Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2018/0122/э |
Дугаар | 125 |
Огноо | 2018-01-31 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Болормаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 125
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч С.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч овогт Сэрээдарийн Цогжавхланд холбогдох 1708018930411 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Цнь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Сэцэнг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Цнь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Сэцэнг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч О.Сэцэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн найз Тэргэлийн хамт найз охин Энхүүшийнд ороход 3 охин 2 банди ууж идэж байсан. Цогжавхлан ширээн дээр багтахгүй байна, тийшээ суу гээд шалан дээр бүгд суугаад Тэргэл бид 2-ыг мөнгөн аяганд пиво дүүргэж өгөөд уу гээд уулгасан. Маргааш өглөө нь 14 цаг хүртэл унтаж байгаад Тэргэл бид 2 гарч явсан. Цогжавхлан бид гурав гарч пиво авч орж ирээд бүгдээрээ найзууд шиг ярьж сууж байгаад уусан. Цогжавхлан намайг пиво аваад өгчих гэхэд “би болохгүй мөнгө байгаа юм” гэж хэлэхэд, тэр гуйгаад байсан. Би дэлгүүр ороод 5 том пиво, тамхи аваад Энхүүшийнд авсан юмаа ууж дуусаж байхад Цогоо, Баагий 2-ын найз Төөгөө гэх залуу гаднаас ирсэн. Цогоо гэнэт миний нүүр лүү өшиглөж цохиулсандаа болж сэргэхэд ахин намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Хоёр нүд хөхөрсөн, мөн чих хөхөрсөн, сэтэрсэн, эрүүний яс цуурсан, хүзүү улаан эрээн болсон, нүүр битүү хавдсан байсан. Эмчилгээний зардалд 536.550 төгрөг өөрөөс гаргаж эмчилгээ хийлгэсэн. Энэ мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-8-9/
- гэрч Ж.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн:.. С.Цнь төлөв томоотой, даруухан тамхи татахгүй гэр бүлийн хүмүүжил сайтай айлын хүүхэд. Гэрийнхэндээ хүү маань би “танихгүй хүүхэд цохисон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-13/
- гэрч Ө.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн:.. Цогжавхлан жорлон орохдоо түүний мөрөн дээр гараараа дараад унтаж амар хөгшөөн гэж хэлээд жорлон орсон. Тэр намайг мөрөн дээр гараараа хүрсэн гэж бодон босож ирээд над руу дайрсан Цогжавхпан арагш нь түлхэх үед тэр шалан дээр бөгсөөрөө сууж байхыг нь харсан Цогжавхлан тэр үед Сэцэнгийн нүүрэн тус газар нь 2-3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-15/
- гэрч З.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн:..орой 19 цаг болж байхад гэртээ ирэхэд Цогоо, Баагий, Тэргэл Сэцэн нар пиво уугаад сууж байсан. Сэцэн согтуурхаад байсан. Зодоон болоод дууссаны дараа Сэцэнгийн аав нь ирчихсэн байхад “би гоё зодуулчихлаа” гээд согтуурхаад байсан....гэх мэдүүлэг /хх-18/
- гэрч Э.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад өгсөн:...Сэцэн хэвтэж байгаад босоод бид нартай юм ярьж байснаа Цогжавхлан тэр хоёр муудалцаад хэрэлдсэн. Цогжавхлан босоод Сэцэнг сууж байхад нь нүүрэн тус газар нь хоёроос гурван удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-21/,
- гэрч М.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн:...Цогжавхлан жорлон орж гарч ирээд унталдаа гээд Сэцэнгийн мөрөн дээр гараараа дараад хэлсэн. Тэгэхэд Сэцэн чи миний мөрөн дээр дардаг хэн бэ гээд босож ирээд заамдаад авсан. Цогоо тэр үед нь Сэцэнг арагш нь түлхэхэд шалан дээр бөгсөөрөө суугаад янз бүрийн юм яриад байсан. Цогоо, Сэцэнгийн цээж рүү 3-4 удаа өшиглөсөн. Сэцэнг Цогжавхлан маш хурдтай 3-4 удаа өшиглөсөн бид бүгд хараад сууж байсан, салгах боломж гараагүй...гэх мэдүүлэг /хх-31/,
- гэрч Н.Тэргэлийн мөрдөн байцаалтад өгсөн:... тэр хэдтэй нийлж шөнөжин ууж хоносон. Цогжавхлан, Сэцэн хоёр согтсон байсан. Гэнэт юунаас болсныг мэдэхгүй байна. Цогжавхлан Сэцэнг эхлээд гараараа нэг удаа нүүр тус газар нь цохиод, дараа нь цээж рүү 3-4 өшиглөж унагасан. Сэцэнг Цогжавхлан эхлээд гараараа нүүр лүү цохиж дараа нь цээж рүү 3-4 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-33/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12664 дугаартай шинжээчийн:...О.Сэцэнгийн биед доод эрүүний их биеийн зөрүүгүй хугарал ба зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн чихний ар хэсэг, цээж, нурууны цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Доод эрүүний их биеийн зөрүүгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь дээрх журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-36/
- шүүгдэгч С.Цогжавхлангийн мөрдөн байцаалтад өгсөн:... Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Хулангийнд Сэцэн түүний найз Тэргэл Энхүүш, Алтанзул нарын хамт пиво уугаад сууж байсан. Сэцэн, Тэргэл бид гурав ууж байхад гаднаас манай 10 жилийн сургуулийн найз Баттогтох Хулангийнд ирсэн ба Баттогтох, Сэцэн, Тэргэл бид дөрөв гараад дэлгүүр орж 2.5 литрийн нийслэл пиво авч эргэж орж ирээд түүнийг бид дөрөв хувааж уусан. Би 00-ын өрөө рүү ороод эргэж гарч ирэхэд Сэцэн сууж байхаар мөрөн дээр гараараа хүрээд одоо унт өглөө хичээлтэй гэхэд надтай андуурч өмнөө сууж байсан Баттогтохтой муудалцаад. Тэр хоёр хэрэлдэж эхлэх үед би тэр хоёрын дундуур ороод боль боль гээд салгасан. Сэцэн эргэж газар суух үед би босож очоод Сэцэнг 3-4 удаа нүүр лүү өшиглөсөн. Гараараа зодоогүй. Сэцэнгийн нэхэмжилсэн хохирлын 536.550 төгрөгийн хохирлыг удахгүй төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-41-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С.Цогжавхланг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь хохиролд 536.550 төгрөг /х-52-56/ нэхэмжилснээс шүүгдэгч төлсөн байх тул бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Цогжавхланг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цогжавхланг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Цнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, болохыг тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цогжавхланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР