Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/05275

 

 

 

 

 

 

 

 

2024 12 18

181/ШШ2024/05275

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч:*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,******* тоотод оршин суух, овогт /Регистрийн дугаар: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 1.042.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие О.Булганцэцэг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн*******ны нутаг дэвсгэр болох Дарь-Эхийн автобусны буудлын хавьцаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад улсын дугаартай автомашинд мөргүүлсэн. Ослын улмаас миний бие тархины доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, бугалгын цус хуралт зэрэг гэмтлүүд авсан. Энэхүү ослоос үүдэлтэй эрүүл мэндийн хохирлын дагуу эмчлүүлсэнтэй холбоотой баримтуудыг хавсарган хариуцагчаас 1.042.000 төгрөг нэхэмжилсэн боловч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар ямар нэгэн холбоо байхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд 1.042.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчид шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1.042.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг татгалзаж, хариуцагч үлдэх 842.000 төгрөгийг хоёр хувааж 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эхний төлөлтийг, дараагийн төлөлтийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэгч хуваарийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Булганцэцэг нь Г.Түвшинсанаад холбогдуулан гэм хорын хохиролд 1.042.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 200.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 842.000 төгрөгийг хоёр хувааж 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 421.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 421.000 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцжээ.

Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.О.Булганцэцэгийн нэхэмжлэлтэй, Г.Түвшинсанаад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 200.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч үлдэх 842.000 /найман зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг хоёр хувааж 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 421.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 421.000 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.558 төгрөгийн тавин хувь болох 14.779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14.779 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 12.379 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ