Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/279

 

 

 

Л.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

шүүгдэгч Л.М-ийн  өмгөөлөгч Д.Энхбаатар,  

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1838 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар давж заалдах гомдол гаргасныг үндэслэн шүүгдэгч Л.М холбогдох эрүүгийн 2206000002427 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.  

Шүүгдэгч Л.М нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 дугаар байрны 1 давхарт хохирогч П.Оийн эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн,

2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мах Импекс” ХХК-ийн төв байранд “Дотогш нэвтрүүлсэнгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.Н-ийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун сарвууны чигчий хуруунд язарсан шарх, баруун чихний дэлбэн, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ч.Б-тэй  бүлэглэж Төв аймаг, Баянчандмань сум, Чандмань 2 дугаар баг, Хадаасны 1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Лелметалл” төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 20 минутын үед хууль бусаар нэвтэрч, улмаар дуудлагын дагуу ирсэн цагдаагийн албан хаагч Ж.О, Г.М нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн биед нь халдаж, үг хэлээр доромжлон эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.          

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.М-ийн  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Л.М-ийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн ирүүлсэн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 143 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, харин нэг ширхэг гар бууг шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар гомдолдоо: “...Л.М нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугийн тал дээр маргаагүй, хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн, хийсэн үйлдэлдээ гэмшиж харамсаж байгаа билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.1 дүгээр зүйлд хууль тогтоогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилан тогтоохдоо “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлнэ” гэж заасан билээ. Иймд шүүгдэгч Л.Мд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.М-ийн  хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 3 зүйл ангиар зүйлчлэгдэж, анхан шатны шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээсэн. Анх 2021 онд Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэрэгт шалгагдаж байх явцад Л.М нь мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан. Л.М оргон зайлсан байх хугацаанд буюу 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн. Цагдан хоригдсон хоногоос хойш хуульд заасан хугацаанд 14 хоног тутамд прокурорын зүгээс очиж уулзахад дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж байгаа боловч гэмт хэрэг үйлдээд саатуулагдах үедээ хохирогч Оюундэлгэрийн гар утсыг буцааж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” үйлдэлд цагдаагийн алба хаагч нарт ямар нэгэн хохирол төлбөргүй.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд Г.Мийн хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан. Л.М-ийн  хувийн байдлыг харгалзан шүүх 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.М нь:

1. 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 дугаар байрны 1 давхарт хохирогч П.Оийн эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн болох нь:

хохирогч П.Оийн: “...06 цаг өнгөртөл хөгжилдөж байгаад У эгчийн гэр лүү буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 дугаартай шаргал өнгийн орон сууцыг чиглээд алхаад явсан. У эгч бид хоёрыг шөнийн цэнгээний газраас гараад явж байхад дотор байсан бор арьстай, булчинлаг биетэй, цэнхэр цамц, эрээн шорт өмссөн эрэгтэй араас дагаад хүрээд ирсэн. Тэгээд ...бид хоёр тэр эрэгтэйтэй хамт У эгчийн гэрийн гадаа хүүхдийн тоглоомын талбайн сааданд хэдэн пиво уусан. Гадаа хэсэг сууж байхад У эгч одоо гэртэээ орцгооё гээд намайг дагуулаад гэр лүүгээ буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 дугаартай байрны 2 дугаар орц руу орсон. ...орцны лифт рүү очиж байхад тэр эрэгтэй араас ирээд шууд миний гартаа барьж байсан, миний эзэмшлийн утас руу дайраад эхэлсэн. Би тэр үед яг орцон дотор байдаг орон сууцны лифт рүү орж байсан ба тэр эрэгтэй араас бараг л түрээд орж ирээд миний гартаа барьчихсан байсан гар утсыг булаах гээд дайраад байсан. У эгч бид хоёр тэр эрэгтэйд гар утсаа өгөхгүй гээд тэмцэлдсэн боловч дийлэхгүй тэр эрэгтэйд гар утсаа алдчихсан...” /1 хх 25-27/,

гэрч О.Уийн: “...Тэр үл таних эрэгтэйтэй манай гэрийн гадаа хэсэг хамт сууж байгаад О бид хоёр манай гэр рүү орох гэтэл тэр эрэгтэй араас орцны хаалга хүчээр татаж онгойлгоод орцонд ороод ирсэн. Тэр үед О бид хоёр орцны лифт рүү орж байсан бөгөөд тэр эрэгтэй араас ирээд орцны лифтний хаалгыг гараараа гацааж байгаад хүчээр онгойлгоод лифтэнд орж ирээд Оийн гар утас руу дайраад Отэй ноцолдож эхэлсэн. Тэр эрэгтэй О бид хоёртой ноцолдож байгаад Оийн хэрэглэж байсан Айфоне 11 про макс загварын гар утсыг хүчээр булааж аваад цаашаагаа зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх 34/,

2. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мах Импекс” ХХК-ийн төв байранд “Дотогш нэвтрүүлсэнгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.Н-ийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун сарвууны чигчий хуруунд язарсан шарх, баруун чихний дэлбэн, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Н-ийн: “...“Мах Импекс” ХХК-д ...2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагийн үед ...өмнө харж байгаагүй хүн ороод шатаар гарах гэхээр нь та хаана хэнтэй уулзах гэж байгаа вэ гэж тухайн хүнээс асуусан чинь би танай “Мах Импекс” ХХК-д ажилладаг юмаа, би цалингийн дансаа нягтланд өгөх ёстой гэж хэлээд цааш явах гэхээр нь би та бичиг баримтаа шалгуулаад дотогшоо орно гэж хэлсэн чинь ...үгийн зөрөө байхгүй шууд баруун гараараа миний зүүн шанаанд 1 удаа цохисон. Тэгээд дахиад цохихоор нь бултаад доош суусан чинь миний дээрээс ирээд намайг зодсон залууг боль гэж хэлэхэд болихгүй намайг газарт унагаад дэвсээд зодоод байсан. ...би толгой болон нуруундаа олон удаа өшиглүүлсэн...” /1 хх 62/,

гэрч Х.С-ийн: “... 2 давхарт 201 тоот өрөөнд сууж байсан чинь төв байрны үүдний хэсэгт хүмүүс орилоод байгаа дуу чимээ сонсогдохоор нь өрөөнөөсөө гараад харсан чинь манай төв байрны харуул хамгаалалтын ажилтан Н-ийг үл таних залуу шалан дээр унагаагаад нуруу, толгой руу нь өшиглөж байсан. ...би танихгүй өмнө харж байгаагүй хүн байсан. Сүүлд сураг дуулахад манай ажилд мах зөөгчөөр шинээр ажилд орсон хүн гэж байсан...” /1 хх 66/,

гэрч Э.Д-ын: “...харуул хамгаалалтын ажилтан Н дээр очоод би ажилтай яараад явж байхад “чи муу яах гээд байгаа юм, намайг командлах гээд байгаа юм уу” гэж хэлээд Н-ийг заамдаад авсан чинь мөн адил Н зөрүүлээд заамдаад авсан. ...Н-ийг татаж газарт унагаачхаад дээшээ шат руу гүйгээд явсан чинь Н босоод тухайн залуугийн хойноос гүйгээд очиход тухайн залуу эргэж хараад Н-ийг хөлөөрөө жийж унагаагаад дээрээс нь өшиглөж, гараараа цохиж байсан. Тэгэхээр нь дахин очиж салгасан чинь тухайн залуу орилж чарлаж байгаад төв байрны хаалгаар гараад гүйгээд явсан...” /1 хх 68/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн эмчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10456 дугаар: “... Б.Н-ийн биед баруун сарвууны чигчий хуруунд язарсан шарх, баруун чихний дэлбэн, духанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 хх 70-71/ зэргээр,

3. Ч.Б-тэй  бүлэглэж Төв аймаг, Баянчандмань сум, Чандмань 2 дугаар баг, Хадаасны 1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Лелметалл” төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 20 минутын үед хууль бусаар нэвтэрч, улмаар дуудлагын дагуу ирсэн цагдаагийн албан хаагч Ж.О, Г.М нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн биед нь халдаж, үг хэлээр доромжлон эсэргүүцсэн болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймаг Баянчандмань сум, Чандмань 2 дугаар баг, Хадаасны 1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг Лелметалл төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд байх ба Баянчандмань сумын төвийн зүүн урд зүгт блокон төмрийн үйлдвэр байх ба гадна талын хаалга цэнхэр өнгийн төмөр гүйдэг хаалгатай, хаалганы ертөнцийн зүгээр зүүн талд нь бор өнгийн цэнхэр өнгийн харуулын байртай байх хашааны гадаа үүдний хаалганы урд шар өнгийн ковш маркийн тээврийн хэрэгсэл байх ба хашааны хаалгыг нээн дотор үзлэгийг хийхэд хашааны хаалганы дотор тал хөр өнгийн зураас гарсан... гэснээр хэрэгт өөр ач холбогдолтой эд мөрийн баримт байхгүй байснаар үзлэгийг... маркийн гэрэл зургийн аппаратаар гэрэл зураг бэхжүүлэн авч хөндлөнгийн гэрч оролцогч нарт ямар нэгэн санал хүсэлт байхгүй байв гэснээр үзлэгийг 15 цаг 00 минутад дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх 124-128/,

хэргийн газарт болсон үйл явдлыг бичсэн дүрс бичлэг: “...Гэрч Г.Г-с хүлээн авсан 01 минут 45 секундийн дүрс бичлэгт үзлэг хийхэд 12 секундэд хар өнгийн албаны тусгай хувцас өмссөн, нүүрэндээ маск зүүсэн хүн, ногоон хантааз өмссөн цагдаагийн алба хаагчтай зууралдан хавирч унагаан дээр нь өвдөглөн заамдаж байсныг тухайн үед байсан хүмүүс салгаж, мөн ногоон хантааз өмссөн цагдаагийн алба хаагч нар 32 секундэд салгах ба хар хантааз өмссөн нүүрэндээ багтай эрэгтэй хүн дахин цагдаагийн алба хаагч руу дайрч байгаа дүр зураг үлдсэн байв. Дараагийн 01 минут 28 секундийн дүрс бичлэгт үзлэг хийхэд хар баг зүүсэн хар эрээн өнгийн малгайтай цамцтай зүүн гартаа гар утас барьсан, баруун гараа халаасандаа хийсэн /Б/ гэх эрэгтэй хүн цагдаагийн алба хаагчтай зууралдаж байгаа дүрс бичлэг байв. ...”-ийн тэмдэглэл /1 хх 129/,

хохирогч Ж.Оын: “... ...цагдаагийн постод үүрэг гүйцэтгээд ээлжээс буух гэж байх үед цагдаагийн ахлах зохицуулагч Г.М төмрийн үйлдвэрт буудалцаад байна гэх дуудлага ирлээ гээд ахлах ахлагч Э.Ж, ахлагч Э.Ж  нарын хамт явцгаасан. Бид нарыг очиход хашаан дотор байгаа хүмүүс гав бороохой, ер нь цагдаад хэрэглэгддэг тусгай хэрэгслийг зүүж хэрэглэсэн байсан. Хашаан дотор байсан хүмүүсийг хашаан дотроос гарах шаардлага тавих үед өөрийгөө “Пума” хамгаалалтын албаны ажилтан гэх залуу, өөрийгөө өмгөөлөгч гэх эрэгтэй 2 хамт байгаа хүмүүсээ уриалан гарахгүй бид нар эндээс эд хөрөнгөө авна гэж дайрцгаасан. ...Төмрийн үйлдвэрийн ажилчид буу гаргаж буудсан гэх залууг зааж өгөхөд тэр залуу нь толгойдоо хамгаалалтын каскан малгай өмссөн, цээжиндээ хамгаалалтын хантаазтай, тусгай хэрэгсэлтэй, баруун талын ташаа хэсэгтэй бууны гэртэй буу зүүсэн байсан. Ямар учраас буудсан, та буугаа хураалга гэх шаардлага тавихад надтай зууралцан эсэргүүцсэн. Зууралцаж байх үед тухайн хар хамгаалалтын хувцастай залуу гэнэт намайг хавирч унаган дээр гарч цээжин хэсэгт өвдөглөсөн. Тэнд байсан хүмүүс бүгд дайрч орж ирсэн байсан хүмүүс байсан учир салгаагүй ахлах ахлагч Г.Б хойноос нь татаж салгасан байгаа. Тэгээд тухайн хүмүүсийг хашааны гадаа гаргасан боловч хэл амаар цагдаа нарыг доромжилж, та нарыг ажилгүй болгоно, пизда наахуугаар дуудаж, хувцсаа тайлаад үзчий гэх мэтээр дураараа авирласан. Тэгээд утсаар ярьж машиндаа суугаад явцгаасан гэхдээ дахиад ирнэ гэх мэтээр явсан. ...миний цээж жоохон хөндүүртэй байна. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэлгүй...” /1 хх 136-137/,

хохирогч Г.Мийн: “...хадаасны үйлдвэрт гар буу, хутгаар зэвсэглэсэн олон тооны хүмүүс танхайрч дайрч орсон байна аюулгүй байдлаа хангаж очоорой гэсэн дуудлага өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу миний бие зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Ж.О, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Б, Э.Ж нарын хамт очсон. Мэдээллийн дагуу Баянчандмань сумын Чандмань багийн нутагт байрлах Төмрийн үйлдвэрт 11 цаг 20 минутын үед очиход хашаан дотор Бууч гранд гэсэн хаягтай хамгаалалтын албаны болон Рumasecurity гэсэн хаягтай хамгаалалтын олон тооны залуус маргалдсан хоорондоо барьцалдсан байдалтай байсан ба маргаанаа зогсоох шаардлага тавьж юу болсон талаар асуухад тухайн байгууллагыг хамгаалж байгаа хамгаалалтын албаны ахлах гэж Ч.Б нь бид өөрийн хөрөнгөө ачиж авч явах гэж байгаа талаар хэлсэн. Мөн өмгөөлөгч гэх нэрээ хэлэхийг хүсээгүй залуу өөрийн хөрөнгөө авах гэж байгаа талаар тайлбар хэлсэн миний бие хүмүүст хандан ямар нэгэн хэрэг зөрчил гаргахгүй байхыг анхааруулаад Улаанбаатар хотоос ирсэн гэх, дайрч орсон хамгаалалтын албаны хүмүүс болон өмгөөлөгчид шаардлага тавихад гарахгүй гэж шаардлага эсэргүүцсэн. Мөн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн тул албадан тухайн хашаанаас гаргасан энэ үед цагдаагийн алба хаагчийн биед халдах, шаардлагыг эсэргүүцэхийг уриалж маргаан үүсгэж цагдаагийн хоёр алба хаагчийн биед гэмтэл учруулсан. ...Зүүн гарын шуунд хатуу зүйлээр цохигдсоноос үүдэлтэй хөхрөлт бий болсон. Маргаан ноцолдоон дунд хар каск өмссөн цагдаа О-ын дээр гарсан хамгаалалтын албаны залууг салгах үед гэмтэл авсан сүүлдээ бүр бужигнаан болсон. ... гомдолтой байна. Бид нар шаардлага тавьсан. Шаардлага биелүүлээгүй хамгаалалтын албаны дарга Б гэх хүн нь шаардлага биелүүлэхгүй байхыг бусдадаа уриалсан бүгдийг чинь албанаас зайлуулна гэж заналхийлсэн...” /1 хх 140-141/,

гэрч М.Д-ийн: “...Тэгээд төд удалгүй сумын 4 цагдаа ирээд тухайн хүмүүс хашаанаас гар гээд хөөж гаргасан. Тэнд байсан масктай бүдүүн залуу Б гэсэн байхаа гарахгүй гээд цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Тэгээд хамгаалалтын ажилчид бид хэд нийлж байгаад тухайн орж ирсэн хүмүүсийг түрээд хөөж гаргасан. ... нэг цагдаа нь тухайн хүмүүсийн доор орчихсон харагдаж байсан. Хар өнгийн каск өмссөн залуу тухайн цагдаатай ноцолдоод байх шиг байсан...” /1 хх 146/,

гэрч Г.Э-ны: “...Тэгээд төд удалгүй 4 цагдаа ирээд тухайн хүмүүсийн бууг хураан авах гэсэн боловч шаардлагыг нь биелүүлээгүй цагдааг нь боогоод нэлээн ноцолдсон. Тэгээд цагдаа нартай нийлж хашаанаас түр хөөж гарсан, тухайн хүмүүс явсан. Гол шалтгаан нь үйлдвэрийг дээрэмдэх гээд байх шиг байсан. Бүдүүн болон хар дуулга өмссөн залуучууд цагдаа нарын шаардлагыг биелүүлэхгүй өөдөөс нь эсэргүүцээд бүдүүн биетэй залуу нь цагдаа нарыг боогоод байсан...” /1 хх 148-149/,

гэрч Г.Г-ын: “...манай хашаанаас юм авна гэхээр нь бид хориглосон. Тэгээд маргалдаад байж байтал Баянчандмань сумын дөрвөн цагдаагийн албан хаагч хоёр машинтай ирсэн. Цагдаа нар ирээд шаардлага тавихад тухайн залуучууд тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй, өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэн. Цагдаа нар болон тухайн залуучууд хашааны гадаа 20 орчим минут маргалдаж байгаад явцгаасан...” /1 хх 158/,

гэрч Д.А-ын: “...машинтай баахан цагдаа, харуул хамгаалалтын хувцастай хүмүүс маргалдаад байсан. Тэгээд Даваатай “хүүшээ хаана юун дээр ирчих вэ энэ ажил бүтэхгүй юм байна” гээд ачааны том шаланз унасан тээврийн хэрэгслийн жолооч явчихаар нь бид нар буцаад Улаанбаатар явсан...” /1 хх 167/,

гэрч Н.Ж-ийн: “...11 цагийн үед нэг үйлдвэрийн хашааны гадаа очиход тэнд цагдаа, энгийн хувцастай хүмүүс байсан. Тэгээд энгийн хувцастай нэг хүн нь цагдаатай барьцалдсан байдалтай байсан. Тэгэхээр нь бид нар энэ ажил бүтэхгүйн байна гээд шууд Улаанбаатар хот руу хөдлөөд 14 цагийн үед ирсэн...” /1хх 173/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 2139 дугаар: “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь галт зэвсэг биш. Уг эд зүйл нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамаарна. Шинжилгээнд Герман улсад бие хамгаалах зориулалттай үйлдвэрлэгдсэн, 8 мм-ийн калибртай RЕСК G5Е загварын гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгсэл ирүүлсэн байна. Уг буу нь 1980 оноос Герман улсад үйлдвэрлэгдэж эхэлсэн. Шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгсэл нь замаггүй байна. Шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгслийн замаг байхгүй тул буудлага хийх боломжгүй.” гэх дүгнэлт /1 хх 178-181/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Л.М-ийн:

- хохирогч П.Оийн эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, булааж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн “Дээрэмдэх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж зүйлчилж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

- 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Мах Импекс” ХХК-ийн төв байранд “Дотогш нэвтрүүлсэнгүй” гэх шалтгаанаар харуулынхаа хувьд зүй ёсны шаардлага тавьсан иргэн Б.Н-ийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжгүй гэмт хэргээр зүйлчилж нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- Ч.Б-тэй  бүлэглэж Төв аймаг, Баянчандмань сум, Чандмань 2 дугаар баг, Хадаасны 1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Лелметалл” төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 20 минутын үед хууль бусаар нэвтэрч, улмаар цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагч Ж.О, Г.М нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хүч хэрэглэн биед нь халдаж, үг хэлээр доромжлон эсэргүүцсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийн эсэргүүцэх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцсэн...” гэж зүйлчилж нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг хуульд зааснаар нэмж нэгтгэн нийт 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Мд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ,  хэд хэдэн санаатай гэмт хэргийг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ба хуульд заасан ялын доод хэмжээгээр, доод хэмжээнээс хөнгөрүүлэн ял оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатарын оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.М нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш энэхүү давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 80 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1838 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ийн  цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

                ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

                ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ