| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/00462/И |
| Дугаар | 102/ШШ2024/05552 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2024/05552
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2024/05552 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, шүүгч Ч.Батчимэг, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, Чингис оффиси * давхарт байрлах,* ХХК /рд: */
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Зүүн наран * дугаар гудамж, * тоотод оршин суух хаягтай, Балчин занги овогт * * /рд: */
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Зүүн наран 47 дугаар гудамж, 17-12 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт * * /рд: */
Зээлийн гэрээний үүрэгт 19,300,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
* тоот зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэм хорын хохиролд 12,121,690.16 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, Б.*, *,
хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *,
хариуцагч нарын өмгөөлөгч *,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Г.*, С.* нараас зээлийн гэрээний үүрэгт 19,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.*, С.* нар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Toyota Vanguard маркийн, * арлын дугаартай, * УАЕ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалан 19,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,90% хувийн хүүтэйгээр, NC-* тоот зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлж авсан байна. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 622 хоногийн хугацаа хэтэрсэн*тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасан, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байна.*тоот зээлийн гэрээний Үндсэн зээл 16,640,575.91 төгрөг, үндсэн хүү 2,419,987.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239,436.23 төгрөг, нийт 19,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус компаниас би нөхөр Г.*ын хамт 2019.10.28-нд автомашин авахаар 19,000,000 төгрөгийн лизингийн зээл авсан юм. Зээлээ эхний 4 сар графикийн дагуу төлж байтал 2020 оны 2 дугаар сард дэлхий нийтийг хамарсан ковид өвчин гарч үсчний үйл ажиллагаа хаагдсан тул орлого олох боломжгүй болсон. Иймээс тус ХХК-д зээлийн хүүг ковидын үеийн хязгаарлалт зогсох хүртэл зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг 2020.03.05-нд гаргасан боловч банк биш болохоор манай байгууллага хүүг зогсоохгүй гээд хүсэлтийг аваагүй. 2020 оны 10-р сард тус ХХК-ийн эдийн засагч * нь хуулийн зөвлөх гэх залуутай бүр оройн цагаар гэрт минь ирж ямар ч баримт үйлдэхгүйгээр * УАБ улсын дугаартай Вангуард маркийн автомашиныг хүчээр хурааж авч явсан. Машинаа хураалгаснаас хойш машиныг худалдаад зээлийн үлдэгдлийг төлнө гэсэн учраас хүлээж байсан боловч 2021 оны 6 дугаар сар хүртэл машиныг маань худалдаж зээл төлөлтийг шийдвэрлэхгүй байгаад байхаар нь 2021.06.14-нөөс чадах ядахаараа зээлээ төлж эхэлсэн. 2021.08.13-нд тус компанийн эдийн засагч * утасдаж 7,936,000 төгрөг төлөөд машинаа ав гэснээр уг мөнгийг төлж машинаа авсан. Бид ковидын үе өнгөрснөөс хойш төлөлтөө эрчимтэй хийж 2023.09.05 хүртэл нийт 28,304,040 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс 2,359,424.09 төгрөгийг хассан, хүү болон хүүгийн хүүнд 25,944,615.91 төгрөг тооцсон. Машины зах зээлийн үнэ нь 22,800,000 төгрөг байхад 19,000,000 төгрөгийн зээл аваад 28,300,000 төгрөг төлчихөөд дахин 19,300,000 төгрөг төлөх нь дэндүү шударга бус байгаа. Иймээс* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч С.*ээс нэхэмжлэгчид холбогдуулан 2021-08-13-ны өдрийн *тоот зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Цар тахлын хүнд үе яг бидний зээл төлөлтийн үед таарч өөрсдөөсөө шалтгаалахгүй хөл хорионд орж орлого олох боломжгүй болсон тул зээл, зээлийн хүүг хойшлуулах хүсэлт өгсөөр байтал тухайн үед манай зээлийг хариуцаж байсан эдийн засагч * нь 2020-10-10-ны орой хуулийн зөвлөх гэх залуутай гэрт ирж барьцаалсан машиныг маань хүчээр хураан авсан. Маргааш очиж машин хураасан актаа аваарай, машиныг чинь зарж зээлийг чинь хаахаас өөр аргагүй болсон гэсэн, очиж уулзаад авах гэтэл удирдлагаас акт ирээгүй, машин чинь зарагдаагүй байна гэх мэтээр удаа дараа хуурч ямар ч баримт өгөөгүй. Нэгэнт барьцаа хөрөнгөө хурааж авсан тул бидний зээл төлөх үүрэг дуусгавар болсон гэж бодож байтал 2021-08-13-нд 7,936,000 төгрөг төлөөд машинаа ав гэж эдийн засагч * утасдаж бид тухайн өдөр нь уг мөнгийг төлөөд машинаа авахаар очиход зээлийн гэрээ сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурахгүй бол машиныг чинь өгөхгүй гэж дарамталснаас болж манай нөхөр гарын үсэг зурсан, би зөвшөөрөхгүй гээд зураагүй. Учир нь тус гэрээ болон зээл төлөх хуваарьтай танилцахад Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байхад 2020-11-18-наас 2021-07-01 хүртэл зээлийн хүүг хойшлуулах, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх Санхүүгийн зохицуулах хорооноос нь ирсэн шийдвэр байхад барьцаалсан хөрөнгө болох автомашиныг маань өөрсдөө зарж зээлийг дуусгавар болгоно. Илүү зарвал зөрүүг нь өгнө гэж хурааж авч явсан 10 сарынхаа хугацаанд хүү, нэмэгдүүлссэн хүү тооцож бодсон байсан. 19 сая төгрөгийн зээл авсан байтал хүү болон нэмэгдүүлсэн хүү 30,3 сая төгрөг бүгд 49,3 сая төгрөг төлөх тооцоолол гаргасан учраас би хүлээн зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй. 2023-09-05 гэхэд бид 28,304,040 төгрөг төлсөн байгаа. 2021-08-13-ны өдрийн *тоот зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах гэрээг би зөвшөөрөхгүй, гарын үсэг зураагүй тул тус гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Г.*аас нэхэмжлэгчид холбогдуулан гэм хорын хохиролд 12,121,690.16 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Барьцаа хөрөнгөө хураалгасан тул зээл хаагдчихсан гэж бодож байтал тус компанийн зээлийн эдийн засагч Т.* 2021-08-13-нд утасдаж машинаа ирж ав гэсэн. Очтол машинд маань байсан Япон улсын үйлдвэрийн 2 цилиндр дугуй хийлэгч, галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг гэх мэт зүйл алга болж, машиныг маань унаж яваад эвдрэл гаргасан, доторхыг маш их бохирдуулсан байсан. Иймд Д.* нь тус компанийн зээлийн эдийн засагч албан тушаалаа ашиглан машиныг маань хурааж байна гэсэн нэрээр авч 10 сар хувьдаа ашигласан байна. Учир нь тус компанийн нэхэмжлэл дээр машиныг хурааж авсан 10 сарын хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон байгаа нь, мөн шүүх хурал дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь машин хураасан, буцааж өгсөн тухай ямар нэгэн акт баримт байхгүй. * өөрийн хувийн дансандаа 2019 оны 11 сараас 2020 оны 2 сар хүртэл зээл төлөлт хийлгэсэн атлаа зарим сарын төлбөрийг байгууллагын дансанд хийгээгүй байсан гэж мэдүүлсэн зэрэг нь үүнийг нотолж байна. Д.* нь зээл төлөлтийн мөнгийг өөрийнхөө Хаан банк * дансанд хийлгэдэг байсан бөгөөд шилжүүлсэн даруйд өөрөө төлөлтийг нь хийнэ гэдэг байсан боловч зээл төлөлтийнхөө хугацаанд нь төлсөн /2019.11.14, 2019.12.13, 2020.01.14/ мөнгийг хугацаа хоцроож зээл төлснөөс нь шалтгаалж нэмэгдүүлсэн хүү 217,649.51 төгрөг бодогдож хохирсон. 2020.02.14-нд төлсөн 876,000 төгрөгийг зээлийн дансанд хийлгүй хувьдаа завшиж хохироосон 876,000 төгрөг. Үүнээс шалтгаалж тухайн сард төлөгдөх ёстой байсан 343,648.63 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүйгээс 2024-10-24 хүртэлх 43 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож 514,235.71 төгрөг. Барьцааны зүйлээр зээл төлөх үүргээ биелүүлсэн байсан тул бид төлөх ёсгүй машин хурааж авч явсан 10 сарын хугацааны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг* компани нэхэмжилсэн тул зээл төлөх графикаар тооцсон болно. Үндсэн зээл 3,737,539.09 төгрөг, хүү 5,021,888.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,004,377.64 төгрөг. Бүгд 9,763,804.94 төгрөг. Машин дотор байсан эд хогшлын үнэ 750,000 төгрөг. Нийт 12,121,690.16 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан. Машиныг тус компанийн эдийн засагч байсан Т.* 2021-08-13-нд буцаан өгсөн боловч ямар ч баримт өгөөгүй. Иймээс Нэт капитал лизинг ХХК-иас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу 12,121,690.16 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээнд хүү тооцохгүй гэсэн заалт байхгүй. Зээл төлөх хугацаа олгосон талаар гэрчийн мэдүүлэг байгаа. Хариуцагчийн эхнэр нь утсаар миний барьцаа хөрөнгийг битгий зараач гээд эргэж, тойрч байсан үйлдэл байгаа. Барьцааны хөрөнгө эвдрэлтэй байсан талаар тухайн үед ямар ч гомдол ирээгүй. Санхүүгийн зохицуулах хороонд манай байгууллага харьяалагддаггүй. Хохирогч өөрөө санаатай болон илтэд болгоомжгүй хандсан эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэлбэрээр үүссэн талаар урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс гэм хор учирсан бол Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэх заалтаар сөрөг нэхэмжлэлийг няцааж байна. Зээлийн гэрээний 3.6-д зааснаар банкны харилцах дансаар төлбөрийг шилжүүлнэ гэсэн байгаа. Хувь хүний буюу, ажилтны данс руу гүйлгээ хийнэ гэсэн заалт байхгүй. Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээс үүсэж болох хохирлоос урьдчилсан сэргийлээгүй гэж харагдаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498 дугаар зүйлийн 498.2, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан эдгээр илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хор учруулсан байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах хэрэгтэй гэж заасан. Ковидын үед Засгийн газрын 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын дагуу 12 дугаар сарын 18-ны өдөр нэмэгдүүлсэн хүү болох 1,291,200.70 төгрөгийг чөлөөлсөн дансны хуулга байна. Төлөөгүй хугацааны үндсэн зээл 3,737,539 төгрөг, хүү 5,218,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,043,377 төгрөг гэх тооцоолол гарсан. Үндсэн зээлийн мөнгө болох 3,737,539 төгрөгийг яагаад манай байгууллагаас нэхэж байгааг олгохгүй байна. Зээлийн график дээр 2021 оны 08 дугаар сарын 13-наас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 38 сарын хугацаанд 2,9% хүүтэйгээр 18,300,000 төгрөгийг тооцоолоод үзэхэд 803,000 төгрөг төлөхөөр төлбөрийн график үүсэж байна. Барьцаа хөрөнгө нь Нэт капитал лизингийн нэр дээр байгаа ч 2021 онд сунгалтын гэрээ хийснээр зээлдэгч барьцаа хөрөнгийг унаад ашиглаад явж байгаа гэв.
6. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3, 4/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, итгэмжлэл /хх 6, 20, 119, 167, 216-217/, Зээлийн гэрээ /хх 7-8/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /9-10/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 11/, * тоот зээлийн гэрээний хугацааг сунгах эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх 12/, Зээлийн нөхцөл өөрчлөх тухай өргөдөл, анкет /хх 13-16/, Зээлдэгчтэй тооцоо нийлсэн тэмдэглэл /хх 17/, Хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл /хх 18/, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2/13 тоот албан бичиг /хх 19/, Хугацаа сунгах хүсэлт гаргах тухай /хх 120/, Зээлийн дансны хуулга /хх 133-140/, Г.* үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол /хх 168/, Депозит дансны хуулга /хх 169-170/, Салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ /хх 218/.
7. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 28-29/, Санхүүгийн зохицуулах хорооны 3/90 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх 31/, Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргах нь /хх 32-34/, итгэмжлэл /хх 35, 103/, Баянгол салбар-Нэт капитал лизинг ХХК-иас 2019-10-28-ны өдрийн * тоот зээлийн гэрээгээр авсан зээлийн эргэн төлөлтийн тооцоо хүснэгт /хх 36/, Г.*ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 37-39/, С.*ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 40-43/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 44-58/, Сөрөг нэхэмжлэл /хх 75/, С.*ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 85-88/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх 89-91, 113-115/, Гэм хорын хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэл /хх 98-99/, Г.*ын хүү тооцооллын хүснэгт /хх 100-101/, Сөрөг нэхэмжлэлдээ гаргасан тайлбар /хх 109, 110/, Тайлбар /хх 122-123/, Зээлийн дансны хуулга /хх 124-128/, Монголын худалдаа Аж үйлдвэрийн танхимд тодорхойлолт /хх 171/, Түрээсийн гэрээ /хх 172-173/, Г.*, С.* нарын 2019-10-28-нд* ХХК-иас авсан автомашин барьцаалсан сарын 2,9 хувийн хүүтэй 19,000,000 төгрөгийн зээлийн хүүгийн бодит тооцоолол /хх 210/,
8. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Б.*гаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 156-158/, Автотээврийн үндэсний төвийн 10/05 тоот албан бичиг, хавсралт /хх 201-203/, Автотээврийн үндэсний төвийн 38 тоот албан бичиг, хавсралт /хх 211-213/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №* Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 16,640,575.91 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,419,987.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 239,436.23 төгрөг, нийт 19,300,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. 2020 оны 10 дугаар сард фидуцийн гэрээний зүйл болох Toyota Vanguard /Тоёота вангуард/ маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангана гэж хураан авсан.
3.2. 2021 оны 8 дугаар сарын 13-нд тус компанийн эдийн засагч * утасдаж 7,936,000 төгрөг төлөөд автомашинаа ав гэснээр уг мөнгийг төлж машинаа авсан.
3.3. 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 28,304,040 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс 2,359,424.09 төгрөгийг хассан, хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 25,944,615.91 төгрөг тооцсон.
4. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн * тоот зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээнд хариуцагч С.* гарын үсэг зураагүй учраас хүчингүй тооцуулах, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Нэт капитал лизинг ХХК-иас гэм хорын хохирол төлбөрт нийт 12,121,690.16 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
5.1. Хохирогч өөрөө санаатай болон илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс гэм хор учирсан бол Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан.
5.2. Ковидын үед Засгийн газрын 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын дагуу 12 дугаар сарын 18-ны өдөр нэмэгдүүлсэн хүү болох 1,291,200.70 төгрөгийг чөлөөлсөн.
5.3. Төлөөгүй хугацааны үндсэн зээл 3,737,539 төгрөг, хүү 5,218,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,043,377 төгрөг гэх тооцоолол гарсан.
5.4. Барьцаа хөрөнгө нь* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй боловч 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн * тоот зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ хийснээр зээлдэгч барьцаа хөрөнгийг ашиглаж байгаа.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай Зээлийн гэрээ-нээс үзэхэд нэг талаас* ХХК, нөгөө талаас Г.*, С.* нар байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 19,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, сарын 2,90 хувь хүүтэй зээлж авчээ.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө * дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулж * улсын дугаартай, Toyota Vanguard /Тоёота вангуард/ маркийн автомашиныг* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, мөн зээлийн хүүг талууд тохиролцон тогтоохоор заажээ. Түүнчлэн, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгохоор зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зохигчдын хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Нэхэмжлэгч фидуцийн гэрээний зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Харин нэхэмжлэгч* ХХК нь хариуцагч Г.*, С.* нараас Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,640,575.91 төгрөг, зээлийн хүү 2,419,987.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239,436.23 төгрөг, нийт 19,300,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг фидуцийн гэрээ гэх бөгөөд үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч Г.*, С.* нарыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч тал * улсын дугаартай, Toyota Vanguard /Тоёота вангуард/ маркийн автомашиныг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан ба ийнхүү хураан авахдаа баримт үйлдээгүй боловч фидуцийн зүйл болох автомашиныг хураан авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээ нь үүрэг хүлээгчийн мөнгө төлөх үүргийг хангах зорилгоор байгуулагдсан, зээлийн гэрээний салшгүй хэсэг ба мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.
Мөнгө төлөх үүргээ хариуцагч нар хугацаандаа биелүүлээгүй гэсэн шалтгаанаар автомашины эзэмшлийг нэхэмжлэгч* ХХК нь бодитоор шилжүүлэн авснаар зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Г.*, С.* нараас 19,300,000 төгрөг гаргуулах тухай Нэткапитал ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжуудад үндэслэн зээлийн үйл ажиллагааны буюу зээлдүүлэгчийн эрх зүйн байдлыг авч үзвэл Иргэний хуульд зээлийн харилцааг хоёр төрөл хэсэгт хувааж, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс хэрэгжүүлж байгаа зээлийн харилцааг ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт, бусад зээлийн харилцааг /барьцаалан зээлдүүлэх газраас олгож байгаа зээл хамаарна/ бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт тус тус хамааруулж зохицуулсан ба эдгээр нь эрх зүйн зохицуулалтаараа ялгаатай болно.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан.
Нэхэмжлэгч үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч Г.*, С.* нартай гэрээ байгуулж, гэрээний дагуу 19,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч тал 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр фидуцийн зүйл болох * улсын дугаартай, Toyota Vanguard /Тоёота вангуард/ маркийн автомашиныг хураан авсанаар талууд хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон.
Хариуцагч Г.*, С.* нар нь Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүний төлбөрийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Хавтаст хэргийн 168 дугаар талд авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Г.* үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол баримтаас үзвэл, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 18,356,944 төгрөг, зээлийн хүүний төлбөр 461,371 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 2,564,619 төгрөг, хүүний төлбөрт 22,465,160 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,359,424.09 төгрөг, нийт 27,389,203 төгрөг төлсөн байна.
Хариуцагч Г.*, С.* нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 750,000 төгрөгт холбогдох хэсгийг баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нотлоогүй, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч* ХХК-иас 11,371,690 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.*, С.* нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1 хэсгүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,650 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,347.04 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 196,897 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*, С.* нараас 19,300,000 төгрөг гаргуулах тухай* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1 хэсгүүдэд заасныг баримтлан* ХХК-иас 11,371,690 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.*, С.* нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,650 төгрөгийг, хариуцагч Г.*, С.* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,347.04 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 196,897 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.*, С.* нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
А.САРАНТУЯА