| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0121/э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2018-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энхтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 124
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Р.Энхтуяа,
шүүгдэгч С.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэн халх овогт Содномдаржаагийн Гомбо-Очирт холбогдох 1708018170379 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, ам бүл-4, аав, ээж, дүүгийн хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Гнь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн 2б байрны орцонд иргэн Ч.Нацагдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Гнь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн 2б байрны орцонд иргэн Ч.Нацагдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан иргэн Ч.Нацагдоржоос “...Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн 2б байрны орцонд иргэн С.Гомбо-Очирт зодуулсан...” гэх гомдол /хх-6/
- хохирогч Ч.Нацагдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:...би 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн орчим өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Нисэхийн 2б байрны орцоор ортол, өөдөөс бас нэг залуу гарч таараад зөрөх үедээ миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Би гайхаад хартал манай байрны зүс таних нэрийг нь мэдэхгүй 40 орчим насны залуу байсан. Чи яаж байгаа юм бэ “би Нацагаа ах нь байна ш дээ” гэхэд дахиад нэг удаа миний нүүрэн тус газар цохисон. Би сандраад зөрүүлээд баруун гараараа нэг удаа цохитол тэр залуу гараараа миний цохилтыг хаагаад орцноос гараад зугтаасан. Би гэртээ ороход эхнэр Шижээ намайг хараад “чиний нүүр ам чинь яасан юм” гэж асуухаар нь толинд нүүрээ хартал “миний зүүн талын шанаа хэсэг хавдсан, уруулнаас цус гарсан” байсан. Намайг цохисон залуугийн аав, ээжтэй нь уулзахаар гэрийнх нь хаалгыг тогшиход ээж Бадмаараа нь хаалгаа тайлсан. Би “танай хүү намайг цохиод нүүр ам аймар болгочихлоо, танай хүүхэдтэй уулзана” гэхэд үг хэлэлгүй хаалгаа хаачихсан. Би тэр өдөртөө гэртээ амарсан. Маргааш нь нөгөө залууг ирээд уулзах байх гэж бодсон ч ирээгүй болохоор нь цагдаад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-6-8/
- гэрч Л.Шинээгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би өөрийн нөхөр Ч.Нацагдоржийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Нисэхийн 2б байрны 22 тоотод амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. Би өдрийг нь санахгүй байна, манай нөхөр Ч.Нацагдорж ахмадын баярын тоглолт үзнэ гээд гарсан. Хэр удсаныг мэдэхгүй байна, гэрийн хаалга дуугаараад хүн орж ирэхээр нь би босоод хартал “манай нөхөр Ч.Нацагдорж хүнд зодуулчихлаа” гэж хэлээд нүүрний зүүн талын хэсэг нь хавдаад хөхөрчихсөн цамцаа уруулсан байдалтай орж ирсэн. Хэнд зодуулсан юм гэж асуухад “хэний хүүхэд билээ, манай байрны л нэг залуу” гэж байснаа Соёлоогийн хүүхэд. Орцоор ороход зодчихлоо гэж хэлээд, намайг очоод уулзаадах, гэхээр нь “би чадахгүй” гэхэд өөрөө буцаад гараад явсан...гэх мэдүүлэг / хх-17-18/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №12634 дугаартай шинжээчийн:... Ч.Нацагдоржийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн булан, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт хх-25/
- шүүгдэгч С.Гомбо-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:...манай гэр 2004 онд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Нисэхийн 2б байранд нүүж ирэхэд Нацагдоржийнх уг байранд байсан. Нацагдорж нь манайхтай нэг байр учраас манайхаар орж гардаг аавтай маань хамт ярилцаж суугаад хааяа нэг архи амсчихдаг байсан. Архи уухаараа их агсам зантай болохоор согтуудаа таарсан хүн болгонтой маргалдаад байдаг. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед би гэрээсээ гараад дэлгүүр орохоор явж байхад орцны үүдэнд Нацагдорж нилээд согтуу таараад Нацагдорж над руу харснаа “намайг новш чинь чи зайлаарай” гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би угаасаа агсам зантайг нь мэддэг болохоор хажуугаар нь зөрөөд өнгөрөх гэтэл намайг заамдахаар нь би зөрүүлээд заамдаж бид 2 орцноос гарсан. Тэгтэл Нацагдорж эхлээд миний нүүр лүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа зүүн шанаан тус газар нь 1 удаа цохисон..гэх мэдүүлэг /хх-33-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С.Гомбо-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Нацагдорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-52/ гэжээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Гомбо-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гомбо-Очирыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Гнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гомбо-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР