| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/04972/И |
| Дугаар | 181/ШШ2024/04572 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/04572
| 2024 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 181/ШШ2024/04572 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ******* /Регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,,т байрлах, ХХК /Регистрийн дугаар:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын эрсдэл болохыг тогтоолгох, даатгалын нөхөн төлбөрт 199.993.828 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь ХХК-д холбогдуулан даатгалын эрсдэл болохыг тогтоолгох, нөхөн төлбөрт 199.993.828 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Лхагвацэнд овогтой Нармандах миний бие ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн дугаартай Мерседес Бенз С63 маркийн автомашиныг 1 жилийн хугацаатай бүрэн даатгуулсан болно.
Даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 06 цагийн үед миний машиныг жолоодож явсан нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох уулын замд осолд орсон болно.
Осол болох үед миний автомашиныг жолоодож явсан зам дээр гэнэт гарч ирсэн мал амьтаныг мөргөхөөс зайлсхийн замаас гарснаас болж ХХК-ийн эзэмшлийн хашааг мөргөсөн бөгөөд уг ослын улмаас миний автомашин эвдэрч гэмтсэн билээ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс осол болсон шалтгаан нөхцлийг тодруулахаар шалгалт явуулсан бөгөөд Замын цагдаагийн зохицуулагч а/д 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтаны магадлагаа гарсан. Уг магадлагаагаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн гэж дүгнэн жолооч д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан болно.
Энэхүү ослын улмаас миний автомашинд нийт 199,993,828 төгрөгийн хохирол учирсан болох нь Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 18290 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон.
Миний хувьд осол болсон даруйд даатгалын компанид зохих журмын дагуу мэдэгдсэн бөгөөд ХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлд заасан даатгалын эрсдэл бий болсон гэж үзэн автомашинд учирсан эвдрэл гэмтэл болох 199,993,828 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулан авахаар 2023 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хүсэлт гаргасан боловч ХХК-иас даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 23/933 дугаартай албан бичгээр өгсөн. ' ХХК-ийн зүгээс нөхөн олговор олгохоос татгалзаж буй үндэслэлээ " ...жолооч замд гарахын өмнө унтаагүй, ... зүүрмэглэсэн" байсан нь шуурхай дуудлагын ажилтанд өгсөн тайлбараар нотлогдож байгаа гэж тодорхойлон улмаар талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.23-д "жолооч ядарсан үедээ жолоо барьсны улмаас осол гарсныг цагдаагийн байгууллага тогтоосон эсхүл жолооч өөрөө нойрмоглосон, зүүрмэглэсэн тухайгаа даатгагчид мэдүүлсэн" гэж заасан болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно, 8.5.3 даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно.
Улмаар энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, холбогдох баримтын хамт өгсөн боловч тус хорооноос 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9/3943 дугаартай албан бичгээр татгалзсан хариуг өгснийг хүлээн авсан болно.
Миний хувьд ХХК болон Санхүүгийн зохицуулах хорооны дээрх шийдвэрүүдийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд учир нь тухайн зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлийг эрх бүхий этгээд болох цагдаагийн байгууллага нэгэнт шалгаж тогтоон, холбогдох этгээдэд зөрчлийн арга хэмжээ авсан байгаа нөхцөлд даатгалын компанийн ажилтанд өгсөн тайлбар гэх үндэслэлгүй, тогтоогдоогүй (даатгалын компаний ажилтан жолооч д юу гэж хэлсэн, яаж нөлөөлсөн эсэхийг би мэдэхгүй) зүйлээр шалтаглан нөхөн төлбөр олгохоос зайлсхийж байгааг зөвшөөрөхгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ХХК-тай байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын эрсдэл учирсан болохыг тогтоож, даатгалын нөхөн төлбөр болох 199.993.828 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Манай 23032972 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгуулагч Л.Нармандахын улсын дугаартай Mercedes Benz G63 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06 цагийн орчимд нь жолоодон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Их тэнгэрийн амны зүүн хойд замд замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хажуугийн хашаа мөргөж тээврийн хэрэгсэлд хохирол учирсанд нөхөн төлбөр хүссэн. Ослын үед даатгуулагч цагдаагийн байгууллага болон манай даатгалын компанид ослын талаар мэдэгдэж үзлэг хийлгэсэн бөгөөд тухайн автомашиныг жолоодон явсан жолооч шуурхай дуудлагын ажилтны ослын газарт авсан асуумжид Замын нөхцөл байдал сийрэг, жолоо барихад анхаарал татах өөр зүйлгүй, аюулыг мэдэрсэн зай осол болох үед, аюулыг мэдсэнээс хойш тоормос гишгэсэн, ослын үед 50 км/ц хурдтай явж байсан, осол гарахаас өмнө тээврийн хэрэгслийн техникийн байдал хэвийн, замд гарахаас өмнө хэдэн цаг унтаж амарсан байсан гэх асуултад Унтаагүй гэж тэмдэглээд, ослын шалтгааныг товч дурдах хэсэгт Зүүрмэглэсэн замаас гараад хашаа мөргөөд зогссон гэж осол гарах шалтгааныг дурдаад өөрийн гарын үсгийг зурсан байдаг.
Энэхүү тайлбарыг жолооч ослын үед дуудлага өгөхдөө болон ослын газарт үзлэг хийх явцад дурдсан бөгөөд аудио бичлэгт бичигдэн үлдсэн байдаг.
Харин даатгуулагч Л.Нармандахаас 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн гар өргөдөлд ... зам дээр гэнэт гарч ирсэн мал амьтныг мөргөхөөс зайлсхийн замаас гарсан.. гэж тайлбар ирүүлсэн боловч ослын үед тухайн автомашиныг жолоодон явсан жолоочийн тайлбар болоод замын цагдаагийн ослын газрын гар зурагт замаас огцом буюу аюул тойрох үйлдэл хийсэн гэх ул мөр зурагдаагүй байсан зэргээр даатгуулагчаас ирүүлсэн тайлбар мэдээлэл нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон юм.
Иймд Тээврийн хэрэгслийн даатгалын 23032972 тоот гэрээний 4.Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд 4.23 Жолооч ядарсан үедээ жолоо барьсны улмаас осол гарсныг цагдаагийн байгууллага тогтоосон эсхүл жолооч өөрөө нойрмоглосон, зүүрмэглэсэн тухайгаа даатгагчид мэдүүлсэн тохиолдолд болон Даатгалын тухай хуулийн 8.5-д Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно" 8.5.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан 3 5.1 Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг гаргасан. Манай даатгалын компанийн гаргасан шийдвэрт гомдол гарган шалгуулсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах хорооноос даатгагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн байдаг. Иймд даатгуулагч Л.Нармандахаас тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 199.993.828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Даатгалын нөхөн төлбөрийн тухай хариу, ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр, 23032972 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шийтгэлийн хуудас, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 3-19, 31, 32, 88-99/
Хариуцагчаас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, даатгалын тохиолдлын үзлэгийн тэмдэглэл, ослын дуудлагын үеийн СД бичлэг, Г.Буудлын тодорхойлолт зэргийг ирүүлжээ. /хх 25-28, 30/
Шүүхийн журмаар:нэхэмжлэгч талын хүсэлтээр Тээврийн Цагдаагийн албанаас баримтаар гаргуулсан ЗТО-317 дугаартай зөрчлийн материал, хариуцагч талын хүсэлтээр СD дэх бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /хх 40-61, 67-79/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Л.Нармандах нь ХХК-д холбогдуулан даатгалын эрсдэл болохыг тогтоолгох, нөхөн төлбөрт 199.993.828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: даатгалын тохиолдол үүссэн, гэрээнд заасан эрсдэлд хамаарах тул нөхөн төлбөрийг гаргуулна гэв.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарна, тээврийн хэрэгслийн жолооч өөрөө мэдүүлсэн, бичлэгээр тогтоогдсон гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Л.Нармандах болон ХК нар 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх нэг жилийн хугацаагаар MERCEDES BENZ G63 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний үеийн, хөдөлгөөний бус үеийн, байгалийн, галын, хулгайн, жолоо шилжүүлэх үеийн эрсдэлээс хамгаалахаар, даатгуулагч хураамжид 2.400.000 төгрөг төлөхөөр тохиролцож 23032972 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г, мөн жолоочийн хариуцлагын даатгалын 23211171500082 тоот гэрээг тус тус байгуулжээ. /хх 8-9/
Зохигчид гэрээ байгуулсан, даатгуулагч хураамжийг төлсөн үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
4.2.2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 06.20 цагт Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, уулын замд явах үед зам тээврийн осолд өртөж бусдын эзэмшлийн хашааг мөргөснөөр даатгалын зүйл болох улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, тухайн осолд тээврийн хэрэгслийг жолоодож явсан Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн тайлангаар тээврийн хэрэгсэлд 199.993.828 төгрөгний хохирол учирсан нь хэрэгт авагдсан зөрчлийн материал, үнэлгээний тайлан зэргээр тогтоогджээ. Дээрх үйл баримтад зохигчид маргаагүй. /хх 40-61/
4.3.Нэхэмжлэгч нөхөн төлбөр хүссэнийг хариуцагч 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 23/933 тоот албан бичгээр олгохоос татгалзснаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Улмаар тус байгууллагаас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9/3943 албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй хариуг мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ. /хх 5-7/
5.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчид дээрх зам тээврийн осол нь гэрээний 2.1-д заагдсан замын хөдөлгөөний үеийн эрсдэлд, 2.6-д заасан жолоо шилжүүлэх үеийн эрсдэлд буюу гэрээгээр тохиролцсон даатгалын эрсдэлд хамаарна гэдэгт маргаагүй.
Харин зохигчид гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн эсэхэд маргасан.
Хэрэгт авагдсан даатгалын гэрээний 4-д нөхөн төлбөр олгохгүй 31 төрлийн нөхцлүүдийг нэрлэн зааснаас 4.23-т жолооч ядарсан үедээ жолоо барьсны улмаас осол гарсныг цагдаагийн байгууллага тогтоосон эсхүл жолооч өөрөө нойрмоглосон зүүрмэглэсэн тухайгаа даатгагчид мэдүүлсэн тохиолдолд олгохгүй байхаар заажээ. Хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээний дээрх нөхцлөөр тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч амьтан машины урдуур гүйснээс осол гарсан, үүнийг Замын цагдаагийн газраас шалгаж тогтоосон, түүнчлэн зүүрмэглэсэн тухай яриа нь жолоочийнх бус харин машины арын суудалд унтаад явж байсан даатгуулагч болох Л.Нармандахынх, үүнийг хариуцагч хольж жолооч зүүрмэглэсэн мэтээр бичсэн гэж тайлбарлав.
6.Шүүх дараах үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарна гэж үзлээ. Үүнд:
6.1.Шүүх хуралдаанд оролцсон гэрч ас тухайн үед би дуудлагын дагуу очсон. Явж очих үед Жи 500 маркийн машин хашаа мөргөөд зогссон байсан. Сууж явсан хүн бас жолооч хоёр хоёулаа зүүрмэглээд гэж анх хэлсэн хэмээн мэдүүлж байна.
6.2.Хариуцагчаас баримтаар ирүүлсэн даатгалын тохиолдлын үзлэгийн тэмдэглэлд асуумж хэсгийн ослын товч шалтгаан бичих хэсэгт зүирмэглэсэн засмал гараад хашаа мөргөөд зогссон гэж бичиж, жолооч хэмээн гарын үсэг зуржээ. /хх 30/
6.3.Ослын дуудлагын дагуу анх очих үед хийсэн аудио бичлэгт шүүхийн журмаар үзлэг хийсэн.
Осол болсны дараа даатгалын ажилтан анх очих үедээ хийсэн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 09.59 цагт хийсэн бичлэгт талууд маргаж, унтаж явсан зорчигч буюу тээврийн хэрэгслийн даатгуулагч Л.Нармандах өөрөө байсан, түүнийгээ хэлснийг жолооч хэлсэн мэтээр бичсэн гэж зохигчид өөр өөрөөр тайлбарлаж маргасан тул шүүх хуралдааны явцад хэрэгт баримтаар ирүүлсэн тухайн бичлэгийг дахин сонсгож шинжлэн судлав.
Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлийн 2-т тусгагдсан маргаанд хамаарах өдрийн бичлэг дэх үгүй, харин зүүрмэглээд тэгээд нэг мэдсэн ийшээ орчихлоо гэсэн хэсгийг нэг эрэгтэй хүн, дараагийн үгүй ээ би уусан юм. Манай дүү бариад явсан байхгүй юу, яахавдээ унтаж байгаад нэг сэрсэн чинь ийм болцон байна. Тэгээд дүү эрүүл байсан. Цагдаа сая хүлээж байгаад л явлаа гэсэн хэсгийг өөр эрэгтэй хүн хэлсэн болох нь бичлэгээр тогтоогдож байна. Иймд жолоочоос асуугаагүй харин унтаж явсан зорчигч болох даатгуулагчаас асуугаад бичсэн, жолооч зүүрмэглэсэн гэж яриагүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
6.4.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анх хэргийн газрын газрын үзлэг хийх үед замын цагдаад жолоочоос адуу мөргөсөн гэж, харин дараа нь нохой гүйсэн гэж тус тус зөрүүтэйгээр мэдүүлсэн, түүнчлэн хэргийн газрын үзлэгт тоормозны мөргүй гэж тэмдэглэгдсэн зэргээс үзвэл шүүх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд нөхөн төлбөр олгохгүй байхаар тохирсон гэрээний 4.23 дахь жолооч өөрөө нойрмоглосон зүүрмэглэсэн тухайгаа даатгагчид мэдүүлсэн тохиолдолд хамаарна.
7.Нэхэмжлэгчийн даатгалын эрсдэл болохыг тогтоолгох шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн үндэслэл байгааг дурдав.
Дээрхийг нэгтгээд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар ХХК-д холбогдох даатгалын эрсдэл болохыг тогтоолгох, нөхөн төлбөрт 199.993.828 төгрөг гаргуулах тухай Л.Нармандахын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.157.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ