Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2016/00259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ***********

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч155/2016/0078/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч ***** нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ***** нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1978 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 тоот тушаалаар тус нэгдэлд ачигч-буулгагч, туслах ажилтнаар томилогдон анх ажиллаж эхэлсэн бөгөөд нэгдэлдээ ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд явах болсон тул Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөн цэргийн албанд явж, улмаар цэргийн албаа 3 жил хаагаад Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн н/162 тоот тушаалаар цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08 тоот тушаалаар нэгдэлдээ тракторын жолоочоор томилогдон дахин ажиллах болсон. Ингээд миний бие туслах үйлдвэрт тракторын жолоочоор Ялалт нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Ялалт нэгдэл хувьчлагдсаны дараагаар нэгдлийн хөрөнгө, хүн, техник хэрэгсэл дээр 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ялалт ББХК үүсгэн байгуулагдахад миний бие туслах үйлдвэрийн ажилчдын хамт шилжин ажиллаж байгаад Ялалт ББХК нь 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад их хувьчлал явагдах үед Ялалт нэгдэлд эдийн засагчаар ажиллаж байсан Д.Ренчин нь иргэдийн ягаан тасалбарыг нийлүүлэн 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл-Ялалт ХХК байгуулсан юм. Тэр үед миний бие Хөвсгөл-Ялалт ХХК-д оролгүйгээр өөрийн их хувьчлалын ягаан тасалбарыг багийнхаа 10 өрхийн хамт хоршоолол байгуулсан. Ялалт нэгдэл 1994 оны 01 дүгээр сард тарж өмч хувьчлал болоход миний бие өөрийн эзэмшиж байсан ЮМЗ-6 тракторыг хувьдаа авснаас хойш одоо хүртэл багийн иргэдийн түлээ түлш татах, хадлан, хөрзөн зөөх, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийн мод бэлтгэх ажлын гэрээгээр гүйцэтгэх зэргээр амьдрал ахуйдаа ашигласаар байна. Миний бие нь Ялалт нэгдэл болон Ялалт ББХК-д тракторын жолоочоор 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өдрөөс хойш 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тасралтгүй 13 жил ажилласан бөгөөд одоо өндөр насны тэтгэвэр орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, тамга тэмдэг дарагдаагүй, цалингийн цэс шүүхэд 1978-1979 он, 1980 оны эхний 5 cap, 1983 оны 6 сараас хойш 1984 оны 10 cap хүртэл, мөн 1985-1989 оны зарим саруудад цалин авч байгаагүй мэт цалингийн цэсэнд бичигдээгүй, мөн Ялалт ББХК-тай холбоотой баримтууд аймаг болон Түнэл сумын архивт байхгүй байсан зэргээс шалтгаалаад ***** миний бие 1990-2000 онуудын хоорондох нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан юм. Гэтэл одоо тракторын жолоочоор 13 жил ажилласан гэсэн үндэслэлээр хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох гэтэл 1990-2000 онуудын хоорондох нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан нь миний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байсны улмаас миний эрх зөрчигдөхөд хүрээд байна. Учир нь1990-2000 онуудын хоорондох нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцоход тухайн иргэн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан хэдий ч ажлын байр байхгүй байсан бол тухайн жилүүдийг нөхөн тооцуулж болно гэж улс даяар зохион байгуулсан ажил байсан учраас миний тракторын жолоочоор 1990 оноос 1996 оны 5 cap хүртэл, нийт 6 жил 5 cap ажилласан хугацаа тэтгэвэр тогтоолгоход тооцогдохгүй болох хүртэл үр дагавар бий болно гэдгийг мэдээгүй болно. Иймд Д.Ширбазар намайг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт ачигч- буулгагчаар, 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Ялалт нэгдэлд тракторын жолоочоор, 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Ялалт ББХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

***** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч ***** Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ачигч буулгагчаар, 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, Ялалт бүрэн бус хариуцлагатай компанид 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлээс 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 1990 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, Бямбажав овогтой Ширбазарын нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай Ажилд томилох тухай тогтоол, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн *****ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10/139 дугаартай архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хуулбар, Хөвсгөл аймгийн Иргэний хамгаалалтын штабаас 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдөр *****т олгосон дурсамж, нэгдэлд ажиллаж байх хугацаандаа авахуулж байсан гэрэл зургууд, Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 307 дугаартай архивын лавлагаа, гэрч *** ***** Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1978 оноос 1980 оны 5 сарыг хүртэл ачигч буулгагчаар ажиллаж байгаад 1980-1983 онд цэргийн алба хааж ирээд 1983 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч ******* ***** Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт 1978-1980 оныг дуустал ачигч буулгагчаар, 1983 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч П.Пүрэвжавын ...***** Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1982-1994 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Ялалт нэгдэл 1994 онд хувьчлагдаж, Ялалт бүрэн бус хариуцлагатай компани болж өөрчлөгдөхөд ***** 1994 оноос 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал мөн тракторын жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдэл болон Ялалт бүрэн бус хариуцлагатай компанид 1981-1997 оныг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 07 дугаартай лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10/89 дугаартай лавлагаа, нэгдэлд ажиллаж байх хугацаандаа хувьчилж авсан тракторын гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч *****ын Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ачигч буулгагчаар, 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Ялалт бүрэн бус хариуцлагатай компанид 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************* Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ачигч буулгагчаар, 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Ялалт бүрэн бус хариуцлагатай компанид 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ