| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0065/э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Болормаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 92
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Л.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагвасүрэнгийн Алтансүхэд холбогдох 1708015640272 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.Ань согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-23 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ээж Х.Лунааг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Л.Ань согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-23 тоотод өөрийн эх Х.Лунааг “чи муу согтуу орж ирлээ, архи уулаа, ямар учиртай дандаа архи уудаг юм ажлынхаа мөнгөөр архи уулаа” гэж загналаа гэж уурлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гурилын модоор цохих, толгой руу нь сандал шидэх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-хохирогч Х.Лунаагийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед хүү Идэрмөнх, Сүхээ 2 гарсан. Удалгүй хүү Л.Асогтуу ирээд ширээн дээр байсан гурилын модоор цохиод, сандал шидээд, зодож байхад манай 2 хүү орж ирсэн. Алтансүх гараад зугтаасан. Зүүн хөл хавдаж 2 хоног гишгэж чадахгүй байсан. Цээж, нуруу хэсэг хөндүүрлэн гэмтсэн, толгойн хэсэгт олон тооны шарх үүссэн байсан. 2 дахь удаагаа болж байна. Өмнө нь Зөрчлийн хуулиар торгуулж байсан. Одоо эрүүгийн хэрэг үүсгэгдэн, шалгагдаж байна. Би хүүгээсээ нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-20-24, 25-26/,
-гэрч Л.Сүхээгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Тухайн өдөр ээж Лунаа, дүү Идэрмөнх нарын хамт байж байтал бага дүү Алтансүх нилээн согтуу байдалтай гэрт ирсэн. Бид 3-руу агсам тавиад орилоод байхаар нь би 102 дугаарын утас руу залгаад дуудлага өгөхөд Алтансүх гэрээс гараад зугтаасан. Алтансүхийг олж чадаагүй ба ойролцоогоор 30-40 минутын дараа гэртээ ирэхэд гэрийн эд зүйлс замбараагүй болсон, ээж Лунаа өөрийн орон дээр хэвтсэн түүний дээр гэрийн баруун талд байдаг жижиг буйданг дээрээс нь шидсэн юм уу гэмээр байдалтай байсан. Алтансүх намайг зодоод алах гэж байна гээд өөрийн зүүн хөлөө харуулахад хөхөрч хавдсан байдалтай болсон байсан...гэх мэдүүлэг /хх-28-30/,
-гэрч Л.Идэрмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:...Алтансүх бид 2-ыг байхгүйд ээжид агсан тавиад сандлаар ээжийн толгойг хагалсан байсан. Ээжээс юу болсныг асуухад та 2-ыг байхгүй байхад Алтансүх согтуу орж ирээд намайг гурилын модоор зодоод сандал толгой руу шидээд хагалчихлаа гэж хэлсэн. Бид нар гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-31-32/,
-шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №11760 дугаартай шинжээчийн:...Х.Лунаагийн биед зүүн зулайд шарх, баруун, зүүн бугалга, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн мөр, сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-34/
-ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-53/
-гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ, хурлын тэмдэглэл /хх-54-60/
-захиргааны болон зөрчлийн хуулиар шийтгэгдсэн бүртгэл /хх-66-71/
-шүүгдэгч Л.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүмүүстэй 2 шил 0.75 граммын архи хувааж уугаад аав Лхагвасүрэнгийн гэрт очиход “ээж намайг, чи муу согтуу орж ирлээ, архи уулаа, ямар учиртай дандаа архи уудаг юм, ажлынхаа мөнгөөр архи уулаа” гээд загнаад байхаар нь уур хүрээд жижиг модон сандлыг ээж рүү аваад шидсэн. Тэгтэл ээжийн толгойг оносон ба ээж ёолоод толгойгоо барихаар нь би гараад явсан. Эрүүлжүүлэхээс гараад ээжтэй уулзсан ба намайг согтуудаа толгой руу сандал шидээд мөн гурилын модоор гар хөл рүү цохисон талаар хэлсэн. Тухайн үедээ би нилээн согтсон байсан болохоор зарим үйлдлийг санахгүй байна. Би өөрийн ээж Х.Лунаагийн биед учирсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-45-46, 49-50/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Л.Алтансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Лунаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Алтансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Алтансүхийг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Ань нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Алтансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР