Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 97

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

           улсын яллагч Д.Нямбат,   

            хохирогч Б.Болортуяа,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зөөд овогт Банзаржавын Буянбаатарт холбогдох 17080225000362 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, хувиараа засварын газар ажиллуулдаг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 106 дугаар байрны гадна 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Болортуяаг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, зүүн гуя, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Б.Б Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 106 дугаар байрны гадаа 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Болортуяаг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, зүүн гуя, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-2-6/

- хохирогч Б.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Буянбаатарт “гадагшаа гарч кино үзье” гэж хэлснээс болж уурлаад маргасан. Тухайн үед Буянбаатар найзуудтайгаа биллъярд тоглож байсан. Би “Мираж“ зочид буудлын пабд орж 4 шил пиво уусан. Зоригтбаатар түүний эхнэр рүү утсаар ярьсан. Зоригтбаатар ирээд бид 2 “Шивнээ” гэх пабд орж пиво уусан. 00 цаг өнгөрөөд гэртээ орсон. Буянбаатар гэртээ байгаагүй. Утсаар залгаж ярихад “уурлаад, чи хаагуур яваад байгаа юм” гэсэн. Би гэрээсээ гартал нөхөр таараад нүүрэн тус газар гараараа цохиод, хөл рүү өшиглөөд байсан. Би тухайн үед өөрийгөө хамгаалах ямар ч үйлдэл гаргаагүй. Өмнө нь гэр бүлийн маргаанаас болж уурлах үед ганц нэг удаа алгадаж байсан. Үүнээс өөрөөр зодож цохиж байгаагүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-34-35/

- гэрч З.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар 25-ны өдрийн орой 22 цагийн үед Болортуяа “Мираж” пабд байна гэхээр нь очсон. Болортуяа машинтайгаа явж байсан болохоор гэрт нь хүргэж өгөхөөр машиныг нь барьсан. Тэгээд машиныг нь зогсоолд байрлуулчихаад бид 2 нэр нь мэдэхгүй пабд ороод 2, 2 шил пиво уусан. Тэндээс 00 цагийн үед гараад гэр гэрийн зүг явсан. Болортуяа Буянбаатар зодож харддаг талаар яриагүй. Буянбаатар хааяаа гадуур хоноод байна, цаанаа найз хүүхэнтэй юм болов уу гэж асуусан. Ер нь надтай уулздаг учир нь Буянбаатарыг өөр эмэгтэйтэй эсэхийг мэдэх гэж дуудсан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-9-10/

- гэрч Б.Сандуйжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны Сонгинохайрхан дүүргийн 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын Хөрс худалдааны төвийн 2 давхрын биллъярдны газар найз Зоригтбаатар, Буянбаатар, Дашка нарын хамт тоглосон. 20 цагийн үед Зоригтбаатар гэр рүүгээ харина гээд явсан. Буянбаатар 13 дугаар хороололд машин үзнэ гээд явсан. Орой 22 цагийн үед Зоригтбаатар манай эхнэр залгавал “утсаа битгий аваарай” гэсэн мессэж явуулсан. Тэгээд шөнө 02 цагийн үед Зоригтбаатар залгаад Буянбаатар намайг эхнэртэйгээ хардаад, эхнэрээ зодоод бөөн юм болсон байна гэсэн. Болортуяа бид 2 “Мираж” зочид буудлын пабд 2, 2 пиво уусан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-12/

- гэрч Ц.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр Буянбаатар, Сандуйжав нартай биллъярд тоглоно гээд гарсан. 19 цагийн үед Буянбаатарын эхнэр Болортуяа над руу “найз нь ганцаараа ууж байна” гэсэн утгатай мессэж бичсэн. 22 цагийн үед Буянбаатар руу залгаж “та нар тарсан уу” гэхэд тарсаан Зоригтбаатар гэртээ харина гээд явсан гэсэн. Тэгэхээр нь Болортуяа, Зоригтбаатар нар хамт байгаа юм болов уу гэтэл Буянбаатар машин нь “Мираж”-ийн гадаа байна уу хараад хэлье гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа залгатал Буянбаатар  орилж хашгираад “чи Зоригтбаатартай хамт буудалд байсан нь үнэн биз дээ гээд цохиод зодоод Болортуяа нь ёолоод, болиоч ээ” гээд байсан...гэх мэдүүлэг /хх-13-15/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13562 дугаартай шинжээчийн:...Б.Болортуяагийн биед тархи доргилт, 2 нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хх-21/

- шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 10 дугаар сарын 25-ны би найз Сандуйжав, Зоригтбаатар нартай биллъярд тоглосон. 22 цагийн үед утсаар Зоригтбаатарын эхнэр Мөнхнасан залгаад тэр 2 буудалд байх шиг байна гэсэн. Тэгээд эхнэр рүү залгасан утсаа аваагүй. Зоригтбаатарын утас холбогдохгүй байсан. Эхнэрээ хайгаад “Мираж” паб орж камер шүүхэд 22 цаг 25 минутын үед гарсан байсан. 22 цаг 40 минутын үед машинаа зогсоолд тавьсан гэж манаач хэлсэн. 01 цаг 46 минутын үед эхнэр Болортуяа гэртээ байна, хаана байна гэж залгасан. Тэр үед би машиндаа сууж байсан. Тэгээд бид 2 орцны гадаа таараад би “эхнэрээ чи хаана хэнтэй байсан, Зоригтбаатартай хамт байсан биз дээ” гэтэл Болортуяа “би тэр найзтай чинь таараагүй” гээд гүрийгээд байсан. Тэгэхээр нь би уурандаа нүүр рүү нь 2-3 удаа алгадаж, гуя руу нь өшиглөж, толгой руу нь 1 удаа цохисон. Тэгээд гэртээ ороод дахин хэрүүл хийж байгаад Болортуяа гэрээсээ гараад зугтсан...гэх мэдүүлэг /хх-26-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч Б.Болортуяа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-91/ гэжээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.      

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР