Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 93

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,                     

           улсын яллагч О.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ө.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өлзийбатын Сэрсэндэмидэд холбогдох 1708017650273 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, Автотээврийн үндэсний төвд кассчин ажилтай, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ө.С нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Намуун пабын гадна 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Энхболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Ө.С нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Намуун пабын гадна иргэн С.Энхболдтой “чи ямар онгироо нөхөр вэ ер нь юу хийдэг юм гэж” асуун маргалдаж хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хохирогч С.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чука бид хоёр маргаж байгаад эвлэрсэн. Тэгтэл Сэрсэндэмид хажуунаас “чи ямар онгироо нөхөр вэ, ер нь юу хийдэг юм” гэж асууж бид 2 маргасан. Маргаж байтал Сэрсэндэмид гэнэт миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Хамт байсан хүмүүс Сэрсэндэмидийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-9-10/,

-гэрч В.Болорчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын эхээр ажлаа тараад замаараа “Намуун” пабад орсон. Намайг ороход ажлын газрын Чулуун-Эрдэнэ, Сэрсэндэмид, Чулуунбаатар, Энхбаатар, мөн танихгүй 1 залуу байсан. Тэд нар согтоцгоосон байсан. Удалгүй гарсан. Сэрсэндэмид машины хажууд Энхболд гэх танихгүй залууг гараараа шүргэх шиг болсон. Миний харснаар Сэрсэндэмид тэр залууг хүчтэй цохиогүй...гэх мэдүүлэг /хх-31/,

-шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №12531 дугаартай шинжээчийн:...С.Энхболдын биед хамар яс хянга хэсгээр зөрүүгүй, баруун хажуу хана цөмөрсөн, зүүн хажуу хана зөрүүтэй, хамрын таславч хянга хэсгээр зөрүүгүй хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-20/

-ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-25/

-шүүгдэгч Ө.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 02-ны орой ажлаа тараад 20-21 цагийн үед ажлын газрын Чулуун-Эрдэнэтэй ярихад “Намуун” нэртэй пабад байна гэхээр нь очсон. Манай ажлынханы дунд танихгүй Энхболд гэх залуу байсан. Би архинаас 2 хундагыг уусан. Гараад тамхи татаад орж ирэхэд Чулуун-Эрдэнэ, Энхболд нар маргалдаж байсан. Би тэр 2-ыг “больцгоо” гээд салгахад Энхболд “миний баруун шанаан тус газар 1 удаа цохичихсон. Би пабаас гарсан. Удалгүй тэд нар араас гарч ирсэн. Би “Энхболдоос чи яагаад зүгээр байхад цохиж байгаа юм бэ” гэхэд “чи намайг амжихгүй гээд томроод байсан. Энхболд, Болорчимэг 2 автобусны буудал руу алхсан. Энхболд бид 2 автобусны ард маргаж байгаад миний уур хүрээд байхаар нь би нүүрэн тус газар нь 1 удаа цохичихсон...гэх мэдүүлэг /хх-37-38, 39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Ө.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

   Хохирогч С.Энхболд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.      

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Ө.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Сийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Сэд оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.С нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ө.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР