| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05924/И |
| Дугаар | 102/ШШ2024/05653 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/05653
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/05653 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, * байр, *тоотод оршин суух * ихгүн овогт * * /рд:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоотод оршин суух * овогт* * /рд:*/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч А.*,
хариуцагч Б.*,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.* нь хариуцагч Б.*т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2013 онд Б.*тай танилцаж, 2014 оны хавраас хамтран амьдарсан. Бид 2019 оны 10-р сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн *дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү * 2015 оны 2-р сарын 26-ны өдөр, охин * 2018 оны 12-р сарын 09-ний өдөр төрсөн. Есөн жилийн өмнөөс бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. 2014 онд жирэмсэн болсоноос хойш үе үе бие махбодид халдаж байсан. 2022 оны намар биед халдан хэл амаар доромжлох үед 8 настай хүүгээрээ цагдаад дуудлага өгүүлэн, 7 хоног баривчилгаанд явуулсан ч гарч ирээд дахин дарамталсан. Ажил дээр байхад араас байнга залган, утсаа авахгүй бол хэрүүл хийж доромжилно. Гэртээ хүүхдүүдийн хажууд муу муухай үгээр чанга хашхиран орилж чарладаг. 2023 оны 7 дугаар сард бие махбодид халдсан тул хүүхдээ авч эгчийндээ хэсэг амьдарсан ингээд салах өргөдлөө шүүхэд өгсөн. Нөхөр болох * Бүгд Найрамдах Солонгос улс руу 9 дүгээр сард явсаны улмаас хаяг тодорхойгүй гэж нэхэмжлэл цуцлагдсан. Цаашид би Б.*тай хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү охин хоёрыг миний асрамжид үлдээн эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Манай эхнэрийн хэлж байгаа үнэн учраас маргах зүйл байхгүй. Үнэхээр бид хоёр хоорондоо харилцаж чадахгүй болсон. Хүүхдүүдээ ээжид нь өгөхөд татгалзах зүйлгүй. Би боломжтой үедээ уулзаж байна. Би одоогоор ээж аавындаа байгаа учраас заримдаа өөр дээрээ хүүхдүүдээ аваад байж болно. Дундын эд хөрөнгийн талаар бид хоёр хоорондоо тохиролцсон байгаа. Хоёр хүүхэд байгаа учраас байраа эхнэр маань авахаар болсон, маргах зүйлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 3, 11/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 4/, *, * нарын төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн болон сургуулийн тодорхойлолт /хх 6-10/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хх 12-13/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 14/.
4.Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2023 оны 7 дугаар сард бие махбодид халдсан тул хүүхдээ авч эгчийндээ хэсэг амьдарсан. ... Цаашид би Б.*тай хамтран амьдрах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагчаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, харилцан тохиролцсон гэсэн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар Б.*, А.* нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1110510094 дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүү *, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр охин * нар төржээ.
4.1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна хэн аль нь гэр бүл цуцлахыг зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдал, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн * дугаар Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр баримтыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
4.2. Хариуцагчийн зүгээс хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан хүү *, охин * нарыг эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай нийцнэ.
4.3. Түүнчлэн хүү *, охин * нарыг эхийн асрамжид үлдээж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг Б.*аас гаргуулан хүүхдүүдэд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт нийцнэ.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгчээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан * овогт* *, * ихгүн овогт * * нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү *, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин * нарыг эх А.*ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү *, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин * нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг Б.*аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгчээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН