| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00418/И |
| Дугаар | 145/ШШ2024/00404 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 145/ШШ2024/00404
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 145/ШШ2024/00404 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн .................. сумын .............. дугаар баг, .............. тоотод оршин суух, Т......... овгийн Б........................н Т....................н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ............ дугаар баг, .............. тоотод оршин суух, Б.................. овгийн Ц...................н Ц................д холбогдох,
“38,917,500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нь манай ээжтэй танилын хүрээнд танилцаад Байгаль орчны яам, Англи улсын элчин сайдын яамтай хамтарсан Англи улсын тусламжийн сангаар санхүүжилт нь орж ирдэг, нөхрийнх нь дүү нь Английн дэд консулд ажилладаг гэж энэ төсөлтэй холбож өгсөн. Өөрийнх нь дүү болохоор Байгаль орчны яаманд ажилладаг тул найдвартай төсөл гэж анх ээжид хэлсэн. Өөрөө болохоор Богд суманд газар аваад төслөө хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэгээд хариуцагч өөрөө Богд суманд мод тариад явж байгаа гэж хэлсэн. Манай ээж намайг их дээд сургууль төгссөн, намайг энэ төслийг хэрэгжүүлж чадна гэж итгээд тэр төсөлд оруулсан. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ц.......................с “Энэ зарах гээд байгаа төсөл бүтэн жил хэрэгжээд батлагдчихсан байгаа. Авах гэж байгаа хүн нь үнэлгээний мөнгийг төлж чадахгүй байгаа учраас оронд нь чамайг оруулна” гэж хэлсэн. Тэгээд хурлаар орох гэж байгаа учраас яаралтай мөнгөө шилжүүл гэсэн шаардлагыг надад тавьсан. Надад ямар ч мэдээлэл алга, би өөрийнхөө эрсдэлийг тооцож тантай гэрээ хиймээр байна гэж Ц.Ц гуайд хэлсэн. Ц.Ц эгч өөрөө зөвшөөрч, бид хоёр нотариат дээр очиж гэрээ байгуулан 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр төсөл нь “Хаан өвс” гэж нэрлэдэг ургамлын төсөл над руу явуулсан. Тэгээд би мөнгөө шилжүүлсний дараа хурлаар ороод чиний нэр чинь гараад ирсэн шүү гэдэг зүйлийг хэлсэн. Дараа нь би гүүглээс хайж үзэхэд тэр төсөл нь өөр хүний нэр дээр патентлагдсан байсан, тэгээд Ц.................. эгчид хэлэхэд энэ төслөө өөрчлөөд мод тарих төсөл болгоё гэж хэлсэн. Би энэ хүнд итгээд мөнгөө өгсөн болохоор одоо энэ хүнээс л мөнгөө гаргуулна. Намайг 17,480,000 төгрөгөөр орчуулга, төслийн мөнгө өгвөл төслийн санхүүжилт нь 1 тэрбум 300 сая төгрөг орно гэж надад хэлсэн гэв.
Хариуцагч Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчийн ээжийнх нь дэлгүүрт орж худалдаа хийдэг, тэгээд танилууд болсон. Нэг орой дэлгүүрт нь юм яриад сууж байхад төслийн хүн над руу залгаж таарсан. Ямар төсөл юм бэ? гээд ээж нь сонирхоод байхаар нь бүгдийг нь тайлбарлаж хэлсэн. Тэгсэн ээж нь дахиад хүн оруулж болох уу? гэж асуухаар нь би асууж үзье гэж хэлсэн. Тэгээд төсөл хариуцсан хүнээс дахиад нэг хүн оруулах боломжтой юу? гэхэд хүн дүүрчихсэн байгаа, гэхдээ нэг хүн үнэлгээ орчуулгынхаа мөнгийг өгч чадахгүй гацчихсан байгаа юм байна. Энэ хүн мөнгөө өгөхгүй бол оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд буцаагаад ингэж байна гэж нэхэмжлэгчийн ээжид нь хэлэхэд би охиноо оруулъя, охин маань ажилгүй байгаа гэж хэлээд нэхэмжлэгчтэй холбогдсон. Тэгээд төслөө танилцуулаад мод тарих төслөөс гадна ийм ургамлын нэг төсөл байна. Үүнийгээ зарна гэж байгаа гээд нэхэмжлэгч рүү ургамлын төсөл явуулахад патендлагдсан төсөл байна, хүний нэр дээр гарчихсан байгаа болохоор дэмий байх гэж хэлсэн. Тэгвэл мод тарих төсөл байна. Энэ нь нийтийн эзэмшлийн газарт мод тарих, газар аваад мод тарих гэсэн 2 янз байгаа юм байна лээ. Чи тэр төсөлд нь орвол яасан юм бэ? гэхэд мод тарихад нь оръё, та нар ямар баталгаа өгөх вэ? гэхэд нь төслийг чам руу явуулъя гэж хэлсэн. Тэгээд нэхэмжлэгч мөнгөтэй холбоотой асуудал юм чинь тантай гэрээ хиймээр байна гэхэд нь зөвшөөрсөн. Манай дүү намайг энэ төсөлд оруулж өгсөн, найдвартай гэж хэлээд бид хоёр нотариат дээр очиж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс төсөл хэрэгжихгүй удаад байсан гэж яриад байгаа. Яам дээр санхүүжилт нь удаад хугацаа их орчихсон юм байна лээ. Тэгээд санхүүжилт нь батлагдаад ороод ирсэн чинь сонгуулийн үе таарчихаад энэ төслийн гол хүн нь нэр дэвшиж байгаа тул мөнгө тараах боломжгүй болсон, жижиг төслүүддээ өгнө гэсэн хэмжээгээр нь биш бага хэмжээгээр өгч байгаа гэж хэлсэн. Би өөрөө авсан. Энэ санхүүжилт нь хавар, намар хоёрт хуваагдаж орж ирдэг гэсэн. Тэгээд намар санхүүжилт нь орж ирэхээр өгнө гэж байна гэж хэлсэн чинь нэхэмжлэгч би хүлээж чадахгүй нь ээ, ажилгүй хэцүү байна, тийм учраас төслөө заръя, та зараад өг гэж хэлсэн. Тэгээд би хүмүүст төсөл зарах талаар хэлээд явж байтал Сэлэнгэ аймгийн нэг залуу үнэхээр бодитой төсөл бол би оръё, бодитой төсөл биш бол би орохгүй ээ, хүмүүстэй нь та намайг холбож өг гэхээр нь холбож өгсөн. Тэгээд Сэлэнгэ аймгийн залуу Улаанбаатар хот руу явж төслийн хүмүүстэй нь уулзаад, бүх бичиг баримт, гэрчилгээ, төсөлтэй нь танилцаад орохоор болсон гэдгээ надад хэлсэн. Төслийг 50,000,000 төгрөгөөр зарах болсноо нэхэмжлэгчид хэлсэн. Тэгээд нэхэмжлэгчийг хүсэлтээ бичиж өг, тэгж байж шийдэгдэх юм байна гэж хэлсэн. Тэгээд компаниас 15,400,000 мөнгийг шийдэж өгөх боломжтой, 2,400,000 төгрөг нь нөхрийнх нь нэр дээр өөр төсөл дээр явж байгаа юм байна гэж компаниас хэлээд хүсэлтээ гаргаж өг гэхэд Б.Тт 15,400,000 төгрөг авна гэж хүсэлтээ бичээд өгчихсөн. Тэгээд хурлаар ороод төслийг нь авах гээд байгаа н.А................ гэдэг залуугийн нэр дээр батлагдсан юм байна лээ. Компаниас санхүүжилт 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орох учраас тэр үед Б.Т өнгийг шилжүүлнэ гэсэн. Төслийг авах гээд байгаа залуу ч гэсэн компаниас 15,000,000 төгрөгийг нь өгчихвөл би 35,000,000 төгрөгийг өгнө гэж тохирсон байсан. Энэ дээр нь тэр залуу удаад байгаа. Энэ төсөл бол бодитой, худлаа зүйл биш, нэхэмжлэгчийн хохирлыг компаниас гаргуулж өгнө. Би өөрөөсөө гаргах зүйл байхгүй. Үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсье гэв.
2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн .............. дугаартай зээлийн гэрээ,
Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ................ дугаартай гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ц.Ц................д холбогдуулан “38,917,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Ц.Ц..................... нар 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хариуцагчид 17,480,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээжээ. 17,480,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн эсэх асуудлаар талууд маргаагүй.
4. Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэдийгээр хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн харилцаа үүсээгүй гээд, Англи улсаас санхүүжигдэх мод тариалах төсөл буюу “Итгэлт хур” гэх хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хариуцагч Ц.Ц..................... нь нэхэмжлэгчийг хамруулж өгөхөөр тохиролцож, нэхэмжлэгч гэрээнд заасан 17,480,000 төгрөгийг мод тариалах төслийн үнэ, орчуулгын төлбөрт шилжүүлсэн гэх үйл баримтыг дурдаж, хариуцагч Ц.Цогзолмаа нь нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжсэн тайлбар гаргасан.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зээлийн гэрээг тодорхойлсон. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ц.Цогзолмаад 17,480,000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримт нь хуульд заасан зээлийн гэрээний шинжгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Ц нь 17,480,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлдэн авах хүсэл зориггүй байсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна гэж үзлээ.
6. Харуцагч Ц.Ц нь нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс “Итгэлт хур” гэх хуулийн этгээдээс мод тариалах төсөл худалдан авч, орчуулгын хөлсийг төлсөн гэсэн тайлбар гаргасан байгаагаас дүгнэхэд талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан хэлцэл нь зээлийн гэрээ биш, харин Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан даалгаварын гэрээний шинжтэй байна гэж дүгнэлээ.
7. Иргэний хуульд даалгаварын гэрээг заавал бичгээр байгуулахаар заагаагүй тул талууд уг гэрээг амаар байгуулсан гэж дүгнэсэн ба Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.4 дэх хэсэгт “Ямар ч үед даалгавар өгөгч даалгавраа цуцлах, даалгавар гүйцэтгэгч даалгавраас татгалзах эрхтэй. Энэ эрхийг хязгаарласан гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар даалгавар өгөгч буюу нэхэмжлэгч Б.Т................. гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө нэхэмжлэх эрхтэй гэж үзэхээр байна.
8. Хариуцагч Ц.Ц.................. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ч 17,480,000 төгрөгийг төслийн үнэ, орчуулгын төлбөрт шилжүүлсэн гэх баримтаа шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчтэй 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан хэлцлийн дагуу үүсэх үүргээ хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар гаргасан. Талуудын тайлбарт дурдагдсан Англи улсын санхүүжилттэй төсөл, “Итгэлт хур” гэх хуулийн этгээдийн төсөл хөтөлбөрийн талаар хэрэгт бичгийн нотлох баримт авагдаагүй, эдгээртэй холбоотой хүсэлт талууд гаргаагүй тул нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Ц.Ц нарын хооронд үүссэн харилцааг дүгнэж, шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч Б.Т хариуцагчид шилжүүлсэн гэх 17,480,000 төгрөг, гэрээнд заасан алданги 21,437,500 төгрөг, нийт 38,917,500 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Хариуцагч Ц.Ц нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан гэрээгээр алданги төлөх үүрэг хүлээсэн болохоо хүлээн зөвшөөрч байна гэсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангийн хэмжээг 17,480,000 төгрөгийн 50 хувь буюу 8,740,000 төгрөг гэж тогтоолоо.
10. Иймд хариуцагч Ц.Цогзолмаагаас гэрээний дагуу шилжүүлсэн 17,480,000 төгрөг, алданги 8,740,000 төгрөг, нийт 26,220,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,697,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ц..................с 26,220,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т................д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,697,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.Ц................с 289,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т...................д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,537 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА