Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/75

 

Г.Д, Ч.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтулга,

шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/1019 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Г.Д, Ч.О нарт холбогдох 2109 01651 0106 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б овгийн Г-ын Д, 1981 оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ...-ийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б овгийн Ч-ын О, 2000 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй, ам бүл 3, ...-ийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... хотхоны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Г.Д, Ч.О нар нь бүлэглэж 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух иргэн Б.У-аас нийт 12.225.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С-ээс 2.250.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

мөн 2021 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод Кино урлагийн дээд сургуулийн бакалаврын диплом, Монгол Улсын Их сургуулийн бакалаврын диплом зэрэг боловсролын дипломыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Ч.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.О, Г.Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овогт Ч-ын О, Б овогт Г-ын Д нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр дээд боловсролын үнэмлэх, дипломыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-д 1.750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.750.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Д-д 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-д оногдуулсан 1.750.000 төгрөгөөр торгох ял, Г.Д-д оногдуулсан 3.500.000 төгрөгөөр торгох ялуудыг тус тус 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэн хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол Улсын их сургуулийн D20хххххххх дугаартай 4 хуудастай цэнхэр өнгийн диплом 1 ширхэг, Кино урлагийн дээд  сургуулийн D20ххххххх дугаартай, 2 хуудастай цэнхэр өнгийн диплом 1 ширхэг, нийт 2 ширхэг хуурамч дипломыг устгаж, хар өнгийн “iphone-C” загварын гар утсыг эзэмшигч шүүгдэгч Г.Д-д, ягаан өнгийн тэмдэглэлийн дэвтрийг эзэмшигч шүүгдэгч Ч.О-д тус тус буцаан олгож, 4GB багтаамжтай улаан өнгийн флаш, 2 ширхэг сидийг хавтаст хэрэгт тус тус хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.О, Г.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдолдоо: “...Би гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхгүйгээр торгох ялыг 3.500 нэгж буюу торгох ялыг 50 хувиас дээш оногдуулсан нь миний үйлдсэн хэргийн шийтгэлд тохироогүй байна гэж үзэж байна. Ийм торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Д-ээс гаргасан давж заалдах гомдлын хувьд миний үйлчлүүлэгчид ямар нэгэн байдлаар харшилсан, эсрэг ашиг сонирхол бүхий гомдол гаргаагүй учраас миний хувьд тайлбар байхгүй. ёсондоо Ч.О хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргаагүй. Нийт хохирлын 70 хувийг Ч.О төлсөн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцсэн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой. Түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд анхан шатны шүүхээс Г.Д-д 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон. Г.Д-ийн залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэсэн нь ялын төрөл хэмжээний дотор оногдуулсан гэж үзсэн. Эрүүгийн хариуцлагын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Г.Д, Ч.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Г.Д, Ч.О нарыг бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, Б.У-ыг 12.225.000 төгрөг, Б.С-ээс 2.250.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

мөн Кино урлагийн дээд сургуулийн бакалаврын диплом, Монгол Улсын Их сургуулийн бакалаврын диплом зэрэг боловсролын дипломыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 2022/ШЦТ/1019 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр дээд боловсролын үнэмлэх, дипломыг хуурамчаар үйлдсэн ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогч Б.У-ын: “...Нэг зүс таних хүн надаас “Диплом гаргаж өгөх үү” гээд асуухаар нь би “М Д” гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй харилцахад “Диплом гаргахад 6.000.000 төгрөг болно. Эхний ээлжид урьдчилгаа тал мөнгөө авна” гэсэн болохоор нь ямар ч баталгаа аваагүй шууд итгээд явуулсан данс руу нь шилжүүлсэн. ...Тэгээд дараа нь өөр хүмүүс диплом асуухаар нь “М Д” гэсэн фейсбүүк хаягтай хүн диплом гаргаж өгөөд байхаар нь тухайн хүмүүсийн дипломыг гаргаж өгнө гээд өөрийн 50хххххххх данс руугаа нийт 5 хүний урьдчилгаа мөнгийг нь аваад “М Д” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй хаягтай хүнтэй чаталж байгаад 50хххххххх, 54хххххххх, 59хххххххх дугаарын дансууд руу удаа дараа урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн. Тэгээд захиалсан дипломуудаа авах гэсэн чинь мөнгөө гүйцээж өг гээд миний фейсбүүкийг блоклоод алга болсон. ...” /1хх 21-22/,

хохирогч Б.С-ийн: “...Тэр эмэгтэй надад хэлэхдээ “Би боловсролын яаманд ажилладаг, нэлээн том албан тушаал дээр ажилладаг учраас нэрээ хэлж болохгүй байна, хаанаас миний утсыг авсан юм бэ, миний дугаарын хэр баргийн хүн мэдэхгүй” гэхээр нь би “М Д гэсэн хүнээс авсан” гэж хэлсэн. Тухайн эмэгтэй надад” Танай хүүхдийн нэр дээр өөр хүүхэд оруулаад шалгалт өгнө, эхний ээлжид 1.125.000 төгрөг, дипломоо аваад 1.125.000 төгрөг өгнө. 9 дүгээр сард уг диплом бүртгэлд орохоор 2.250.000 төгрөг авна” гэж надад хэлээд би тэр нөхцөлийг нь хүлээн зөвшөөрсөн. Уг эмэгтэй надад итгэл үнэмшил төрүүлэхээр байдалтай “Шаардлагатай бол ийм чиглэлээр сурсан нь үнэн гэсэн Боловсролын яамны бичиг гаргаж өгнө” гэж хэлэхээр нь би итгэсэн. ...“2021 оны 10 дугаар сард бүртгэлд орно” гэж хойшлуулаад гэнэт алга болсон. ...” /2хх 52/

шүүгдэгч Г.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ч.О над руу яриад “Би өмнө нь диплом гаргуулж авч байсан. та дахиад гаргаад өг” гэж хэлсэн. Үүнээс үүдэн анх хуурамч диплом хийсэн. ...Би хуурамч дипломыг 3-4 удаа хэвлэсэн. Ч.О-д нэг удаа хуурамч диплом хийж өгсөн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /3хх 144-147/,

шүүгдэгч Ч.О-ийн: “...2021 оны 5 дугаар сард би Кино урлагийн дээд сургууль суралцаж байгаад диплом гаргуулах гээд Г.Д-тэй холбогдоход хийж өгөхөөр болоод 2021 оны 6 дугаар сард хийж өгсөн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /3хх 144-145/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь “Боловсролын диплом гаргаж өгнө, яаманд ажилладаг, 9-10 сард бүртгэлд оруулна, шаардлагатай бол Боловсролын яамны бичиг гаргаж өгнө” гэх мэтээр хохирогч нарт итгэл төрүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байсан нь  нотлогдон тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр “...ном эрдэм үзэж шалгалт шүүлгийг нь өгч тэнцэж төгссөн хүн албан ёсоор бакалаврын диплом авдаг гэдгийг  хүн бүр мэддэг, үүнийг хохирогч нар анхнаасаа шууд мэдэх боломжтой бөгөөд тухайн дипломыг хуурамч болохыг анхнаасаа мэдэж байсан, мэдсээр байж хуурамч диплом гаргуулан авч ашигтай байдал бий болгохыг зориуд хүсч шүүгдэгч нартай хэлцэл хийж төлбөрийг шилжүүлсэн хохирогч нар төөрөгдөлд орсон, залилуулсан гэх үндэслэлгүй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт өгсөн байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг.

Гэмт этгээд өөрийгөө тодорхой ажил үйлчилгээ үзүүлэх, тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг олгох бүрэн эрхгүй атлаа эрхтэй мэтээр хохирогчид итгүүлсний үндсэн дээр түүнээс эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч, бодит байдал дээр хохирогчтой тохиролцсон ажил, үйлчилгээ үзүүлэлгүйгээр түүнээс шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангах учиртай.

Хэрэгт авагдсан мэдүүлгэн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогчид “Боловсролын яаманд ажилладаг, хүүхдийнх нь оронд өөр хүнийг шалгалт өгүүлж, дипломыг бүртгэлд оруулна, шаардлагатай бол боловсролын яамнаас сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт гаргаж өгнө” гэх зэргээр өөрийгөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажилладаг гэж итгүүлэн хуурч, өөрийнх нь хүүхдийн нэрээр өөр хүнийг шалгалтад оруулахгүй атлаа оруулах мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар боловсролын дипломыг улсын бүртгэлд бүртгүүлж, цаашид хууль ёсоор ашиглах боломжтой болох мэтээр төөрөгдөлд оруулан хохирогч нараас мөнгө авсан атлаа улсын бүртгэлд бүртгээгүй, цаашид ашиглах боломжгүй дипломыг гарган өгсөн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхад анхан шатны шүүх “диплом хуурамч болохыг хохирогч нар анхнаасаа шууд мэдэх боломжтой, анхнаасаа мэдэж байсан” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарт ял завшуулсан байна.

Харин хэргийн үйл баримтын талаар хохирогчийн болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тэдгээрийн хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн хангалттай тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж тэдгээрийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр дээд боловсролын үнэмлэх, дипломыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Боловсролын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан бусад хэм хэмжээний актуудад заасны дагуу тухайн сургуульд элсэн орж, сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлийг бүрэн судалж, төгсөлтийн шалгалтыг амжилттай өгсөн оюутан, суралцагчид бакалаврын зэргийн диплом олгодог.

Гэтэл, шүүгдэгч Г.Д, Ч.О нар нь бүлэглэж Ч.А нь Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуульд “сэтгэл судлал” мэргэжлээр суралцаж төгсөөгүй байхад төгссөн мэтээр D20ххххххх дугаартай Монгол Улсын их сургуулийн дипломыг , Ч.О нь Кино урлагийн дээд сургуулийг тодорхой шалгуур, шаардлагыг хангаж, суралцаж төгсөөгүй атлаа D20ххххххх дугаартай Кино урлагийн дээд сургуулийг “жүжигчин” мэргэжлээр суралцаж төгссөн мэтээр дипломыг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан боловсролын үнэмлэх, диплом хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын дээрх хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.О-д 1.750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.750.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялуудыг тус бүр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу зэрэгт тохирсон ба ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул торгох ялыг хөнгөрүүлэхээр гаргасан шүүгдэгч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх тул анхан шатны шүүх шүүгдэгч нарт дээрх хэмжээний торгох ял шийтгэх нь тохирно гэж дүгнэж, хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, тодруулбал хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Гэвч, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан бөгөөд уг хууль 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгджээ.

Ийнхүү анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Д-ийн торгох ялыг хөнгөрүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/1019 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтыг хангахын тулд мөрдөгч, прокурор нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, шүүн таслан ажиллагаа тасралтгүй, түргэн шуурхай явагдах учиртай.

Гэтэл анхан шатны шүүх 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хүлээн авсан атлаа мөн оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүгч хүндэтгэн үзэх шалтгаантай үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн сарын 26-ны өдөр хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, улмаар даруй 47 хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан боловч “прокурор сургалттай” үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 20 хоногийн дараа шүүх хуралдааныг явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр удаан хугацаагаар хойшлуулж, удаашруулсан байх бөгөөд цаашид энэ талаар анхаарч ажиллахыг энэхүү магадлалд тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/1019 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ