Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2041

 

 

 

Н.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01561 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ЭҮН ББСБ” ХХК-д холбогдох

99118552 дугаарын эзэмших эрх, 7 750 000 төгрөгийг тус тус гаргуулах үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 54 603 363 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Н, С.Э

Хариуцагчийн төлөөлөгч Д.Н

Гуравдагч этгээд Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ань Д.Н-тай харилцан тохиролцож түүний өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 534 дугаар байр, 70 тоотод байрлах 56.54 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Орон сууцны урьдчилгаа төлбөрт өөрийн эзэмшлийн 99118552 дугаарыг эзэмших эрх 30 000 000 төгрөгт барьцаалж, үлдэгдэл 70 000 000 төгрөгт орон сууцыг “ЭҮН ББСБ” ХХК-д барьцаалж зээл авсан. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байрны урьдчилгаа төлбөрөөс 5 000 000 төгрөгийг “ЭҮН ББСБ” ХХК-д шилжүүлсэн. Гэвч дээрх гэрээнүүдийн дагуу 100 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлээгүй. Уг орон сууцыг худалдан авах эдийн засгийн боломжгүй болсон тухайгаа 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Н.Н-д мэдэгдсэн. Д.Ннь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцны түлхүүрийг авсан. Тус орон сууцад 1 963 000 төгрөгөөр гал тогооны тавилга хийлгэсэн. “ЭҮН ББСБ” ХХК-д өр төлбөргүй болсон тул 99118552 дугаар болон орон сууцны төлбөрт төлсөн 7 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ЭҮН ББСБ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ань 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 17/02/23/02 лизингийн болон барьцааны гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 2018 оны 02 сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, нэг сарын  зээлийн хүүг 5 хувь, жилийн 60 хувь байхаар тохирч гэрээ байгуулсан. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлбөрийг төлөөгүй. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөг, үндсэн зээл 20 000 000 төгрөгийг буцаан төлөөгүй. 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 449 хоногийн хүү 32 876 төгрөг х 449= 14 761 324 төгрөг, зээлийн нийт хүү нь 34 761 324 төгрөгийн төлбөртэй байна. Энэ зээлийн барьцаанд 99118552 дугаарыг тавьсан тул барьцааны зүйлийг буцаан шаардах эрхгүй.

Үүнээс гадна 99118552 дугаарыг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 18/07/30/02 лизингийн болон барьцааны гэрээ хийж 30 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Н.Ань “ЭҮН ББСБ” ХХК-тай  18/07/30/01, 18/07/30/02 тоот зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Н.А-ын зээлсэн 100 000 000 төгрөгийг уг байрны эзэн Д.Нямдаваад төлж Н.А-д 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн. “ЭҮН ББСБ” ХХК-д 100 000 000 төгрөгийн зээлд хуваарийн дагуу үндсэн зээлээс сар бүр 6 000 000 төгрөг төлөх ба энэ тохиолдолд хүүгүй, мөн 30 000 000 төгрөгийн зээлд cap бүр 4 хувь буюу жилийн 48 хувийн хүү төлөх үүрэг хүлээсэн. 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний 1.11-т сар бүр 6 000 000 төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэлд сарын 2 хувь хүү буюу жилийн 24 хувийн хүү тооцно гэж заасан. Н.А2019 оны 4 дүгээр сард гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон тул барьцаа хөрөнгийг борлуулж төлөхөөр байраа хүлээлгэн өгсөн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 8 cap хэтэрсэн тул зээлийн гэрээний 3.1, 3.2, 3.3 заалтуудыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг 95 000 000 төгрөгөөр худалдсан. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 6 000 000 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 64 000 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул 24 хувийн хүү тооцсон. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн ба 2018 оны 11 дүгээр сарын 22-ны хүртэлх 84 хоногийн хүү 3 534 904 төгрөг /42 082 төгрөг х 84/ болж байна. Зээлийн үлдэгдэл 62 534 904 төгрөг болсон. 30 000 000 төгрөгийн зээлийн хувьд жилийн хүү 48 хувь. Гэрээний үүрэг хүлээснээс хойш буюу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 336 хоногийн хүү 13 255 872 төгрөг /336 х 39 452 төгрөг/, нийт зээл хүү 43 255 872 төгрөг /30 000 000+13 255 872/, бүгд 114 848 039 төгрөгийн /71 622 167төг +43 255 872 төгрөг/ үлдэгдлээс орон сууц худалдсан төлбөрийг хасч 19 848 039 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Ань 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “ЭҮН ББСБ” ХХК-тай  17/02/23/02 тоот гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийн зээл авсан боловч энэ зээлээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Зээл эргэн төлөх хуваарь зөрчсөн тул үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 14 761 324 төгрөг, нийт 34 760 324 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 18/07/30/01 болон 18/07/30/02 гэрээ 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үдэгдэл 19 848 039 төгрөгийг нийт 54 603 363 төгрөгийг Н.А-аас  гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2016 онд гэрээ байгуулж зээл авч байсан нь үнэн ч 99118552 дугаар барьцаалж зээл аваагүй. 2016 онд байгуулсан гэрээтэй, эсхүл 2018 онд байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр болон хөдлөх эд хөрөнгөөр барагдуулсан ба 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөг, 7 дугаар сарын 02-ны өдөр 4 000 000 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдөр 6 000 000 төгрөгийг “ЭҮН ББСБ” ХХК-ийн 5115027777 тоот дансанд төлсөн. Мөн Тоёото владе маркийн 8242 УНА улсын дугаартай автомашиныг 16 000 000 төгрөгт тооцож 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгч тооцоо дуусахаар болсон. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20 000 000 төгрөгийг Д.Н-гаас, эсхүл “ЭҮНББСБ” ХХК-аас авсан эсэх нь тодорхойгүй. Учир нь Д.Н-гийн 5003091091 тоот данснаас 19 000 000 төгрөг, “ЭҮН ББСБ” ХХК-ийн 5115027777 данснаас 1 000 000 төгрөгийн зээл гаргасан. Н.Аөөрийн Тоёото владе маркийн 8242 УНА улсын дугаартай автомашиныг 16 000 000 төгрөгт тооцож авах, үлдэгдэл зээл болон хүүг бэлэн мөнгөөр авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, орон сууц худалдан авахаар тохиролцсон боловч харилцан үүргээ биелүүлээгүй, гэрээ бодитойгоор хэрэгжээгүй. Мөн энэ гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭҮНББСБ” ХХК-аас 99118552 дугаар, 7 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.А-ын үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Н.А-аас  54 603 363 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ЭҮН ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 461 900 төгрөг, хариуцагчийн төлсөн 432 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. “ЭҮН БББС” ХХК 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг болон 70 000 000 төгрөгийг Н.А-ын дансанд шилжүүлж өгөөгүй. Д.Ннь орон сууцыг өөрийн банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад өөрөө мөнгийг нь авсан. Д.Н100 000 000 төгрөгийг авсан талаар түүний гарын үсэг бүхий баримт хэрэгт авагдсан. Бодит байдалд орон сууцны өмчлөх эрхийг Н.А-д банк бус санхүүгийн байгууллага орон сууцны өмчлэх эрхийг шилжүүлэн өгөөгүй. Хэрэв өмчлөх эрхэд ямар нэгэн өөрчлөлт орсон бол банк бус санхүүгийн байгууллагын өмнө Н.Аүүрэг хүлээх учиртай. Гэтэл тухайн орон сууц банк бус санхүүгийн байгууллага болон Н.А-ын альд ч өмчлөх эрхэд шилжээгүй. Д.Ннь Н.А-аас  орон сууцыг буцаан авч бусдад худалдсан. Шүүх 100 000 000 төгөргийг Д.Нямдаваад бэлнээр өгсөн гэх банк бус санхүүгийн байгууллагын зарлагын баримтад үндэслэн дүгнэсэн нь буруу. “Энх-Үүд инвест ББСБ” ХХК болон Д.Ннар нь эрх зүйн харилцааны нэг субъект мөн эсэхийг шүүх дүгнээгүй.

“ЭҮН ББСБ” ХХК-тай  2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 70 000 000 төгрөгийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл. Зээлдэгч мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх замаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Н.Ань хариуцагч “ЭҮН ББСБ” ХХК-д  99118552 дугаар эзэмших эрх болон урьдчилгаа төлбөрт төлсөн 7 750 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 54 608 363  төгрөг  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Н.Ань Д.Н-гаас Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Элистэйн гудамж 534 дугаар байрны 70 тоот орон сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, гэрээний уг гэрээний үнийг төлөхдөө  “ЭҮН ББСБ” ХХК-тай  2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ” нэртэй гэрээг  байгуулж, 30 000 000 төгрөгийг,  мөн өдөр   70 000 000 төгрөгийг “Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ” нэртэй гэрээгээр зээлсэн ба нийт 100 000 000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Д.Н-гийн банкин дахь эзэмшлийн дансанд шилжүүлсэн талаар талууд маргаагүй. Түүнчлэн Д.Н-гийн нэр дээр бүртгэлтэй орон сууцыг “Энх-Үүд инвест ББСБ” ХХК нь бусдын зээлийн төлбөрт авч, байгууллагын захирал Д.Н-гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын талаар талууд маргаангүй байна. Дээрх үйл баримтыг үндэслэн Н.Аболон Д.Ннарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хэлбэрийн төдий байгуулагдсан байна гэж дүгнэхээр боловч талууд гэрээнээс татгалзсан талаар маргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн тэдгээрийн тайлбар, нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх нь хууль зөрчихгүй гэж дүгнэлээ. Гэрээнээс татгалзсан талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр авсан зүйлийг эсрэг талдаа буцааж өгөх үүрэгтэй ба энэ үүргийг худалдан авагч Н.Абиелүүлж, орон сууцны түлхүүрийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.Нбуюу “ЭҮН ББСБ” ХХК-д шилжүүлэн өгчээ.

Иймд Д.Ннь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах  гэрээний үүргийн үнэ болох 100 000 000 төгрөгийг Н.А-д шилжүүлэх үүрэгтэй. Түүний энэ үүргийг “Энх-Үүд инвест ББСБ” ХХК нь Н.А-ын авсан гэрээний үүрэгтэй харилцан тооцож, зээлийн гэрээний үлдэх үүргийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Н.Ань “Энх-Үүд инвест ББСБ”ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр авсан зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг жилийн 48 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 70 000 000 төгрөгийг сар бүр 6 000 000 төгрөгөөр төлөх, уг нөхцөлийг зөрчсөн тохиолдолд төлөх төлбөрт сар бүр 2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон, 2 зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 30 000 000 болон 70 000 000 төгрөгийг Д.Н-гийн дансанд хариуцагч байгууллага шилжүүлсэн, зээлийн гэрээний зориулалт нь орон сууц худалдах, худалдан авах байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2 дах хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй юм. 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Н.Ань үүрэг телефоны 99118552 дугаарыг эзэмших эрхийг барьцаацаалсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дах хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч төлбөр төлөх үүргийн зөрчил гаргаснаар зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй ба энэ эрхийг хэрэгжүүлж 99118552 дугаарыг эзэмших эрхийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.Цэнгэлбаярт 30 000 000 төгрөгөөр худалдан борлуулсныг буруутгах боломжгүй байна. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч Н.Ань 30 000 000 төгрөгийн зээлийн хүүд 14 400 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан байна. Мөн орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч тал бусдад 95 000 000 төгрөгөөр худалдсан байх тул уг огноогоор зээлдэгчийн төлбөл зохих зээлийн хүүг тооцвол 5 400 000 төгрөг болж байна. Иймд зээлдэгч нь зээлийн 2 гэрээний үндсэн үүрэг 100 000 000 төгрөг, зээлийн хүү 19 800 000 /14 400 000+5 400 000/ төгрөг нийт 119 800 000 төгрөгийн зээлийн үүргийг гүйцэтггэх үүрэгтэй. Үүнээс орон сууцыг биет байдлаар нь буцааж өгсөн тул орон сууц худалдах худалдан авах гэрээний үнэ болох 100 000 000 төгрөг, утасны дугаар эзэмших эрх болох 30 000 000 төгрөгийг тус тус зээлийн гэрээний үүргээс хасч тооцвол зээлдэгч нь 10 800 000 төгрөгийг илүү авсан байна. Үүн дээр Н.А-аас  орон сууцны төлбөрт урьдчилж авсан 5 000 000 төгрөг, орон сууцны эзэмших эрхийг шилжүүлэхэд гал тогооны тавилгын хамт шилжүүлсэн тул уг тавилгын үнэ 1 963 000 төгрөгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дах хэсэгт заасныг үндэслэн зээлдэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 17 163 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 99118552 дугаарыг эзэмших эрхийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01561 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ЭҮНББСБ” ХХК-аас 17 163 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгож, нэхэмжлэлээс 99118552 дугаарын эзэмших эрхийг  гаргуулах хэсгийг, нэхэмжлэгч Н.А-аас  зээлийн гэрээний үүрэгт 54 603 363 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ЭҮН ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “... үлдээж, хариуцагч “Энх-Үүд инвест ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 243 765 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 461 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

                                                ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                Д.БАЙГАЛМАА