Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 108

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00881/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 23-ны өдрийн 1019 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.У-д холбогдох

“Хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Э.У-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагч Э.У-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Л- И-” ХХК-тай 01 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлалтай 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, хамтран ажилласан.

“Л- И-” ХХК-иас “Хөрөнгө оруулалтын гэрээ”-д заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн Дархан-Уул аймаг,

Дархан сум, 1 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас нэг м.кв талбайг 972.820 төгрөгөөр тооцон, 10А байрнаас нийт 1423,42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц 10Б байрнаас 1169.82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Хариуцагч болох Э.У- нь 10А байрны 69 тоот 2 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Ийнхүү хариуцагч Э.У- нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь миний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд хариуцагч Э.У-г Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А байрны 69 тоот, 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...тус байр нь нэхэмжлэгч Д.Б-гийн өмчлөлийн орон сууц бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Д.Б-гийн хувьд “Л- И-” ХХК-тай барьсан орон сууцны анхны хөрөнгө оруулагч бөгөөд орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байдаг. Э.У-гийн эзэмшиж байгаа байртай нийлээд 10а байранд 24 айлын орон сууцны өмчлөгч бөгөөд зарим айлууд нь тодорхой эвлэрлийн гэрээ хийгээд байрандаа хууль ёсоор оршин сууж байгаа. Гэтэл Э.У-гийн хувьд бидэнтэй ч уулздаггүй, шүүхэд ч тайлбар өгөөгүй байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 а байрны 69 тоотыг чөлөөлж өгнө үү” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1019 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 69 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Э.У- болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж. хариуцагч Э.У-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.У- давж заалдсан гомдолдоо:

            Миний бие нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 1019 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх ба энэ шийдвэрийн улмаас Э.Э- гэж хууль ёсны эзэмшигч хүний эрх ашиг зөрчигдөж байна. Учир нь: Э.У- миний бие нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол 10 а байрны 69 тоот байранд түр оршин суудаг бөгөөд энэ байрны эзэн нь би биш юм. Би эзэн нь болох Э.Э- гэж хүнтэй тохиролцоод байранд нь түр амьдарч байрыг нь харж байсан юм. Гэтэл Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж хүн намайг шүүхэд өгч дуудуулан байрнаас албадан гаргуулна гэсэн бичиг надад өгөхөд би түүний учрыг нь олоогүй гайхаад дахин шүүх дээр очоогүй юм. Байрны эзэнд энэ талаар хэлэх гэтэл холбогдож уулзаж чадахгүй явж байтал шүүх хурал нь болоод шүүхийн шийдвэр гарсан гээд надад өгсөн.Би энэ иргэний хэргийн хариуцагч биш байхад нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлж намайг шүүхэд өгчээ. Э.Э- гэж хүн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Л- И-” ХХК-ийн ажилтантай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж мөнгө төгрөгөө төлж авсан гэсэн. Хэдийгээр тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь Д.Б- гэж хүний өмчлөлд байгаа боловч одоо энэ орон сууцыг хэн эзэмшиж байгаа талаар үнэн зөв мэдээлэл олж шүүхэд хариуцагчаа зөв тодорхойлж нэхэмжлэл гаргах ёстой байсан байх. Би эзэн нь ч биш, эзэмшигч нь ч биш учраас намайг гаргалаа ч цаана нь өөр хүний эрх ашиг хөндөгдөж байгааг, бүхэл бүтэн 78.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны асуудлыг хууль ёсны эзэмшигчийг нь оролцуулахгүйгээр шийдвэрлэж болохгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг анхааран үзэж анхан шатны шүүхийн 1019 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчийг нь оролцуулан анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Б- нь  Дархан-Уул аймгийн  Дархан сумын 1 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцны 10А байрны 69 тоот  2 өрөө орон сууцыг өмчлөгчийн хувьд тус байрыг хууль бусаар эзэмшиж байгаа иргэн Э.У-гаас байрны эзэмшлийг өөрөөр хэлбэл байрыг суллахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж шүүхэд тус байрны өмчлөгч болохоо нотлох  баримтуудыг ирүүлжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хариуцагчид нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, шүүхэд эдлэх эрх үүргийг тайлбарлаж, хариу тайлбар гаргах хугацааг тогтоож өгсөн боловч хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.

            Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу хүргүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ирж чадахгүй байх хүндэтгэн үзэх шалтгааны талаар шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй байна.

Иймд хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн гаргасан тайлбар баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын зарчимд нийцсэн байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “...уг хэргийн жинхэнэ хариуцагчийг зөв тодорхойлоогүй, уг байранд түр сууж байгаа тул хариуцагч биш...” гэх  үндэслэлийг зааж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч шүүхэд хариуцагчаа тодорхойлж түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргах журмыг хуулиар зохицуулсан харин хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцах этгээд мөн эсэх талаар шүүхэд мэтгэлцэх эрхтэй.

Хариуцагч татгалзсан үндэслэлээ нотлох, шүүхэд нотлох баримт гаргах  үүргийг хууль түүнд оногдуулсан бөгөөд нотлох баримт гаргах, шүүхээр бүрдүүлүүлэх ажиллагааг анхан шатны шүүх хуралдааны өмнө зохигчид хийх хуулийн зохицуулалттай байна.

Иймд хариуцагч мөн биш талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан маргааныг шүүх шийдвэрлэх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд  дурдсанаар нэхэмжлэгч өмчлөх эрхээ туйлын чөлөөтэй хэрэгжүүлж эд хөрөнгө эзэмших ашиглах эрхээ бусдын хууль бус эзэмшлээс шаардсан агуулгатай байх бөгөөд  Э.У- уг байрыг эзэмшилдээ байлгаж байгаа тул түүний эзэмшлээс байраа чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн агуулга  шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

Учир нь өмчлөгч буюу нэхэмжлэгч уг байрны өмчлөлийн талаар хэн нэгэнтэй маргаан үүсгээгүй, “өмчлөх эрх” маргааны зүйл болоогүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар хариуцагч Э.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

                                                       ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ