Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 19

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн ******* сумын *******д холбогдох 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/124 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Хөх хясааны өвөлжөөний эзэмшигч нь Я.******* болохыг тогтоолгох шаардлага бүхий иргэн Я.*******гийн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1947 онд ******* овогт *******ын 2 дугаар хүү болон төрөөд 1961-1991 он хүртэл тус суманд 50 жил хөдөлмөр хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. 1991 оноос Хөх хясааны өвөлжөөнд тай өвөлждөг байсан. нь 1993 онд тус багийн иргэн Ч.*******д өвөлжөөгөө зараад Сэлэнгэ аймгийн Түнхэл сум руу хүргэнийгээ бараадаад нүүгээд явсан байдаг. Энэ хойгуур 2002 оны зун түймэр гарч хашаа хороо нь шатсан эзэнгүй байсныг 2005 онд багийн иргэдийн Нийтийн Хурлаар миний хүсэлт гаргасныг үндэслэн Хөх хясааны өвөлжөөг надад олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарган сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 13 өдрийн 38 тоот захирамжийг үндэслэн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөх хясааны өвөлжөөнд 40 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 0124672 тоот дугаарын гэрчилгээг олгосон байдаг. Үүний дагуу миний бие хүүхдүүдийн хамт хуучин бууц нь шатсан нурам ихтэй байсан учир шинэ газар хашааг нь зайлуулж барьж нутаглаж байтал 2008 онд ын ******* гэдэг том хүү нь хуучин бууцан дээр нь хашаа барьж намайг та энэ өвөлжөөнд байх ёсгүй хүн эндээс нүү гэж шаардаж эхэлснээр өвөлжөө бууцны маргаан үүссэн юм. Би *******ад хэлэхдээ би хууль ёсны байх ёстой хүн би чамайг хөөхгүй мал цөөнтэй, нутаг сайтай чи бид хоёр хамт нутаглах боломжтой гэж гуйдаг. Тэгэхээр ******* нь би ганцаараа энэ өвөлжөөг эзэмших ёстой гэж хэл амаар доромжилж, сүрдүүлж ойлголцохгүй байсаар өдий хүрсэн байдаг. Гэтэл үүний дагуу 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/124 тоот захирамжийг ******* сумын ******* ******* гаргаж намайг шинээр хашаа барьж тохижуулан хууль ёсны эзэмшиж байсан өвөлжөөнөөс минь зайлуулах шийдвэрийг гарган 2015 оны 12 дугаар сарын 25-нд ******* өөрийн биеэр манайд зүүн эхний Хөх хясаа-ны өвөлжөөнд ирж шинээр олгосон Хар чулуут-ын өвөлжөөнд нүүж буу гэж хөөсөн. Сумын ******* нь багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулж иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гараагүй байхад 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дугаартай захирамж гарган миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Өмнө нь энэ асуудлаар Завхан аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд эхлээд аймгийн *******д хандахад О.*******дорж, Я.******* нар нь Хөх хясааны өвөлжөөг хамтран эзэмших боломжтой гэсэн хариуг миний ******* дугаартай утсаар болон аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 04 сарын 21-ны өдрийн 111 дугаартай албан бичгийг хуулбарлан надад ирүүлсэн.

Гэвч ******* сумын ******* нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа тул танай шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иимд ******* сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Хөх хясааны өвөлжөөний эзэмшигч нь Я.******* намайг болохыг тогтоож өгнө үү. Мөн ******* сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Сумын ******* *******: 2015 оны 10 сарын 16-ны өдрийн А/124 дугаартай захирамжаа хүчингүй болгож, Рашаант багийн иргэн Я.*******г тус багийн Зүүн-эхний Уургат хэмээх өвөлжөөнд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж захирамж гаргахад татгалзах зүйлгүй болно. Нэхэмжлэгч Я.******* Уургат хэмээх өвөлжөөг эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Я.******* нь ******* сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийнГазар эзэмшүүлэх тухай А/124 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Хөх хясааны өвөлжөөний эзэмшигчнь Я.******* болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, Хөх хясааны өвөлжөөний газрыг эзэмшихээс татгалзаж, Уургат хэмээх өвөлжөөний газрыг эзэмшихээр, хариуцагч нь захирамж гаргаж Уургат хэмээх өвөлжөөний газрыг нэхэмжлэгчид хамтран эзэмшүүлэхээр нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож эвлэрэн, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй байх ба нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.******* нь Хөх хясааны өвөлжөөний газрыг эзэмшихээс татгалзаж, Уургат хэмээх өвөлжөөний газрыг эзэмшихээр, хариуцагч нь захирамж гаргаж Уургат хэмээх өвөлжөөний газрыг нэхэмжлэгчид хамтран эзэмшүүлэхээр нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА