| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00035/И |
| Дугаар | 155/ШШ2016/00265 |
| Огноо | 2016-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2016/00265
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ холбогдох,
3.782.900 /гурван сая долоон зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2016/0035/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***** захирал *****, хариуцагч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагад малчнаар ажиллаж байсан ***** өөрийн хариуцлагагүйгээс төлгөн хуц 38-ыг дутаасны 950.000 /есөн зуун тавин мянга/, бүдүүн хуц 7 дутаасны 490.000 /дөрвөн зуун ерэн мянга/, борлон ухна 4 дутаасны 100.000 /нэг зуун мянга/, бүдүүн ухна 30 дутаасны 1.800.000 /нэг сая найман зуун мянга/, бүгд малын төлбөр 3.340.000 /гурван сая гурван зуун дөчин мянга/, 2008 онд 11.72 кг ноолуур дутаасны 219.000 /хоёр зуун арван есөн мянга/, 2009 онд 30.58кг ноолуур 223.900 /хоёр зуун хорин гурван мянга есөн зуу/ төгрөг, бүгд 442.800 /дөрвөн зуун дөчин хоёр мянга есөн зуу/ төгрөгийн төлбөр гарсныг 2010 оны 1-р сарын 08-ны өдрийн Аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч акт тавьснаас хойш одоо болтол төлж барагдуулаагүй байгаа тул *****эс нийт 3.782.900 төгрөгийг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: ***** би Цөм сүргийн үржлийн аж ахуйд 2007 оны 8 дугаар сараас 2008 оны 7сард малчнаар ажиллаж байсан билээ. Би 2007 оны хавар төллөсөн ишгийг намар маллах болсон ба 130 ширхэг ухна ишиг, хуц хурга 14 ширхэгийг нийтдээ 144 ширхэг ухна ишиг мөн хуц ухна байсан. Энэ ***** захирлын нэхэмжилж байсан шиг бүдүүн хуц 7, бүдүүн хуц 30, байсан нь худлаа бөгөөд дандаа хуц хурга, ухна ишиг бага мал байсан.Тухайн үед намайг маллаж байхад 14 хуц хурганаас 3 нь үхсэн, харин 140 ухна ишигнээс 60 нь үхсэн юм. Надтай албан ёсоор гэрээ байгуулаагүй хуц ухна хараад өгөөч гэхээр нь би маллаж өгсөн ба 2008 онд болон 2009 онд нийтдээ 42.3 кг дутаасан нь худлаа бөгөөд Лхагва гэж /цөм сүргийн үржлийн аж ахуйн дарга/ ирж ноолуураа аваад явж байсан. 2007 оны 12 дугаар сард Лхагва ***** нар нь манай дүү Б.Зулаагийнд ирэхэд нь ухна ишиг хуц хурга нь үхээд байна гэж хэлэхэд... гайгүй биз дээ.. гэж хэлээд явсан. Ингээд би 2008 оны 7 дугаар сард нярав Пүүжий 3-4 хүнтэй ирээд 80 тооны төлөг борлонг үржлийн хашаанд нь тууж авчраад хүлээлгэж өгсөн. 2010 оны 1 сарын 8-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт тогтоосныг би ер мэдээгүй бөгөөд энэ нь намайг малчнаар ажиллаж байснаас хойших хугацаанд акт тогтоосон байх тул надад хамааралгүй болно. Намайг малчнаар ажиллаж байхад цалин гэж 1 удаа 120.00 төгрөг, манай эхнэр Алтанцэцэгт 1 удаа 110.000 төгрөг, нийтдээ 230.000 цалин гэж өгсөн бөгөөд би малыг нь 11 сар нийтдээ 230.000 цалин гэж өгсөн бөгөөд би малыг нь 11 сар маллахад надад ийм л цалин гэж өгсөн. Иймд би Цөм сүргийн үржлийн аж ахуйн гаргасан 3.782.900 нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ***** захирал ***** шүүхэд гаргасан тайлбартаа: 2007 оноос хойш 2009 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн шалгалтын удирдамжийн дагуу шалгалт хийгдэж малчдад акт тавигдсан. Түүний дагуу нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагч нар олдохгүй байсаар байгаад өнгөрсөн оны 11 дүгээр сараас өр авлагатай гарсан малчдаас өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. *****эс нийтдээ 3.782.900 төгрөг нэхэмжилж байгаагаас хариуцагч 1.800.000 төгрөгийн өрийг барагдуулна гэж байгаад тохирч эвлэрье гэсэн саналтай байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний үйлчлүүлэгч ***** нь нэхэмжлэгч цөм сүргийн үржлийн аж ахуйн захирал Батсуурьтай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын 50 буюу 1 сая 800.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлт гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *****нь хариуцагч *****д холбогдох 3.782.900 /гурван сая долоон зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигчид 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
Иймд зохигч 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ***** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.480 /далан таван мянга дөрвөн зуун ная/ төгрөгөөс 37.740 /гучин долоон мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *****эс 21.875 /хорин нэгэн мянган найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ***** нэхэмжлэлтэй, хариуцагч *****д холбогдох 3.782.900 /гурван сая долоон зуун наян хоёр мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн *************** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.480 /далан таван мянга дөрвөн зуун ная/ төгрөгөөс 37.740 /гучин долоон мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *****эс 21.875 /хорин нэгэн мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ