| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00017/И |
| Дугаар | 155/ШШ2016/00258 |
| Огноо | 2016-02-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00258
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *************** холбогдох
Дизель түлшний үнэ 4.197.600 /дөрвөн сая нэг зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2016/00017/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч ***** нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2.120 литр дизелийн түлшийг зээлээр авч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үнийг төлөхөөр харилцан тохиролцож хэлцэл хийсэн. Тухайн үед 1 литр дизелийн түлш 1.980 төгрөг байсан, өнөөдрийг хүртэл дээрх үнэ өөрчлөгдөөгүй байгаа. Гэвч ***** нь өнөөдрийг хүртэл 2.120 литр дизелийн түлшний үнийг төлөхгүй, мөнгө байхгүй байна гэсэн хариу өгсөөр ирсэн. Иймд *****ээс 2.120 летр дизелийн түлшний үнэ 4.197.600 /дөрвөн сая нэг зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ***** гэдэг хүнтэй 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2.120 литр түлш, 1 литрийг нь 1.700 төгрөгөөр тооцож, 3.604.000 /гурван сая зургаан зуун дөрвөн мянга/ төгрөг зээл авсан нь үнэн. Уг мөнгийг төлөх хугацаандаа төлж чадахгүй 2015 оны 10 сар хүргэсэн. Тэр үедээ төлж чадахгүй байгаа учир шалтгаанаа тайлбарлаж өөрт нь ойлгуулж байсан. Тэгээд 2015 оны 10 сард би Рэнчиндамба гэдэг хүнд адуу зарахаар болж, **********Рэнчиндамбаас түлшний үнэ болох 3.604.000 төгрөг би өөрөө авна, өгөхгүй бол өөрийн түлш тээвэрлэж өгдөг жолооч Нөөнөөгөөс авчихна. Одоо хоёулаа тооцоогүй, Рэнчиндамбаас авахаар боллоо гэж тохирсон. Уг тохиролцоог хийхэд ******* миний бие дөрвүүлээ байсан. Гэтэл Рэнчиндамба нь махны үнэ муу байна, махны үнэ өсөхөөр төлье гэсээр өдий хүрсэн юм байна. Тэгээд ******* нь удаад байхаар надаас нэхэмжилсэн байна. Ийм учраас миний бие уг мөнгийг төлөх биш, Рэнчиндамба гэгч хүн төлөх байх гэж бодож байна. Рэнчиндамбад би 3.604.000 төгрөгөнд зүүн аймгаас авч ирсэн адуунууд /3ш/ тохирч өгсөн. ****** махаа зарчихаад ********* гуайн мөнгийг өгнө гэж байгаа гэжээ.
Нэхэмжлэгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *****ээс дизель түлшний үнэ 4.197.600 төгрөг нэхэмжилсэн боловч надад тус мөнгөндөө суудлын жижиг автомашин өгсөн учир одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Уг машиныг би өөрийн эзэмшилд авсан, дизель түлшний үнэ 4.197.600 төгрөгт тооцож авсан. Бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****т холбогдуулан дизель түлшний үнэ 4.197.600 /дөрвөн сая нэг зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***** нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай тайлбар гаргасан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч ***** нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ***** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****ээс 82.112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****д олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч *****т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***** дизель түлшний үнэ 4.197.600 /дөрвөн сая нэг зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч ***** хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Хөвсгөл салбарын 4901000149 тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****ээс улсын тэмдэгтийн хураамж 82.112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА