт нь үйл ажиллагаа явуулдаг, эзэмшдэг гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсрэг баримтаар няцаагаагүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарна. 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь “... ямар үндэслэлээр ямар зардал гараад ямар хохирол учруулаад байгаа вэ гэдэг нь тодорхойгүй байна. Үнэхээр бид нэхэмжлэгч компанийн эрх ашгийг нь зөрчсөн бол төлөх боломжтой” гэж, “... Өмнө тус компанитай манай компани шугам сүлжээ татах харилцаа үүссэн. Цэвэр усны худгийн таг нь хаана, ямар газар далд орсон, хичнээн төгрөгөөр, ямар машинаар гаргуулсан талаарх бүх баримтуудаа аваад ир, тэгээд хоорондоо тохиролцох боломжтой гэх хариуг манайхаас өгсөн боловч нэхэмжлэгч тал ямар үндэслэлээр 200 000 төгрөг нэхэмжлээд байгаагаа тайлбарлаагүй, баримтуудаа авч ирээгүй” гэж тус тус тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх24-25/ Нэхэмжлэгч талаас хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзлыг няцааж, иргэн А.А-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж шороог зайлуулж худгийг ил болгоход 200 000 төгрөгийг ажлын хөлс төлсөн баримтыг шүүхэд гаргасан байна. /хх 3, 34/

 

Иймд хариуцагчийг өөрийн эзэмшлийн талбайд байгаа нэхэмжлэгч компанийн худгийн тагийг шороо асгаж дарсны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх учраас А.А-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 200 000 төгрөгийн нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “К Э Т К” ХХК--аас гаргуулах нь үндэслэлтэй.

 

            Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг маргаанд хамааралтай үнэн зөв талаас нь харьцуулан үнэлгээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/02893 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К Э Т К” ХХК--аас 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК--д олгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... үлдээсүгэй” гэснийг “ ...үлдээж, 6 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ