Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01153

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01153

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, Б Д-ын О,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01176/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1970 онд тус аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг 1987 онд төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшин улмаар илгээлтийн эзэн болж мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гарсан.

Миний бие илгээлтээр гарсан охидын нэгэн адил саальчнаар 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд томилогдож 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, улмаар 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус аймгийн Хатгал хотын Худалдаа Бэлтгэлийн Трестед малчнаар 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан ба 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Хатгал хотын Худалдаа Бэлтгэлийн Трестед малчнаар ажиллаж ирсэн.

Миний бие эмэгтэй хүний хувьд 55 насаар өндөр насны тэтгэвэрт гарах болсон, хар бага наснаасаа хөдөлмөрлөж ирсний хувьд тэр үеийн удирдах ажилтны буруугаас ажилласан жил тооцогдохгүй, ажилласныг гэрчлэх баримтууд байх ёстой ажил олгогчоос олдохгүй болсон зэрэг шалтгааны улмаас ажилласан байдлаа тодорхойлж чадахгүй өнөөг хүрч арга буюу шүүхэд хандаж байна.

Иймд миний 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд саальчнаар 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус аймгийн Хатгал хотын Худалдаа Бэлтгэлийн Трестед малчнаар 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Хатгал хотын Худалдаа Бэлтгэлийн Трестед малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн миний хүсэлтийн шаардлагыг тодруулж буюу миний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа Бэлтгэлийн Трестед 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Урандөш компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Хатгал худалдааны Тулга хоршоонд 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Б Д-ын Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн захиргаанаас Д- овогтой От нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан Д-ын Оийн ажилласан жилийн архивын лавлагаа, 70 дугаар дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 653 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа, Д-ын Оийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон лавлагаа, Алаг-Эрдэнэ сумын НАААҮ-ний төвөөс 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Д.Оийг шагнасан диплом, Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестээс Д- овогтой От нээж олгосон №326852 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Д-гийн Д-ын Отэй холбогдох тус сумын Хөгжил нэгдэлд 1987-1988 он, 1990 онуудад 3-р бригадад саальчнаар ажиллаж байсан хугацааны цалин хөлсний 70-р дансны лавлагааг гаргаж хүргүүлэв. Тус байгууллагын архивт Хөгжил нэгдлийн 1989 оны цалин хөлсний баримт байхгүй болно. Жич: Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан хугацааны нотлох баримтууд манай байгууллагаас гарах боломжгүйг мэдэгдье. гэх бичилт бүхий 3/341 тоот албан бичиг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын Тамгын газрын нэгдсэн контор нь 2017 оны 4 дүгээр сарын 20-нд эд зүйлийн хамт шатсан болохыг тодорхойлов. гэх бичилттэй Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад М.А-ын тодорхойлолт, Д-ын Оийн 1991 оны төрөлтийн түүх зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-13, 35-36, 47-51, 57-63 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр О.Ц, Д.Д нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Д.Оийн ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Барилга угсралтын контор нь Барилга угсралтын трест болж өөрчлөгдсөнтэй холбоотой дээд газрын тушаал, шийдвэр бий эсэх лавлагаа, Барилга угсралтын трест татан буугдсантай холбогдох тушаал шийдвэр бий эсэх лавлагаа, Д.Оийн Барилга угсралтын конторт болон Барилга угсралтын трестэд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний баримт, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трест, Уран дөш компани, Тулга хоршоо нь 1991-1995 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, хэрэв төлж байсан бол тухайн байгууллагууд нь Д-ын О нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийгдсэн эсэх лавлагаа зэргийг гаргуулж тус тус нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 28-34, 37-45, 64-65 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн тресстэд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд тэрээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа Бэлтгэлийн Трестед 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Урандөш компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Хатгал худалдааны Тулга хоршоонд 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.О нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа Бэлтгэлийн Трестед 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Урандөш компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Хатгал худалдааны Тулга хоршоонд 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн захиргаанаас Д- овогтой От нээж олгосон 1987 06 15 хөгжил нэгдэлд саальчин, 1987 оны 7-12, 1988 оны 1-12, 1989 оны 1-12, 1990 оны 1-5 сар-уудад тус тус бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн захиргаанаас Д- овогтой От нээж олгосон №326852 дугаартай 1990 06 11 Худалдаа бэлтгэлийн трестэд саальчнаар авч ажиллуулав., 1991 12 30 Худалдаа бэлтгэлийн трест татан буугдсан учир саальчин ажлаас чөлөөлөв., 1992 07 31 Урандөш компани өөрчлөн байгуулагдсан учир малчин ажлаас чөлөөлөв., 1992 08 01 Тулга хоршоонд малчнаар авч ажиллуулав., 1994 12 30 Хоршооны үйл ажиллагаа зогссон учир малчны үүрэгт ажлаас чөлөөлөв. гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан Д-ын Оийн 1987 оны 7-12, 1988 оны 1-11, 1990 оны 1-4 сар-уудад тус тус бичилттэй цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 6-9, 47-55 дугаар хуудас),

Алаг-Эрдэнэ сумын НАААҮ-ний төвөөс 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Д.Оийг шагнасан Диплом (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Д- овогт Оийн ХААТР-1А баримтын 14 дүгээрт ажилладаг байгууллага гэх хэсэгт Хөгжил нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1987, цех, тасаг, бригад гэх хэсэгт 4-р хэсэг, эрхэлдэг ажил гэх хэсэгт саальчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум, район гэх хэсэгт Алаг-Эрдэнэ гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11дүгээр сарын 22-ны өдрийн Бүртгэлийн 817 дугаартай Хөвсгөл аймгийн Хатгалын ХБТ 1991, Урандөш компани 1992, Хатгал худалдааны Тулга хоршоо 1993-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно.

Хатгал тосгоны Тулга хоршоо нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдолтой баримт байхгүй болно.

1991 он ХН-ийн дугаар: 16 хуудасны дугаар: 76-79

1992 он ХН-ийн дугаар: 18 хуудасны дугаар: 65-68

1993 он ХН-ийн дугаар: 13 хуудасны дугаар: 73-75

1994 он ХН-ийн дугаар: 34 хуудасны дугаар: 86-89 хянаж баталгаажуулсан Захиргаа хяналтын хэлтсийн дарга П.М, лавлагаа гаргасан архивын ажилтан Ч.О гэх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Сум дундын эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан Д-ын Оийн 1.Хэвтсэн 1991 он 9-р сарын 2 өдөр 24 цаг 45 минут 8.Ажлын газар ХБТ, 9. Албан тушаал малчин мэргэжил малчин ... гэх бичилт бүхий 1991 оны төрөлтийн түүх (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

Гэрч О.Цгийн: ...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар бригадад саальчнаар 1987 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1992 он хүртэл тус газраа ажиллаж байсан. ...Миний бие тухайн үед 1987 онд 10 дугаар ангиа төгсөж ирээд тус бригадад саальчнаар ажиллаж байсан. Саальчин залуучуудын гавшгайч залуучуудын бригадын даргаар миний бие ажиллаж байсан. Уг бригадад мөн Д.О байсан. гэх мэдүүлэг,

Гэрч Д.Дгийн: ...1990 оноос 1994 он хүртэл саальчин байсан үеийг нь сайн мэднэ. Учир нь хөдөө явж яс, арьс буюу түүхий эд цуглуулах ажил хийдэг байх үедээ гэр нь очиж түүхий эд авдаг байсан учраас мэднэ. гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.О нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа Бэлтгэлийн Трестед 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Урандөш компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Хатгал худалдааны Тулга хоршоонд 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б Д-ын Оийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа Бэлтгэлийн Трестед 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Урандөш компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Хатгал худалдааны Тулга хоршоонд 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН