Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 95

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

           улсын яллагч Ц.Ариунтуяа,   

шүүгдэгч Ц.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат-Очир овогт Цэдэвийн Тэгшжаргалд холбогдох 1708019930253 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Биеийн тамирын багш зохицуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Тнь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 29 дүгээр гудамжны 64 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр З.Хандармааг зодож эрүүл мэндэд нь хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Ц.Тнь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 29 дүгээр гудамжны 64 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр З.Хандармааг зодож эрүүл мэндэд нь хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-2-3/

- хохирогч З.Хандармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би 23 цагийн үед гэртээ иртэл Тэгшжаргал 2 найзтайгаа архи ууж байсан. Тэгээд 2 найз нь унтсан. Гэнэт Тэгшжаргал намайг хэл амаар доромжлоод байсан. Найз Даш нь “чи ямар дарамттай юм бэ, чамаас болдог юм байна” гэтэл намайг шууд үсдсэн. Ганаа гээд найз нь салгаад Тэгшжаргалыг дараад хэвтчихсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Өмнө нь намайг зодож байсан зүйл байхгүй. Гэхдээ намайг зодох гээд байдаг..гэх мэдүүлэг /хх-19-20/  

- гэрчээр З.Хандармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...намайг Солонгос явах гэлээ, би чамайг явуулахгүй гээд миний үснээс зулгаагаад баруун чих рүү гараараа 2-3 удаа цохисон. Мөн хөлөөрөө нэг удаа гэдэс рүү жийсэн. 2 найз нь салгасан...гэх мэдүүлэг

- гэрч Л.Дашийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаад байх аж ахуйн хашаандаа Тэгшжаргалын хамт төмөр хураасан. Тэндээ 1 шил архи хувааж уусан. Тэгшжаргалын гэр рүү явах замд Ганаатай таарад дахин 1 шил авч бид 3 хувааж уусан. Хандармаа 2 хүүхдээ дагуулж гаднаас орж ирээд хоол унд хийсэн. Шөнө Хандармаа “намайг хөөе сэрээрэй, Тэгшжаргал агсам тавиад байна” гэсэн. Би босоод хартал Ганаа Тэгшжаргалыг орон дээр дарсан байсан ба Хандармаа цагдаа дуудсан. Тэгшжаргал Хандармааг зодож цохиж байсан талаар мэдэхгүй. Архи уучихаараа гэртээ агсам тавиад эрүүлжүүлэхэд ордог байсан байх. Саатуулахад орчихлоо гэж сонсогдож байдаг...гэх мэдүүлэг

- гэрч Д.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Тэгшжаргал над руу яриад манайд хүрээд ир гэсэн. Тэгшжаргалынд 1 шил архиа уугаад сууж байтал эхнэр Хандармаа нь 2 хүүхэдтэйгээ орж ирсэн. Орой болсон тул Даш бид 2 хоноод явахаар болоод унтсан. Шөнийн 03-04 цагийн үед Тэгшжаргал, Хандармаа 2 муудалцаад, Тэгшжаргал Хандармаагийн үснээс зулгаагаад 1-2 удаа хацарт нь алгадсан. Хандармаа ч зөрүүлээд алгадсан. Тэгээд Хандармаа 2 хүүхдээ дагуулж гараад удалгүй цагдаа ирсэн. Тэгшжаргал Хандармааг өмнө нь зодож байсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-51-52/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 264020 дугаартай шинжээчийн:...З.Хандармаагийн биед хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д үааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-25/

- шүүгдэгч Ц.Тэгшжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр найз Дашийн хашаанд 1 шил архи хувааж уусан. Гэртээ найз Ганаа, Дөш нартай хамт 1 шил архи хувааж уусан. Ганаа, Дөш 2 газраар унтсан. Эхнэр оройтож ирснээс болж маргалдаад би үсдээд, шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Ганаа босч ирээд салгасан. Эхнэр Хандармаа цагдаа дуудчихсан байсан. Би урд нь эхнэрээ зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-41-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Тнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч З.Хандармаа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-18/ гэжээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.      

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Ц.Тэгшжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Тэгшжаргалыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Тнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ц.Тэгшжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР