Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2016/00266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ***************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************* холбогдох

Тээврийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2015/01248/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч *****, хариуцагч *****, түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 4 дүгээр сарын дундуур 1 тонн цементийг 50.000 төгрөгөөр бодож, 25 тонн цементийг Цагаан-Үүр сум руу ачуулахаар *****той тохиролцоод урьдчилгаа болгож, 1.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 250.000 төгрөгийг дараа өгөхөөр болсон. ***** ачаа ачаад явснаас хойш хэд хоногийн дараа цементийг Цагаан-Үүр суманд хүргээгүй гэж над руу ярьсан. Зам муу байна гээд цементээ надад хэлэлгүйгээр хашаандаа буулгаад Улаанбаатар хот руу өөр ачаа ачаад явсан байсныг эхнэрээс нь мэдсэн. Замын ажил зогсох гээд байсан учир цементийг хурдан хүргэж өгөх шаардлагатай тул би өөр машинд дахин хөлс өгч ачуулсан. ***** зам шавар ихтэй байсан учир явах боломжгүй байсан, 700.000 төгрөгийн зарлага гарсан гэж тайлбарлаж байгаа. Тухайн үед 1 литр түлш 1.500 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд машин суухаар шавар гараагүй, хөлдүү байсан ба жолооч хүн замын бартааг өөрөө самбаачилж, нар халахаас өмнө, шөнийн цагт явах гээд олон арга бий. Намайг хамт явна гэсэн мөртлөө яваагүй гэж байна. Энэ бол шалтгаан биш, надад дагаж явах шаардлага байхгүй, би бараг тэр өдөр дахиад өөр машинд цемент ачуулахад тэр машин ачаагаа хүргэх ёстой газар нь хүргэсэн. ***** тээврийн хөлсөнд өгсөн 1.000.000 төгрөгийг өгөхгүй өдий хүрсэн бөгөөд би эвлэрч 500.000 төгрөг авахаар тохирсон боловч янз бүрийн шалтаг тоочиж, сүүлдээ өгөхгүй, шүүхээр ороод чаддаг юм бол аваарай гэсэн учир 1.000.000 төгрөгөө бүтнээр нь гаргуулж авна. Жолооч хүн нэгэнт ачаа ачихаар тохирч хөлс мөнгөө авсан л бол ачаагаа буулгах газраа хүргэж өгөх ёстой. Би энэ хүнийг хэдэн тонны даацтай ачаа ачхыг шаардаагүй, өөрөө машиныхаа даацанд тааруулж ачсан гэж бодож байна. Тээврийн зардалд тогтсон ханш байдаг ба хэдэн ч км явсан хамаагүй 1 тонн ачаа нь 50.000 төгрөгөөр тооцдогүүнийг ***** зөвшөөрөөд ачсан, энэ хүнээс мөнгөө авч чадахгүй 2 жил болж байна гэв.

Хариуцагч ***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ж.Баттулгын гуйснаар 25 тонн цементийг ачиж, Цагаан-Үүр суманд буулгахаар болсон. 1 тонн цементийг 50.000 төгрөгөөр ачихаар тохирч тээврийн хөлсөнд 1.250.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг урьдчилгаанд авсан. ***** надтай хамт явна гээд машин шаварт суух юм бол харилцан биенээ татаад явъя гэж ярилцсан. Зам муу гэж бодоод 3 хүнтэй хамт өглөө 4 цагийн үед Мөрөнгөөс гарсан. Мөрөнгөөс гараад 70-80 км яваад шаварт 2-3 удаа суусан. Шаварт сууж 2 шөнө, 3 өдөр болж байж машинаа гаргаад буцаад явж байтал, Ж.Баттулгын машины толгойд байсан цементийг Даваадорж гэдэг хүн аччихсан явж байсан. Хэрэв ***** хамт явсан бол бид машинаа шавраас татаад явах боломж байсан. Би Түнэл суманд ирээд зам муу явж чадахгүй байна, буцаад ирж байна, цементээ Түнэлд буулгах уу гэж асуухад Мөрөнд аваад ир гэж хэлсэн. Урьдчилгаанд авсан 1.000.000 төгрөгийн 700.000 төгрөгөөр түлш аваад шаварт машинаа хий эргүүлсээр түлш дуусч өөрт байсан 100.000 төгрөгөөр Түнэл сумын шатахуун түгээх станцаас нэмж түлш авсан. Мөрөнд орж ирээд цементийг норгож болохгүй учраас өөрийнхөө машины грашид хүмүүс хөлсөлж буулгачихаад зам гайгүй болохоор ачаад явъя гэж *****д хэлсэн. Бид тээврийн хөлсний талаар ярилцаад 500.000 төгрөг өгч авахаар харилцан тохиролцсон боловч намайг хэл амаар маш их доромжилсон учир надад гомдолтой байна. Мөн хэрэв надтай хамт ачаа ачаад явсан бол ийм эрсдэлд орохгүй байсан. Би өөрөө хохирсон учир тээврийн хөлс 1.000.000 төгрөгийг төлж чадахгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчхариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Тээвэрлэлтийн гэрээгээр талууд тохиролцсон урьдчилгаа болгож 1.000.000 төгрөг өгч, түлш шатахуун авахад зарцуулсан байдаг. Тээвэрлүүлэгч нь тээвэрлэгчдээ замын талаар мэдээлэл өгөөгүй, дагалдах бичиг үйлдээгүй тул тээвэрлүүлэгч үүргээ гүйцэтгээгүй. Улаанбаатар хотоос 180.000 төгрөгөөр цемент ачиж ирчихээд ***** өөрөө 50.000 төгрөгөөр бусдад ачуулсан байдаг. Замын мэдээлэл зааварчилгааг бодит байдлаар өгсөн бол хариуцагч заавал Цагаан-Үүр явахгүйгээр өөр ачаа ачаад орлого олоод явах байсан. Энэ тохиолдолд хариуцагч мөн өөрөө хохирсон. Нэхэмжлэгчийн хариуцагчид өгсөн 1.000.000 төгрөг бол тээврийн хөлс биш, урьдчилгаа мөнгө юм. Баттулга нь Улаанбаатар хотоос авч ирсэн ачаагаа ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр Ганзоригт шилжүүлэн ачсан. Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.1-д Нэг гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгч тээвэрлэлтийг дамжуулан гүйцэтгэхээр байвал тээвэрлэгч бүр тээвэрлэлтийн үүргийг бүхэлд нь хариуцах бөгөөд дамжуулан тээвэрлэхээр ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч ачаа болон дагалдах бичгийг хүлээн авснаар гэрээний тал болно гэж заасан байдаг. Зам муу байсан учир ачааг хүргэх боломжгүй байсан ба Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл зорчигчийн буруугаас буюу түүний авч явсан зүйлээс шалтгаалж гэм хор учирсан бол  тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****т холбогдуулан тээврийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар шаардах эрхтэй.

Зохигч Цагаан-Үүр сум руу 25 тонн цемент ачиж, тээврийн хөлс 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг өгөхөөр тохирч, урьдчилгаанд 1.000.000 /нэг сая/ өгч авсан, замын бартаанаас болж ачааг хүргэх ёстой газар нь хүргээгүй талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь ачааг Цагаан-Үүр суманд хүргээгүй учир тээврийн хөлсний урьдчилгаанд өгсөн 1.000.000 /нэг сая/ төгрөгөө буцааж авна, хариуцагч тус ачааг тээвэрлэхдээ ***** хамт яваагүй учир шаварт суусан, үүний улмаас надад хохирол учирсан тул 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 3801.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулнаИргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4-д Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөл нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.

Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулах боловч дагалдах бичиггүй байдлаас үл хамааран байгуулсан тээвэрлэлтийн гэрээний агуулга хуулинд заасан нөхцөлтэй адил байх ба нэхэмжлэгч Ж.Батулга 25 тонн цементийг тээвэрлэж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд буулгах тухай санал тавьсныг хариуцагч ***** хүлээн зөвшөөрч тээврийн хөлс 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг өгч авахаар тохиролцон урьдчилгаанд 1.000.000 төгрөг өгсөн байх тул зохигчийн хооронд тээвэрлэлтийн гэрээ амаар байгуулагдсан байна.

Тээвэрлэгч болох ***** нь ачааг хүлээж авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд үүсэх хариуцлагыг хариуцах бөгөөд ачаа тээшийг тогтоосон хугацаанд буулгах ёстой газарт хүргэх үүргээ биелүүлээгүй учир тээвэрлүүлэгч тээврийн хөлсөнд төлсөн 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр хохирчээ.

Тээврийн хэрэгслийн жолоочийн үйл ажиллагааны дутагдал, тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл зэргээс ачаа тээвэрлүүлэгчид хохирол учирсан бол тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагч *****оос тээврийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****д олгохоор шийдвэрлэж байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нь ***** тус ачааг Улаанбаатар хотоос өндөр үнээр ачиж ирээд ашиг олох зорилгоор дамжуулан тээвэрлүүлсэн, тухайн ачааг тээвэрлэсний улмаас өөрт минь хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа ч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

***** тус ачааг тээвэрлэсний улмаас хохирол учирсан бол энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь хуулинд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болохыг тус тус дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.4, 393 дугаар зүйлийн 393.8-д тус тус зааснаар хариуцагч *****оос тээврийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА