Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/278

 

 

 

 

Ц.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         прокурор Г.Баярмаа,

хохирогч А.Ц,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Ц давж заалдах гомдол гаргасныг  үндэслэн Ц.Тд холбогдох 2209000002375 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.  

Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн үед “Гэртээ оруулсангүй” гэх шалтгаанаар ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, Т  тоотод байх иргэн А.Цын эзэмшлийн Монгол гэрийн ар хэсэгт тамхины асаагуураар гал тавьж, хууль бусаар устгасны улмаас бусдад 3,005,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Сүхбаатр дүүргийн прокурорын газраас: Ц.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тгээс гурван сая таван мянга төгрөгийг гаргуулан хохирогч А.Цад олгож шийдвэрлэжээ.

Хохирогч А.Цогтбадрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү Ц.Тг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгэснийг ял хүндэдсэн гэж үзэж байна. Хүү Ц.Т урд нь ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд анх удаа ийм болчимгүй үйлдэл гаргасан ч эцэг хүний хувьд түүнийг уучилж байна.

Мөн гэрийн үнэ болох 3.005.000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр надад төлж барагдуулсан тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 жилийн хорих ялаар шийтгэхгүйгээр суллаж өгнө үү.

Хүү маань өөрөө ч буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож ухамсарласан гэж бодож байна. Миний хувьд цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал огт байхгүй болно...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм бурууд тохирсон байх ёстой. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны зарчимд нийцсэн прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршиг, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж буй байдал, хохирлоо нөхөн төлөөгүй нөхцөл байдал, улсын яллагчаас гаргасан саналыг үндэслэн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялаас 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Уг зүйл хэсэгт зааснаар 2-8 жилийн хорих ял болон торгох ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Шүүгдэгчийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой орлогогүй учраас торгох ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж прокуророос саналаа гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ц.Тд холбогдох 2209000002375 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн орчимд “Тэртээ оруулсангүй” гэх шалтгаанаар ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, Т тоотод байх өөрийн аав А.Цын амьдардаг монгол гэрийн ар хэсэгт тамхины асаагуураар гал тавьж, гэр болон гэр доторхи эд хөрөнгийг устгаж 3,005,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Цын мэдүүлэг: “...21 цаг болж байхад буцаад гэртээ ирэхэд гэр гаднаасаа цоожтой дотор нь хүн байсан, тэгээд онгойлгоод харахад манай том Тэгшээ тооноор гэр рүү орсон байсан. Тэгээд том хүүтэйгээ “тооноор орлоо” гэж маргалдсан, тэгээд том хүү Тэгшээ дэлгүүр явлаа гээд гарсан ба миний түрийвчнээс 10000 төгрөг алга болчихсон байсан. Буцаад ирэхээр нь би том хүү Тэгшээг “оруулахгүй, чи надаас асуулгүйгээр миний түрийвчнээс мөнгө авсан аавынхаа гэрт хаалгаар нь биш тооноор орж ирсэн” гээд гэртээ оруулаагүй. Тэгшээ гадаа нэг хэсэг суугаад ...гаднаас гэрийг чинь шатаалаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь гэр дотроосоо “шатаа шатаа” гэж хэлсэн. Тэгтэл гэрийн хоймор хэсгийн гаднаас асаагуур асаж дарж байгаа чимээ гараад удалгүй юм шатаж байгаа юм шиг чимээ гарахаар нь арай шатаачихаагүй байх гээд тооноороо харахад гал гарч байсан. Тэгэхээр нь би гар утсаа аваад гарсан тэгтэл гал гэрийн ар хэсгээс гарч байсан би даавуугаар унтраах гээд цохиход улам дүрэлзэж ассан, манай хүү Тэгшээ намайг гэрээс гарч ирэхэд байхгүй байсан, гэр 5- 6 минутын хооронд гэр шатаад дууссан. ...” /хх 16/,

хохирогчийн гэрийн гадна ар талаас гал гарсан гэсэн мэдүүлгийг нотолж буй монгол гэрийн гадна, ар талаас гал урагшаа чиглэлд асаж байгаа гэрэл зураг /хх 44/,   

“Дамно” ХХК-ийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээ: “...гэр бүхэлдээ 2,400,000 төгрөг, 14 инчийн зурагт 45,000 төг, хөргөгч 180,000 төгрөг, модон диван 280,000 төгрөг, huawei гар утас 100,000 төгрөг. Нийт 3,005,000 төгрөг. ...” /хх 28-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өдрийн 5739 дугаартай  шинжээчийн дүгнэлт: “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө Д дүүргийн 000 дугаар хороо, Ттоотод байрлах хохирогч А.Цын гэр шатсан хэрэгт хэргийн газраас хураан авсан хөрсний дээж...” гэж хаягласан үнс нурам мэт зүйлсэд шатах тослох материалын агууламж илрээгүй...” /хх 33-35/,

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 277/1575 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...хэргийн материал, иргэний өгсөн мэдүүлэг зэрэг материалуудаас үзэхэд ил галын улмаас гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна...” /хх 42/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Ц.Тгийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн үед  “Гэртээ оруулсангүй” гэх шалтгаанаар төрсөн аавыхаа буюу иргэн А.Цын амьдардаг монгол гэрийн ар хэсэгт тамхины асаагуураар гал тавьж гэр болон , гэр доторх эд зүйлсийг шатааж устгаж 3,005,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн... гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Гал түймэр нь салхины аясаар дэгдэн хүрээгээ тэлдэг, гал түймрийн хүрээнд орсон эд зүйлүүдийг устгадаг, гэмтээдэг өндөр халууны үйлчлэл бүхий хохирол, хор уршиг учруулах хүрээ ихтэй, давагдашгүй аюултай зүйл тул галдан шатаах аргыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох арга гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Ц.Тгийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ хоёр жилээр оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн.

Шүүгдэгч Ц.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн тул хохирогч А.Цын гаргасан “...гэрийн үнэ болох 3.005.000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр надад төлж барагдуулсан тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 жилийн хорих ялаар шийтгэхгүйгээр суллаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.  

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч А.Цад шүүгдэгч Ц.Т нь учруулсан хохирол 3,005,000 төгрөгөө төлсөн /хх 98/ байх ба хохирогч А.Цын “...эцэг хүүгийн харилцааг хүндэтгэж ялыг хөнгөрүүлж өгөөч” гэж байгаа хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэж хорих ялыг багасгахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Иймд шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн зохих заалтуудад ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчээс Ц.Т нь 3.005.000 төгрөгийг хохирогч А.Цад төлсөн болохыг дурьдаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Ц.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш, давж заалдах шатын шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 57 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Тг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Тг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш шүүгдэгч Ц.Т нь хохирогч А.Цад 3,005,000 төгрөгийг хохиролд төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                               ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

                   ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ