| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2211000001573 |
| Дугаар | 2023/ДШМ/56 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ДШМ/56
2023 1 11 2023/ДШМ/56
О.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/927 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Бы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2211000001573 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гөрөөчин овгийн О.Б, 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа бариа засал хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................тоотод оршин суух, /РД:........................./;
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөж байсан,
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 685 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
Шүүгдэгч О.Б нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандухай” зочид буудлын гадна иргэн О.Б багадаа дээрэлхдэг байсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагаан өшиглөж түүний биед үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгаралт, зулай, дух, зовхи, нүдний алим, сарвуу, уруул, чихний дэлбэнд цус хуралт, хөмсөг, сарвуунд няцарсан шарх, хацар, хамар, ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч О.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцож, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь хохирогчийн илтэд зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл бий болсон атал зөвхөн намайг танхайрч гэмт хэрэг үйлдсэн мэт шүүх үзэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгч намайг олон удаагийн үйлдлээр бусадтай маргадаг, хувийн байдал муу гэж тайлбарлан надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлгүй юм. Хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь нэг удаа ял шийтгэл оногдуулах зарчмыг үл харгалзан хувийн байдлыг үндэслэж шийдвэр гаргасан нь буруу юм. Миний зүгээс хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж оролцсон байдаг бөгөөд хохирогчийн зүгээс ч санал гомдолгүй байхад надад шүүх хүндрүүлж ял шийтгэл оногдуулсан. Миний бие хувиараа бизнес эрхэлдэг, мөн бариа засал, гэрээт байгууллагуудын маркетингийн ажлыг хийж гүйцэтгэдэг ажилтай. Хувиараа бизнес эрхэлж буй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял хамгийн хүнд бөгөөд хөдөлмөрлөх, мөнгө төгрөг олох нөхцөл байдлыг илтэд хязгаарласан үр дагавартай байдаг тул надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгох ялаар сольж өгнө үү. Учир нь миний бие ажил хөдөлмөр эрхлэхгүй бол бага насны хүүхэд, эхнэрээ тэжээх санхүүгийн эх үүсвэргүй болчих тул хүндэтгэх үзэх шалтгааныг минь харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан байна гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Учир нь, шүүгдэгч О.Б нь бизнес эрхэлдэг. Бариа заслын үйл ажиллагаа явуулдаг. Нийтэд тустай ажил хийлгэх ял нь ажил хийх боломжийг нь хязгаарлаж байх тул тухайн зүйл ангид заасан хамгийн бага торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Бы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилгод нийцэж байна гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч О.Б нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандухай” зочид буудлын гадна иргэн О.Ббагадаа дээрэлхдэг байсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагаан өшиглөж түүний биед үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгаралт, зулай, дух, зовхи, нүдний алим, сарвуу, уруул, чихний дэлбэнд цус хуралт, хөмсөг, сарвуунд няцарсан шарх, хацар, хамар, ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч О.Б “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хөх үүр” ресторанд очих үед ресейпшн дээр нь Булган гэх нутгийн зүс таних залуутай тааралдсан. Бид хэд бие биеэ хараад өө нэг нутгийнхан байна гээд нэг ширээн дээр сууцгаагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Архи ууж байх явцдаа манай найз Дашням болон Булган нар нь арван жилдээ ийм байсан тийм байсан гэж согтуурхаад, багын үл ойлголцож байсан асуудал, болж бүтэхгүй байснаа ярьж байгаад Булган нь гэнэт босож ирээд Дашнямыг цохиод авсан. Тэгээд эргэж харснаа, буцаад ширээнд суух үедээ миний шанаа руу гараа атгаж байгаад цохьсон. Тэр үед манай найз Дашням хойноос нь барьж аваад тэвэрсэн Ванчинхүү ах зүгээр байцгаа та нар гээд бид хэдийг салгасан. Маргалдаад байхаар нь би ресторанаас гараад явсан. Миний араас Дашням, Булган хоёр тамхилах гээд “Мандухай зочид” буудлын гадна гараад ирсэн. Булган гарч ирээд тамхи татаад зогсож байснаа за ёстой уучлаарай хөгшөөн 10 жилдээ маньдаа юм бодож санаж явдаг байсан бол манийгаа нэг цохьчих, дотор болсон асуудлыг бас мартъя гэхээр нь би шанаа руу нь нэг удаа цохьсон. Цохисны дараа болоогүй гэвэл дахиад нэг удаа цохьчихгүй юу даа гэхээр нь дахиад нэг удаа цохьтол, миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохьсон. Газарт унасны дараа дээрээс хөлөөрөө дэвссэн. Яг хэдэн удаа яаж цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Би “Тод дент” шүдний эмнэлэгт үзүүлж шинээр шүд хийлгэх гэсэн боловч 2-3 сарын хугацаанд буйлыг нь эдгэтэл эмчилгээ хийлгэх боломжгүй. Тийм учраас шүдний хэвийг авч урьдчилгаа болох 1.000.000 төгрөгийг дансаар өгсөн байгаа. Би шүд шинээр хийлгэх болон баримтуудтай холбоотойгоор нийтдээ 3.338.900 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /хх 5-8/,
гэрч М.Д“...Хөх үүр” ресторанд очих үед ресейпшн дээр нь Булган гэх зүс таних залуутай бид хэд тааралдсан. Бид хэд бие биеэ хараад өө нэг нутгийнхан байна гээд нэг ширээн дээр сууцгаагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Архи ууж байх явцдаа би Булгантай арван жилдээ ийм байсан тийм байсан гэж, багын үл ойлголцож байсан асуудал, болж бүтэхгүй байснаа ярьж байгаад маргалдсан байдаг. Гэтэл Булган нь гэнэт босож ирээд намайг халт цохьсон. Тэгээд эргэж харснаа, буцаад ширээнд суух үедээ Батболдыг гараа атгаж байгаад цохиод авсан. Тэр үед би Булганы хойноос барьж аваад тэвэрсэн, газарт унасан. Ванчинхүү ах уурлаад та нар зүгээр байцгаа бид хэдийг салгасан. Тэрнээс хойш нээх удалгүй Батболд гараад явсан. Би Булгантай хамт тамхилах гээд “Мандухай зочид” буудлын гадна гараад ирсэн. Булган гарч ирээд тамхи татаад зогсож байснаа, Батболдтой хоёулаа зогсож байгаад гэнэт зодолдоод унасан. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан. Салгасны дараа Батболд “Мандухай зочид” буудлын хашаанаас шууд гараад явсан, Зодуулаад босож ирэх үед хөмсөг нь сэтэрчихсэн, амнаас нь цус гарсан байдалтай харагдаж байсан. Миний биед учирсан хохирол байхгүй. ...” /хх 14/,
иргэний нэхэмжлэгч Б.Н“...Дээрх гэмт хэргийн улмаас О.Б нь 2022 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс 60.000 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 04/4293 дугаартай албан бичиг болон хохирогчоос дахин авсан мэдүүлэг авсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг О.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 10900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 45/,
шүүгдэгч О.Бы яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бодит учирсан хохирол байвал төлж барагдуулах болно. Тийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. ...” / хх 57/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11876 дугаар “...Батболдын биед үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, зулай, дух, зовхи, нүдний алим, сарвуу, уруул, чихний дэлбэнд цус хуралт, хөмсөг, сарвуунд няцарсан шарх, хацар, хамар, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...” /хх 19-20/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч О.Бы “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүгдэгч О.Быг хохирогч О.Б нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагаан өшиглөж түүний биед үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгаралт, зулай, дух, зовхи, нүдний алим, сарвуу, уруул, чихний дэлбэнд цус хуралт, хөмсөг, сарвуунд няцарсан шарх, хацар, хамар, ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “торгох эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөхийг” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 3-ын (b)-д эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын эрх зүйн тогтолцоонд заасан эрх бүхий бусад байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх...”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” эрхтэй гэж тус тус заажээ.
Эдгээр олон улсын гэрээ, ковенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.”, мөн зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж баталгаажуулан хуульчилсан байна.
Анхан шатны шүүх хохирогч О.Б үүдэн дээд зүүн 1 дүгээр шүд унасан, тухайн шүдэнд эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар хавтаст хэрэгт авагдсан рентген зураг /хх 31-32/, “Элит бридж” эмнэлэгийн /хх 30/ зардлын баримтаар нотлогдон тогтоогдсон байхад хэлэлцэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэх заалтад нийцээгүй байна.
Учир нь, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр О.Бы үйлдлийн улмаас хохирогч О.Б биед үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, зулай, дух, зовхи, нүдний алим, сарвуу, уруул, чихний дэлбэнд цус хуралт, хөмсөг, сарвуунд няцарсан шарх, хацар, хамар, ташаанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирч, шүд хийлгэх зайлшгүй мэс ажилбар хийх шаардлагатай болсон ба уг төлбөр нь 3.000.000 төгрөг болох нь /хх 30/ авагдсан нэхэмжлэхээр нотлогдсон байна. Иймд мэс ажилбараар үүдэн 1 дүгээр шүд хийх зардал 3.000.000 төгрөгийг шүүгдэгч О.Баас гаргуулан хохирогч О.Бод олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/927 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/927 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Баас 3.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Бод олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ