Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/280

 

 

 

 

Ү.Г, Ч.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ү.Г-ын өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,   

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан, 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, даргалж, шүүгч Н.Баярмаа, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/976 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Г давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Ү.Г, Ч.Ч нарт холбогдох эрүүгийн 2011000001042 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байсан:

- 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 201525001458 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

2. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байсан: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил сарын 1 сарын хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

1. Шүүгдэгч Ү.Г нь дээрэмдэх гэмт хэргийг санаачилж Т.Т, М.Э, Г.Н, Х.Т, Э.М нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ф т” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Э-д хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, иргэн П.Б-ын агуулахын зориулалтаар түрээслэдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэж 17 хайрцаг тамхийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 23.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

- үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Ү.Г нь бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-аас 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хугацаанд 7 удаагийн үйлдлээр  32,368,922 төгрөгийн хохирол учруулан, ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд 10 удаагийн үйлдлээр  34,663,340 төгрөгийн  хохиррол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, агуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар авсан,

2. Шүүгдэгч Ч.Ч нь Ү.Г, Д.Мнартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ... дүүргийн 00 дугаар хороо, Цзадгай тоотод оршин суух хохирогч О.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч 1.119.200 төгрөгийн үнэлгээ бүхий 55 инчийн Скайворд /Skyworth/ маркийн лед зурагт 1 ширхэг, 719.200 төгрөгийн үнэлгээ бүхий Боси маркийн спикер 1 ширхэг, 1.560.000 төгрөгийн үнэлгээ бүхий Аппли /Аррlе/ загварын макбүүк 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,398,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.           

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:

Шүүгдэгч Ү.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар,

шүүгдэгч Ч.Чий үйлдлийг Эрүүийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч  Ү.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг үйлдэхээр санаачилж, бүлэглэн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, агуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж авсан” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хэмжээг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг хугацааг 6 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 821 хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Гас нийт 31,877,334 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-өд 2,272,024 төгрөг, хохирогч О.Э-ад 1,132,800 төгрөг, хохирогч Т.М-т 18,467,700 төгрөг, хохирогч Ч.И-т 2,105,000 төгрөг, хохирогч Б.М-д 2,929,000 төгрөг, хохирогч Н.Б-т 1,075,110 төгрөг, хохирогч Ч.О-д 3,895,700 тус тус олгож шийдвэрлэж,

шүүгдэгч Х овогт Ч.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг оршин суух дүүргээсээ гадагш гарахыг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож сольдог болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 30 хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.    

Шүүгдэгч Ү.Г гомдолдоо: “...Миний бие үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруутай үйлдэлдээ огт маргаж байгаагүй. Бусдад учруулсан хохирлоо өөрийн чадах чинээгээр төлж барагдуулсаар байгаа. Хорих ангид очсон хойноо ч цалинтай ажил хийж, хохирлоо бүрэн төлж бараглуулж, хохирогч нарыг нэг ч төгрөгийн хохиролгүй болгоно гэдгээ амлаж байна. Миний бие хувийн баталгаанд байх хугацаандаа хүүтэй болсон. Цалингаараа хүүдээ нэмэлт сүү, живх аваад гэртээ харьж явахдаа өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр амьдах ямар сайхан байдгийг мэдэрсэн. ...Миний бие нь сайн хүү байж чадаагүй ч сайн эцэг, халамжтай хань, өрхийн гэрийн түшиг байхыг хүсэж байна. Нэг өдрийн өмнө ч болов хүүдээ очиход минь тусалж, итгэл хүлээлгэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ү.Г-ын өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  976 дугаартай шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан үйл баримтуудад миний үйлчлүүлэгч, мөн өмгөөлөгчийн зүгээс маргаж оролцоогүй. Гагцхүү сая шүүгдэгчийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд гаргасан хорих ялын хэмжээг тодорхой нөхцөл байдлаар доошлуулах боломж байвал хэрэглэж өгнө үү гэсэн гомдлыг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Яагаад хүлээн зөвшөөрч байна гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хохирлын асуудлыг бүрэн төлсөн байхыг шаарддаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохиролтой холбоотой асуудлыг өөрсдийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой цаг хугацаагаар хангаж өгнө үү гэсэн үндсэн дээр дүүргийн шүүхээс 5 хоногийн хугацаа өгсөн. Бусад хохирогч нартай холбогдуулж 5.000.000 орчим төгрөгийг төлж барагдуулсан. Ү.Г-ын гаргасан гомдолд нэмж тайлбар хэлэхэд шүүх бүрэлдэхүүн боломжит хугацаагаар хууль хэрэглээнд ямар нэгэн байдлаар ноцтой зөрчих ийм үйл баримт байхгүй бол шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв. 

Шүүгдэгч Ч.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн гэмт хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй...” гэв. 

Шүүгдэгч Ч.Чий өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Ч.Чингүүнд шүүхээс оногдуулсан ял, хэрэглэсэн хууль нь хууль тогтоомжид нийцсэн. Бид шүүхээс гарсан шийдвэртэй маргаан байхгүй. Давж заалдах гомдол гаргаагүй. Ч.Чд оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ү.Г, Ч.Ч нарт холбогдох эрүүгийн 2011000001042 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ү.Г, Ч.Ч нартай бүлэглэн гэмт хэрэгт холбогдсон яллагдагч, шүүгдэгч Д.Мнарын хэргийг тусгаарласан байх ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ү.Г, Ч.Ч нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

            1. Шүүгдэгч Ү.Г нь  дээрэмдэх гэмт хэргийг санаачилж Т.Т, М.Э, Г.Н, Х.Т, Э.М нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ф т” ХХК-ний эзэмшлийн хашааны манаач У.Э-д хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, иргэн П.Б-ын агуулахын зориулалтаар түрээслэдэг чингэлэгийн цоожийг тасдагчаар эвдэж 17 хайрцаг тамхийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 23.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Ү.Г-ын хэргээ хүлээн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх- 46/,

яллагдагч Т.Тын: “...таксиндаа тамхинуудаа ачаад Бүрд худалдааны төвд очоод нөгөө эгчид нийт 17 хайрцаг тамхиа 15,600,000 төгрөгөөр зарчихсан. ...Г бөөнөөрөө уулзаад байж байтал Г машин дотроосоо 3-4 хутга үзүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-91-93/,

яллагдагч М.Э-ын: “..Т бууж Гтай уулзаж байгаад эргэж орж ирсэн. Юун талаар ярилцсаныг нь мэдэхгүй. ...6 буудал руу очоод эмийн сангаас хүн тус бүрт Т маск худалдаж авч өгсөн. ...Г манаачийн путканы гэрэл асаалттай байна Э чи Тек, Мо 2-той ороод манаачийг дуугүй болго, хэрэв эсэргүүцэл үзүүлвэл хутгаар айлга гэж хэлээд надад шардуу иштэй байсан санаж байна хутга өгсөн.., ...Мо бид 2 манай гэрт ирээд ачсан тамхиа хүн амьдардаггүй гэртээ оруулж буулгасан. ...зарах асуудлыг би зохицуулна гэж Т хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-146-147/,

яллагдагч Г.Н-ийн: “...Э, Мо, Тек 3 сургуулийн хойд талд байдаг гражуудын араар нь яваад дээд талд нь байх манаачийн путка руу орсон, тэгээд би тэр 3-ын явсан замаар яваад доош путканы хажуугаар буухад Г түрүүлж очоод нэг тас гээд чимээ гарахад харахад чингэлэгний хаалгыг Г таслагчаараа онгойлгосон байсан. Г чингэлэг нээснээ энэнээс аваад цаана хашааны хажууд тавьчих гэж хэлсэн. Тэгээд зөөгөөд тавьсан ба ингэхдээ бор хайрцагтай эд зүйлсийг тамхи байна гэдгийг хараад мэдсэн. Г чингэлэгнээс гаргаж өгөөд би тэрнээс нь үүд рүү зөөсөн...” /2хх- 195-196/,

яллагдагч Х.Т-ийн: “..Г ах буцаж орж ирээд хүн бүрийн 3 боодлын /боодол гэдэг нь сая төгрөгийг хэлж байгаа юм гэх/ ажил байна явах уу гэсэн. ...Г ах таслагчаар төмөр торыг таслаад цааш орцгоож чингэлэгнүүдийн урд хэсгийн завсраар явж манаачийн путка руу авирсан. Завсарт байж байх хугацаанд Г ах манаачийн путка руу Э, Мо бид 3-ыг ороод манаачийг аргал гэж хэлсэн. Таксинд суухаасаа өмнө гэр хороолол дунд ямар нэгэн юм болвол гаргаарай гээд Э ахад Г ах нэгэн жигд өнгөтэй, төмөр иштэй хутга гаргаж өгч байсан. ...Тэгээд путканд ороод Э ах нөгөө хутгаа гаргаж ирээд манаач 55-60 орчим насны ахад гаргаж үзүүлээд дуугүй байгаарай ахаа гэж хэлээд М бид 2 скочоор манаач ахын гарыг нь ороож хүлэх гэсэн. Тэгсэн чинь манаач урдаас босч ирээд ноцолдсон. ...Тэгээд манаачийг хүлсний дараа Э, Мо 2 намайг наанаа байж байгаарай гэж хэлээд гараад явсан. Э ах гарахдаа нөгөө хутгаа би энд хутга тавьлаа шүү гэж хэлээд үүдний тавцанд тавиад гарсан. ...10-15 орчим минутын дараа Г намайг дуудаад явъя гэж хэлэхээр нь нөгөө хутгаа аваад путканаас гарсан, тэгээд Н бид 3 ирсэн замаараа буцаад 24 сургуулийн ар талд очоод Г ах нөгөө таслагч болон хутга 2-ыг 24 сургуулийн ард ухаж байсан нүх рүү шидэж хийсэн. ...Г, М бид гуравт тус бүр 2.300.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 хх-233-234/,

яллагдагч Э.Мын: “...Э, Т бид 3 манаачийн путка руу хашаагаар дамжин орсон. Манаачийн путка руу орох гээд өгсөж явахад Э ахын гарт нь том хутга харагдсан, никель цагаан өнгөтэй, ямар бариултайг нь харж чадаагүй, ямар ч байсан бүдүүн хутга харагдсан. ...Г ах манаачийн путка рууТ, Эта 3 ор гэж хэлсэн. ...Э хаалга тогштол настай ах хаалга нээсэн, энэ үед Э ах тэр настай ахыг арагш нь түлхэж түрээд орон дээр суулгасан ба ингэхдээ хутга гаргаж ирж үзүүлээд зүгээр байгаарай, аминдаа хайртай юм уу хүний хөрөнгөд хайртай юм уу гэжхэлсэн, тэгтэл тэр настай ах за за гэснээ гэнэт Э ахын хутганаас бариад авсан, тэгээд Э ах хутга тавиулаач ээ гээд орилсон. ...тэр манаач ахын хутга барьсан гарын хэсгээс цус гарч байсан. ...Тэгээд тэр ахын гарыг хүлээд, Т нэг скоч задлаад хөлийг нь хүлсэн. ...нийтдээ 17ш хайрцагтай тамхи байсан. ...Т ах хүн болгонд 2 сая төгрөг гэж хуваагаад, үлдсэн мөнгөөр нь хувцас авна гэж хэлээд нэмж 300.000 төгрөг өгсөн...” /Зхх-25-26/,

хохирогч П.Б-ын  : “..2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед над руу манай манаач залгаад чингэлэгт чинь хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд чингэлэг дээрээ хүрээд иртэл дотроос нь 10 хайрцаг цэнхэр энгийн эссэ, 4 хайрцаг ченж эссэ, 2 хайрцаг рейсон, 1 хайрцаг сигар, 1 хайрцаг Бохем сигар нийт 18 хайрцаг тамхинууд алдагдсан байсныг мэдсэн...” /1хх- 211, 213, 12хх-7/,

гэрч Б.Б-ийн: “...би “хаашаа хүрэх юм бэ” гэхэд юм ачиж багтана биздээ хөгшөөн, хайрцагтай хэдхэн юм байгаа, одоо Бөмбөгөр төв дээрээс очиж ачаад Баянзүрх дүүргийн товчоо орно гэсэн. ...тэр залуу миний гар утсанд өөрийнхөө сим картыг хийгээд хаана явж байгаан хөгшөөн гэж асууснаа аан за за би энэ грашнуудын урд талд шахаад зогссон хөх өнгийн Приус 10-т байна гэж хэлээд тасалсан. Тэгээд машинд суугаад тамхи татаад сууж байтал миний машины жолоочийн арын хаалгыг 1 хүн татаад шууд орж ирээд суучихсан. Тэр залуу нь амандаа маск зүүсэн туранхайвтар биетэй залуу байх шиг байсан..Би машинаа урагшлуулаад хэлсэн хашааны хаалганы дэргэд ирээд зогсоход машины ард сууж байсан залуу шууд буусан. Харин намайг таксинд анх авсан залуу машинаас буугаагүй. Машинаас буусан залуу намайг “багажны тагаа онгойлгочих” гэхээр нь би буугаад багажны тагаа онгойлгоод машиныхаа хучлагыг хажуу тийш нь болготол ард суусан маск зүүсэн байсан туранхай залуу 1 хайрцагтай зүйл хийсэн. Тэр үед хашаан дотор бас 1 хүн байгаа харагдсан...Миний машинд 7-8 хайрцаг зүйл хийсэн байх, 1 хайрцагтай зүйлийг нь харахад Эссэ тамхины хайрцагтай зүйл байх шиг байсан..’’ гэсэн мэдүүлэг /1хх-67-68/,

хохирогч У.Эын: “...контейнерүүдийн болон дотор нь байгаа бараа бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавин манаачаар ...байрандаа сууж байтал гаднаас хар өнгийн маск зүүсэн 3 залуу орж ирээд байрны гэрлийг унтраагаад миний хоолойн дээр хутга тулгаад хөдөлвөл ална шүү гэхээр нь би хутгыг баруун гараараа ирнээс нь бариад автал нэг залуу нь хутгыг татгаад миний гарыг исгэсэн. Тэгснээ шууд орон дээр дараад гар, хөл зэргийг скочоор хүлээд хөдөлгөөнүй болгосон ба миний уруул, нуруу, хамар зэрэгт өшиглөж гэмтээсэн Тэгээд миний амыг скочоор дарах гэхээр нь та нар хөл гар боочихоод ам яах гээд байгаа юм бэ би амьсгаа авах хэрэгтэй гэж хэлтэл амыг боогоогүй. Тэгснээ намайг орон дээрээс унагаж манаачийн байранд шалан дээр хэвтүүлчихээд нөгөө 3 залуу манаачийн байрны шатаар доош буусан. Тэгснээ чи доор байна уу гээд бас нэгнийгээ дуудах шиг болохоор нь би бас нэг залуу нь гадаа байгаа, дөрөвүүлээ юм байна гэж бодсон. Тэгээд би тэндээсээ босох гэж оролдсоор хоолны шүүгээнд хүрээд хоолны сэрээ авч сэрээгээрээ скочийг ураад хүлснийг тайлж босоод гараад иртэл нөгөө хүмүүс явчихсан бололтой хүн байгаагүй ба би хашаанд байх контейнерүүдийг шалгатал шар өнгийн контейнерийн цоож нь байхгүй, хаалгыг нь хаачихсан байсан, би тэр контейнерт хүрээгүй. Тэгээд дээшээ гараад манаачийн байрандаа ороод хамарнаас цус гарсан байхаар нь арчаад, дараагийн манаачаа ирэхийг хүлээсэн. Манай нөгөө ээлжийн манаач Ганхуяг 2018 оны 12 сарын 19-ний өглөө 08.30 цагт ирсэн ба би болсон асуудлыг хэпсэн. Тэгээд Ганхуяг тэр цоож байхгүй болсон контейнерийн эзэнрүү залгаж хэлсэн. Гэтэп уг контейнерийн эзэн Батболд гэх хүн ирээд болсон асуудал болон контейнерийн цоож нь байхгүй байна гэж хэлтэл Батболд контейнерийг онгойлгож үзсэнээ тамхи алга болсон байна цагдаа дуудах хэрэгтэй гээд цагдаад дуудлага өгсөн. ...25-27 орчим насны, гурвуулаа хар өнгийн маск зүүсэн, хар бараан куртик өмссөн байсан. Гэхдээ 2 залуу нь нөгөөхөө бодоход арай урт хар куртик өмссөн, саарал өнгийн гутал өмссөн. Нэг залуу нь богино хар куртиктэй, хар өнгийн гуталтай байсан ба куртикнийхээ малгайг өмссөн байсан. Нөгөө 2 залуу нь малгайгүй, жижиг үстэй байсан санагдаад байна. Уг 3 залуугийн 2 нь намхавтар, нэг нь ойролцоогоор 170 см орчим өндөртэй байсан байх. Нөгөө 2 залуугаа бодоход арай өндөрдүү харагдаж байсан. ...Миний хоолойд хутга тулгасан өндөрдүү залуугийн хоолой нь ямар нэг сөөсөн байгаагүй, жирийн энгийн л сонсогдож байсан. Гэхдээ хоолойны өнгө нь нарийвтар сонсогдож байсан. ...Надад хутга тулгасан байсан өндөрдүү нуруутай залуу нь хүлсэн байхдаа ар нурууруу өшиглөсөн. Бас нүүрэнд өшиглөсөн. Анх хүлэхээс нь өмнө би хутгыг нь барьж автал хутгаа татаад миний баруун гарын алга орчмыг исгэсэн. ...өндөрдүү биетэй залуу л миний биед учирсан гэмтлийг учруулсан. Нөгөө 2 залуу нь хараад зогсож байсан. ...” /1хх 144-146/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 404 дугаартай: “..У.Эын биед сээрний 3,4-р нугалмын арын сэртэн, зүүн 8,10-р хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хамар, дээд уруулд цус хуралт, дээд уруул, зүүн гарын алганд шарх, хуруунд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс зүүн гарын алганы шарх, хурууны зурагдсан зулгаралт нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, харин бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-230/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30- ны өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн 2ш төмөр зүүдэг цоожны дөрийг шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн таслагчаар тасалсан байна.” /1 хх 224/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09- ний өдрийн 159 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн наалддаг туузнаас цус илэрсэн. Наалддаг туузнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна..” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-6/,

яллагдагч Ү.Г-ын хэргийг газар, болсон үйл явдлыг мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-72-77/,

эд зүйлийн үнэлгээ/2хх-4/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-22/ зэргээр,

2.  Шүүгдэгч Ү.Г үргэлжилсэн үйлдлээр:

- Б.Д, Д.Ннартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Б-ийн эзэмшлийн “Б” хүнсний дэлгүүрт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 2.639.900 төгрөгийн хохирол учруулсан,

- Б.Д, Д.Ннартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А.Хгийн түргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалтыг тасдагчаар эвдэн нэвтэрч школад, печень зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 245.950 төгрөгийн хохирол учруулсан,

- Б.Д, Д.Н, Л.М нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Б-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн орж 5.800.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

- Д.Н, Л.М нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Бийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн орж 2.466.072 төгрөгийн үнэ бүхий бохийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

- Б.Д, Л.М  нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, ........ худалдааны төвд байрлах иргэн Ц.У-ын  түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлэгийн хаалганы цоожийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж бэлэн 100.000 төгрөг, 5 авдар буюу 250 блок эссэ ченж тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 7.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Б.Д, Т.Т, Л.М  нартай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, .............төвд байрлах иргэн Ц.У-ын  түрээслэн ажиллуулдаг тамхины бөөний худалдаа явуулдаг чингэлэгийн хаалганы цоожыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтрэн орж 8 нэр төрлийн тамхийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 12.057.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- мөн Ү.Г, Ч.Ч, Д.Мнар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо ...... тоотод оршин суух хохирогч О.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч 1.119.200 төгрөгийн үнэлгээ бүхий 55 инчийн Скайворд /Skyword/ маркийн лед зурагт 1 ширхэг, 719.200 төгрөгийн үнэлгээ бүхий Боси маркийн спикер 1 ширхэг, 1.560.000 төгрөгийн үнэлгээ бүхий Аппли /Аррlе/ загварын макбүүк 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.398.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

шүүгдэгч Ү.Г нь ганцаараа:

- 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ....... дугаар хороо, Сургуулийн ...... дүгээр гудамжинд байрлах С.Д-ийн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгийн цонхны хаалтыг тусгайлан бэлтгэсэн тасдагчаар эвдэн нэвтэрч 150.000 төгрөг болон ундаа бохь зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 173.100 төгрөгийн,

- 2018 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х.Ж-ийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн цонхийг эвдэн орж бохь, школад, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.067.510 төгрөгийн хохирол,

- 2018 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Б-ийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн вакум цонхны төмөр хаалтыг тасдагчаар эвдэн нэвтэрч бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

- 2018 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр байрны урд байрлах Гар утас худалдааны төвийн цонхны хаалт төмрийг тасдагчаар эвдэн нэвтэрч Т.М-ын лангуунаас 7.559.000 төгрөгийн үнэ бүхий, А.Э-н лангуунаас 9.888.700 төгрөгийн үнэ бүхий, Д.Д-ын лангуунаас 1.020.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус хулгайлан авч бусдад нийт 18.467.700 төгрөгийн,

- 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг Ч.И-ийн гар утас худалдааны дэлгүүрийн цонхны хаалтыг тасдагчаар эвдэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.105.000 төгрөгийн,

- 2018 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....дүгээр байрны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг Б.М-ийн “Т” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.929.000 төгрөгийн буюу бусдад нийт 55.651.232 төгрөгийн хохирол учруулсан буюу их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан,

- 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж хохирогч Д.Б-ийн эзэмшлийн 1.914.800 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс, бэлэн 129.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.043.800 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дүгээр хороо, Барилгачдын ...... тоотод үйл ажиллагаа явуулдаг “о” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж хохирогч Н.Б-ын эзэмшлийн эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.075.110 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.О-ийн эзэмшлийн “А” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж 2.206.420 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс, бэлэн 600.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.806.420 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.О-ийн эзэмшлийн “О” хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийг хөшиж нэвтрэн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бэлэн 3.500.000 төгрөг, 395.700 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл хулгайлж бусдад 3.895.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ү.Г, Ч.Ч нар /6хх 39-40, 90-92, 115-116/, 7хх-222-224, 8хх 30-31, 9 хх 88-90, 171, 10 хх 36-38, 130-131/, яллагдагч Б.Д /6 хх 93-95,113-114, 7 хх-225-226, 9 хх-79-81/, яллагдагч Д.Нямхүү /6хх- 88-89, 117-118, 7хх-219-221/, яллагдагч Л.М  /9 хх-82-84/, яллагдагч Т.Т /9хх 85-87, 95-100/, яллагдагч М.Э /2хх-146-147/, яллагдагч Г.Н /2хх- 195-196/, яллагдагч Х.Т /2 хх-233-234/, яллагдагч Э.М /3хх-25-26/ мэдүүлгүүд,

эд зүйлүүдээ хулгайд алдсан талаараа мэдүүлсэн хохирогч А.Х /6хх-85-86/, С.Б /7хх-181-182/, Ц.У /8хх-212-213/, С.Д /6хх 17-20/, Х.Ж /8хх 26-27/, Б.Б /9хх-140-14/, Т.М /9хх-178-180, 11хх-114-115/, Д.Д /9хх-182-185, 11хх-116-117/, А.Э /9хх-187-196, 11хх-119-120/, Ч.И /10 хх- 27-28, 31, 11хх-113/, Б.М /10хх-124-126/,

П.Б /1хх 223-226/, Г.Б- /5хх 35-42/, Д.Б /12хх 236-240/, Н.Б /13хх 74-78/, Г.О /13хх 153-159/, Ч.О /16хх 28-29/ мэдүүлгүүд,

гэрч Т.Лх /8хх-214-215/, Г.Б /8хх 219-221/, О.Н /7хх- 191-192/, Л.Г /7хх-195- 196/, Ч.Д /7хх-197-198/, Л.Д /7хх-199/, Б.Г /8хх 236-237/, А.Лх /10хх-32/, Т.Х /10хх-34-35/,

хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /9хх-37, 71-75/, /8хх 140-144, 238-242/, /10хх 154-157/,  

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 27-26, 1хх 65-69/, /5хх 32-33/, /6хх 12-15, 19-22, 78-81, 85-89/, /7хх-28-35, 167-174/, /8хх 12-17, 30-36, 183-190, 199-204, 229-237/, /9хх 69, 73-77, 168-175/, /10хх 10-23, 161-121/, /12хх 228-233/, /13хх 57-63, 139-145/, /14хх 2-6/, /16хх 21-25/,

хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээнүүд /2хх 17/, /5хх 75-76, 125-129/, /6хх 29-30, 36-37, 102-103/, /7хх-200-203, 62-63/, /8хх 33-34, 39-40, 67-68, 117-118, 144-145, 150-151, 213-214/, /9хх 37-40, 108-112, 188-189/, /10 хх 49-53, 136-137/, /13хх 8-10, 88-92, 181-183/, /14хх 133-134/, /16хх 39-41/,   

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /7хх-36-39, 176-178/,

 мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1хх 90-93/, /2хх 84-89/, /7хх 129-133/, /8хх-18-21/, /14хх 10-14/, /15хх 46-60/, /16хх 111-114/,

эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /6хх- 56-67/, /9хх 115-126/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Ү.Г-ын:

- гэмт хэрэг үйлдэхээр санаачилж, бусадтай бүлэглэн хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авахаар довтолсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн зохион байгуулагч”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэх” гэж заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн...” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан журмыг хэрэглэн дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар,

- үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн болон ганцаараа 17 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, агуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн авч,  их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Үргэлжилсэн нэг гэмт хэрэг”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэх” гэж заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, агуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгө хулгайлж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж авсан...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилж хоёр жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Ч.Чий бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, агуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан журмыг хэрэглэн нэг жилийн хугацаагаар хорих ялаар анхан шатны шүүх шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Г-ын:

бусадтай бүлэглэн үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн хохирол 23.600.000 төгрөг, хулгайлах гэмт хэргийн хохирол 32,368,922 төгрөг,

ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирол 34,663,340 төгрөгийн  хохирлын Ү.Г-ын төлбөл зохих хохирлын тооцоог зөв хийж, шүүгдэгч Ү.Гас төлөгдөөгүй 31,877,334 төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Ү.Г-ын үйлдсэн

дээрэмдэх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ,

17 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэр хэмжээ,

хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ нь хүнд биш ял байна гэж дүгнээд, шүүгдэгч Ү.Г-ын гаргасан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Чд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагатай атал шүүгдэгч Ч.Чд зорчих эрхийг хязгаарлах ялыг “...оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж ойлгомжгүйгээр оногдуулжээ.

Ингэж заасан нь шүүгдэгч Ч.Ч аль ч дүүрэгт өөрийн дураар оршин суух боломжийг бүрдүүлсэн байна гэж үзэхээр байх тул  шүүгдэгч Ч.Чий давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Сургуулийн .... тоотод буюу хамаатны хашаанд амьдарч байгаа...” гэсэн хаягаар буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх нутаг дэвсгэрийн хүрээг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хязгаарлахаар тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ү.Г-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 85 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/976 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг оршин суух дүүргээсээ гадагш гарахыг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэснийг “...Шүүгдэгч Ч.Чд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г-ын 2022 оны 12 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХӨӨ

              ШҮҮГЧ                                                         Б.БАТЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ