Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 77

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,                     

           улсын яллагч О.Пүрэвсүрэн,   

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хартолгойн Иш овогт Цэндээхүүгийн Оюунтогосд холбогдох 1708019030236 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эх, нөхөр 3 хүүхдийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12-08 тоотод оршин суух иргэн Ж.Оюунааг нөхөртэйгөө хардан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12-08 тоотод оршин суух иргэн Ж.Оюунааг нөхөртэйгөө хардан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хохирогч Ж.Оюунаагийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би нүүрсний амбаар бариулах гээд өөрийн хадам эгч Оюунтогосын нөхөр Бадарч руу 11 цагийн үед залгаад “амбаар бариулах гэсэн юм, би танд 30 мянган төгрөг өгье” гэхэд Бадарч зөвшөөрсөн. Тэгээд Бадарч ах манай гэрт 12 цаг 20 минутын үед ирээд 17 цаг хүртэл амбаар барьж өгчихөөд явсан. Тэгээд би гэртээ ганцаараа байж байтал 18-19 цагийн хооронд байшингийн цонх хүн цохихоор нь хартал хадам эгч Оюунтогос, үл таних нэг эрэгтэйн хамт зогсож байсан. Би яасан юм бол гэж бодоод гэрийн хаалгаа онгойлгоход Оюунтогос надтай юм ярилгүйгээр миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод би газар унасан. Би босч чадахгүй хэвтэж байтал Оюунтогос манай гэрийн шалны модыг аваад намайг зодоод байсан. Тэгээд би арай гэж босоод түүнээс зугтаад хашааны хаалгаар гартал мөн үл таних нэг эрэгтэй хар хөх өнгийн суудлын автомашинтай зогсож байсан. Тэгээд би хашаагаар гараад хойд зүгт зугтаад 2 давхар улаан өнгийн тоосгон нийтийн байртай хашаанд ороод өөрийн 8817-7445 дугаарын гар утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний толгой өвдөж, зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн, баруун гарны булчин хэсгээр хавдаж хөхөрсөн. Баруун хөлний хойд талын булчин хэсэг өвчтэй байна. Би тухайн өдөр түүний нөхөр Бадарчийг дуудаж нүүрсний амбаар хийлгүүлсэн. Оюунтогос бид хоёрыг хардаад ийм үйлдэл хийсэн байх...гэх мэдүүлэг /хх-8-9/,

- гэрч О.Шинэжилийн  мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр машиндаа сэлбэг авахаар Нарантуулын Өгөөмөр зах ороод сэлбэг үзээд авчихаад орой 17 цагийн орчим ээж Оюунтогос руу залгаад “ээж би машиндаа юм авчихлаа, одоо захаас гараад явж байна” гэж хэлээд микронд суугаад явж байтал  удалгүй ээж над руу залгаад “аав руу чинь залгасан чинь Оюунаа утсыг аваад байна” гэж хэлээд намайг “миний хүү шууд Оюунаагийн гэрт хүрээд ир” гэхээр би шууд очсон. Ээж Оюунтогос нилээн уурласан байхаар нь юу болсон талаар асуутал “аав чинь өдөржин эдний гэрт байсан байна, тэгээд утсыг нь Оюунаа согтуу авч байна” гэж хэлсэн. Ээж бид хоёр Оюунаагийнд байхад гаднаас Оюунаа цагдаа дагуулж орж ирээд “ээжид зодуулсан” гээд гомдол гаргаад байсан. Тухайн үед дуудлагаар ирсэн хоёр цагдаа ээжийг Оюунаатай аваад цагдаагийн хэлтэс рүү явсан. Үүнээс өөр зүйлийг би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-18-19/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №12668 дугаартай шинжээчийн:...Оюунаагийн биед тархи доргилт, дух, шанаа, зүүн дээд зовхи, 2 бугалга, баруун шуу, баруун хонгонд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-22/

- шүүгдэгч Ц.Оын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 17 цагийн үед нөхөр Бадарч залгаад “би өнөөдөр ажил дээрээ хонохоор болчихлоо, орой очихгүй шүү” гэсэн. Эргээд нөхрийнхөө утас руу залгахад нөхрийн гар утсыг манай төрсөн дүү Чүлтэмжамцын эхнэр Оюунаа аваад “Одноо явцан шүү дээ би Оюунаа байна” гээд согтуу хэлээд салгасан. Би утас андуурч гэж бодоод дахин нөхрийнхөө утас руу залгасан. Нөхөр утсаа аваад “би ажил дээрээ байна, манай ажлын хүн утас андуурч” гэхээр нь би “худлаа хэлээд байгаарай” гээд ерөөсөө очиж үзье гээд төрсөн дүү Чүлтэмжамцын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 12-08 тоот хашааны гадаа очоод “таксины хоёр залууг хүлээж байгаарай, удахгүй гарч ирээд мөнгийг чинь өгнө” гээд би тухайн айл руу орсон. Оюунаа хаалгаа онгойлгож өгөхөөр нь “би гэр лүү ороод нөхөр Бадарчийг асуутал” Оюунаа “танай нөхөр манайд ирээд алга болсон юм уу” гээд согтуу миний өөдөөс уурлахаар нь би “чи муу гар утсыг нь аваа биздээ, өмнө чи манай нөхрийг гэртээ ажил хийлгэх гэж дуудаад өөрийн найз хүүхнүүдийг танилцуулаад гэртээ 2 удаа хонуулсан биз дээ” гээд миний уур хүрээд Оюунаагийн үснээс зулгаагаад доошоо дарсан. Оюунаа шалан дээр унахаар нь би хажууд байсан шалны модны ишээр Оюунаагийн толгой, гар, хөл рүү нь цохиод гар утсаа гаргаад ир гээд цохисон. Би Бадарчтай танилцуулсан Одноо гэдэг хүүхний утасны дугаарыг авна гэтэл “Оюунаа босож ирээд миний нүүрийг хумсаараа майжаад, гар утсаа нуусан. Хүү Шинэжилийг дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд хэлтэс рүү явсан...гэх мэдүүлэг /хх-30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Ц.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

   Хохирогч Ж.Оюунаа нь баримтаар 835.000 төгрөг нэхэмжилсэн /хх-50/ байх ба цаашид гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй /хх-60/ гэжээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.      

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.     

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Ц.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.От оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР