| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03843/И |
| Дугаар | 102/ШШ2024/05461 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/05461
| 2024 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2024/05461 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоотод оршин суух, * овогт *гийн * /РД:*/,
* нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа хөтлөв.
/Хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: * нь 2004 оны 4-р сарын 22-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг Эрүүл мэндийн төвд төрсөн. 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус сумын 2 дугаар 5 баг 5 толгой гэх газар намаржиж байхдаа гэрийн гадаа тоглож байгаад 60 литрийн савтай усанд унаж гэнэтийн ослоор нас барсан. Тухайн үед хүүхдийн нас барсан тухай Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул нас барсанд тооцож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 3/, С.*гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 5/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 544 тоот албан бичиг /хх 6/, *ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 7/, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн 11 тоот албан бичиг /хх 9/, гэрч *, * нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 8, 10/, *ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх 54/, Хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 66/.
3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хил хамгаалах ерөнхий газрын 2-3в/4496 тоот албан бичиг /хх 16/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/9356 тоот албан бичиг, хавсралт /хх 18-19/, Цагдаагийн Ерөнхий газар Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 15б/2946 тоот албан бичиг /хх 24/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/10659 тоот албан бичиг, хавсралт /хх 38-37/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 04/1217 тоот албан бичиг /хх 38/, Боловсролын яамны * тоот албан бичиг /хх 39-40/, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 02/892 тоот албан бичиг /хх 46-52, 55-61/, Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхий тусгай архивын 1/5467 тоот албан бичиг /хх 62/, Хүсэлт гаргагчийн хүсэлтээр *, * нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 69-70/, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн 57 тоот албан бичиг /хх 71/, Төв аймгийн Цагдаагийн газрын 47/03-9162 тоот албан бичиг /хх 72/.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч С.* нь өөрийн хүү *ийг нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн нас барсан боловч нас барсныг иргэний бүртгэлийн байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй, эсхүл бүртгэх боломжгүй байдлын улмаас дахин бүртгэл хийгдээгүй бол иргэний нас барсныг шүүх тогтооно.
Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 544 дугаартай тодорхойлолтод * овогтой * /*/-ийн нас барсны бүртгэл тус аймгийн Эрдэнэсант сумын 2004-2014 оны нас барсны бүртгэлийн дэвтэрт, Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд тус тус бүртгэлгүй байна гэжээ.
2. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн * тоот албан бичгийн хавсралт Төрснийг бүртгэх анкет №0054 баримтаас үзвэл, Монгол улсын иргэн рд:*, Туулай овогт *гийн * 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн гэж, *ийн төрсний бүртгэлийн лавлагаанд эцэг Туулай овогт*гийн *, эх Боржигон овогт Насандэлгэрийн Батжаргал гэж бичигдсэн байна, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03-01/5078 дугаар лавлагаанд Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт багийн бүртгэлийн 79 дүгээр хуудсанд: Баруун эрээн ухаа хүйтэн бууц, *гийн өвөлжөөнд оршин суугч: өрхийн тэргүүн Туулай ургийн овогтой*гийн *, 1980 оны 08 сарын 11-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, малчин, эхнэр Боржигон ургийн овогтой Насандэлгэрийн Батжаргал, 1981 оны 03 сарын 18-нд төрсөн, 29 настай, малчин, охин Туулай ургийн овогтой *гийн Намуун, 2008 оны 09 сарын 05-нд төрсөн, 2 настай, хүү Туулай ургийн овогтой *гийн Түвшинтогтох, 2009 оны 12 сарын 16-нд төрсөн, 0 настай гэж бүртгэгдсэн байна, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний 04/1217 тоот албан бичигт Халамжийн нэгдсэн систем /Ehalamj.mn/-ээр шалгахад *гийн * /*/ нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн үйлчилгээнд хамрагдаагүй байна, Боловсролын яамны 2024 оны 09 дүгээр сарын 04-ний * тоот албан бичигт Боловсролын мэдээллийн удирдлагын системд ерөнхий боловсролын сургуульд 2015 оноос хойш суралцаж байгаа суралцагч болон төгсөгчдийн мэдээлэл, лавлагааг бүртгэж эхэлсэн байна. Тус системээс шүүхэд дээрх захирамжид дурдсан /*- регистрийн дугаартай/ *гийн *ийн мэдээлэл болон аливаа бүртгэл байхгүй байна.
Хэрэгт авагдсан хүсэлт гарагч С.*гийн хүсэлт, тайлбар болон гэрч * /рд: */, * /рд: */ нарын мэдүүлэг баримтаар Туулай овогт *гийн * нь 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймаг, Эрдэнэсант сум, 2 дугаар баг, 5 толгой гэх газарт гэнэтийн ослоор нас барсан болох нь нотлогдож байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 9/10659 тоот албан бичгээр * нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, эцэг /эх/ тогтоосны, үрчилсний бүртгэлд бүртгэлгүй бөгөөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэл бүртгүүлээгүй тул иргэний үнэмлэхийн лавлагаа олгох боломжгүй байна гэжээ.
Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 тоот албан бичгээр Тус сумын 2 дугаар багийн иргэн * овогтой * нь /* регистрийн дугаартай хүүхдийн 2006 онд нас барсан тухай эмнэлгийн бичиг манай байгууллагын архивын баримтад байхгүй нь үнэн болно гэжээ.
3. Дээрх нотлох баримтуудаар * нь 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрж, 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан, нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлгүй нь тогтоогдож байна.
Иймд 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн Туулай овогт *гийн * нь 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймаг, Эрдэнэсант сум, 2 дугаар баг, 5 толгой гэх газарт гэнэтийн эндэгдлээр нас барсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.2 дахь хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгийг баримтлан 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн Туулай овогт *гийн * нь 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймаг, Эрдэнэсант сум, 2 дугаар баг, 5 толгой гэх газарт гэнэтийн эндэгдлээр нас барсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан хүсэлт гаргагч С.*гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч нар шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан хугацаанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН