| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0081/э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 94
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадамгаравын Намчинд холбогдох 1708023240388 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны ашиглалтын инженер мэргэжилтэй, Дулааны 4 дүгээр цахилгаан станцад гэрээт засварчин ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны 2-19 тоотод өөрийн хамтран амьдрагч С.Оюун-Эрдэнийг зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны 2-19 тоотод өөрийн хамтран амьдрагч С.Оюун-Эрдэнийг зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч С.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр манай ажилчид багш нарын баяраа тэмдэглээд ууцгаасан. 00 цаг болж байхад гэртээ ирсэн. Б.Н надад хандаж “бас уучихаад ирсэн юм уу” гэхээр нь би “өнөөдөр багш нарын баяр болохоор жаахан уучихлаа” гээд хэвтэх гэтэл миний хөлнөөс татаад чирсэн. Чирэхэд тохой зулгарсан. Намайг үсдэж аваад толгой тархи руу цохиод миний хөл гар руу цохиод байсан. Б.Н цагдаад дуудлага өгсөн байсан. Урьд нь намайг зодож байгаагүй. Байнга хэрэлддэг. 2016 оны хавар намайг зодохоор нь цагдаад өргөдөл өгч байсан. Намчин “ахиж зодохгүй өргөдлөө авчих” гэхээр нь буцааж авч байсан...гэх мэдүүлэг /хх-9-10/,
- гэрчээр С.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2004 оноос хойш хамт амьдарч байна. Энэ хугацаанд намайг хэл амаар доромжилдог, намайг цохиж зоддог байсан. Намайг байнга шоронд суулгана, найз нартайгаа архи уучихаар цагдаад бариад өгчихдөг болсон. Сүүлд 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр зодсон. Өмнө нь намайг зодуулж байхыг хажуу болон хойд талын айлын хүмүүс мэдэж байгаа байх. Миний зүүн мөр байнга хөшдөг болсон баруун гарын тохой зулгарсан. Баруун хөл шилбэний булчин гуя, хөхөрсөн...гэх мэдүүлэг /хх-11-12/
- гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Бид хоёр 2000 оноос хойш хөрш айл болж амьдарч байна. Намчин, Оюун-Эрдэнэ нар хоорондоо шуугилддаг зүйл байдаггүй. Надад мэдэгддэггүй. Харин хааяа хэрэлдээд байгаа нь сонсогддог. Тэр 2 хэрэлдэхээрээ цагдаа дуудчихдаг юм шиг байна лээ. Цагдаагийн машин гэрийнх нь гадаа ирчихсэн байгаа харагддаг...гэх мэдүүлэг /хх-17-18/
- гэрч Б.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манай бүртгэл судалгаанд Б.Н, С.Оюун-Эрдэнэ нарын бүртгэл судалгаа байгаа. Гэр бүлийн маргааны улмаас цагдаагийн байгууллагад ханддаг. Тэрнээс Б.Н нь С.Оюун-Эрдэнийг байнга зодоод байдаг зүйл байхгүй. Эхнэр С.Оюун-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх хандлагатай байдаг ба тэрнээс гэр бүлийн маргаан гардаг. Энэ 2 хоёулаа архи уудаг. Тэгээд хэрэлдэхээрээ цагдаад дуудлага өгдөг...гэх мэдүүлэг /хх-19/
- насанд хүрээгүй гэрч Н.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...манай аав ээжийг зодоод байдаггүй. Харин аав, ээж 2 жижиг зүйлээс болоод хэрэлдээд байдаг. Аав ээжийг архи уулаа гэж хэрүүл хийдэг. Ээж аавыг архи уулаа гээд хэрэлддэг. Манай аав намайг зодож байгаагүй. Намайг буруу зүйл хийвэл уурлаж загнадаг. Аав, ээж 2 хэрэгдэхгүй байвал гоё. Би аав ээж хоёрыг хэрэлдэхээр уйлдаг. Тэгээд би аавыг боль гэж хэлэхээр зөрүүдлээд хэрэлддэг. Аав архи уухаараа гэртээ ирдэггүй. Ээжийг архи уугаад ирэхээр аав хэрүүл хийдэг. Тэгээд цагдаа дууддаг...гэх мэдүүлэг /хх-64/
...Манай ээж хааяа архи уудаг. Ээжийг архи уухгүй үед манай гэр амгалан тайван байдаг. Манай аав, ээж 2 жаахан юмнаас болж муудалцдаг. Аав ээжтэй муудалцахаараа гэрээс гараад явчихдаг. Аавыг гарч явах гэхээр ээж явуулдаггүй. Тэгээд зууралдаад ноцолдоод байдаг, тэр үед аавын болон ээжийн бие хөх няц болчихдог. Тэгээд аав цагдаа дуудчихдаг. Манай аав ээжийг алгадаж байсан. Хэзээ гэдгийг нь санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-70-71/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13127 дугаартай шинжээчийн:...С.Оюун-Эрдэнийн биед тохойд зулгаралт, бугалга, хөх, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...гэх дүгнэлт /хх-22/
- шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн үед гэртээ унтаж байхад манай эхнэр Оюун-Эрдэнэ гаднаас согтуу ирээд янз бүрээр хэлж дарамталж, ах дүүсийг муулаад байсан. Би цагдаа дуудах гэтэл эхнэр цонхоор гарч зугтах гээд байхаар нь таттал үс нь баригдаад дотогш татагдаад унасан. Хэвтэхээр нь “чи ерөөсөө гар ах дүүс ээжийндээ орж хоно” гэж хэлээд орноос татаж буулгатал эхнэрийн баруун тохой хэсэг нь шалбарч гуя нь хөхөрсөн байсан. Тэгээд цагдаа нар орж ирсэн. С.Оюун-Эрдэнийг зодож байсан зүйл байхгүй, бид 2 байнга хэрүүлтэй байдаг. Жаахан хэрэлдэхээрээ цагдаа дууддаг. Би эхнэр Оюун-Эрдэнэд гэмтэл учруулсан нь үнэн. Надад санал хүсэлт байхгүй. Би охиноо цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-79-80/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Нг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.Оюун-Эрдэнэ нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-72/ гэжээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Нг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Нд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР