Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 308

 

Н.Б, Н.М, Н.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 63 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 503 дугаар тогтоолтой, Н.Б, Н.М, Н.Х нарт холбогдох 1820000680048 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор М.Буяннэмэхийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2011 оны 6 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 оны 7 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 1 жил 5 сар 18 хоногийн ялыг биечлэн эдэлж, 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 6 сар 12 хоногийг тэнсэж, 2016 оны 10 дугаар сарын 3-нд суллагдсан, Б овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2016 оны 3 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, Ө овогт Н.М нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2006 оны 4 дүгээр сарын 10-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2.200.000 төгрөгийн торгох ял, 2011 оны 7 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Н.Х нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Н.Б, Н.Х нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1.1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Н.Б, Н.М нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Хг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Мад нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар Н.Хд 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар прокурорын тогтоолоор 21-83 улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.Нд олгуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 21-83 ДГО улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Н.Б, Н.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “шүүгдэгч Нын Бийг ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,” гэснийг, “ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,” гэж,

4 дэх заалтын "...1 жил 6 сарын ...” гэснийг “2 жил 6 сарын” гэж,       

5 дахь заалтын “...1 жил 6 сарын...” гэснийг “2 жил 6 сарын” гэж,

7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Н.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М, шүүгдэгч Н.Б, Н.М нарын өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Н.Б өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогч Э.Сайнхүү нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийтгэх тогтоол, магадлалд “Шүүгдэгч Н.Бийг хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хохирогч Э.С нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хяналтын прокурор М.Буяннэмэх бичсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Н.Б нарт холбогдох эрүүгийн 1820000680048 дугаартай хэрэгтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “....шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ....” дараах нөхцөл байдал илэрсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн 1 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж шийдвэрлэх эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ....” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.

Иймд Н.Б нарт холбогдох эрүүгийн 1820000680048 дугаартай хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтыг хүчингүй болгосон” заалтыг хүчингүй болгуулах өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Бд оногдуулсан хорих ялыг хүндрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг заалтыг хүчингүй болгуулж өөрчлөлт оруулах тухай прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэхийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн  Н.Б, Н.Х, Н.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Б, Н.Х, Н.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэх үед давж заалдах болон хяналтын шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж өөрчлөх эрх хэмжээтэй байжээ.

Ийнхүү давж заалдах болон хяналтын шатны шүүхээс Н.Б, Н.Х, Н.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Н.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг давж заалдах шатны шүүх 2 жил 6 сар, хяналтын шатны шүүх 2 жил болгож, шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...", “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад өөрчлөлт оруулжээ.

Иймд Н.Б, Н.Х, Н.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан” шинэ нөхцөл байдлын улмаас тухайн шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэлд хамаарч байх тул энэ талаар прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Бд оногдуулсан ялыг 1 жил 6 сар хорих ялыг хүндрүүлж өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Н.Бд оногдуулсан хорих ялыг 2 жил 6 сар болгон, уг ялыг 2 жил болгож өөрчилсөн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 63 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 503 дугаар тогтоолын ял хүндрүүлж өөрчилсөн заалтуудыг тус тус хүчингүй болгож, магадлал, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                      

                                                    ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН